Форумын эхний өдөр 1.16 тэрбум рублийн 11 гэрээ үзэглэлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулган өчигдөр тус улсын Владивосток хотноо эхэллээ. Чуулган хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр өндөрлөх юм.

Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын төр, засгийн тэргүүнүүд,  дэлхийн 15 орны 3000 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Харин  Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг зэрэг албаны хүмүүс болон бизнесийн 70 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга форумын хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Оросын бизнес уулзалтад оролцсон талаар ОХУ-ын хэвлэлүүд онцоллоо. Энэ үеэр тэрбээр “Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шилжилтийн үеэс ганзагын худалдаачнаас үйлдвэрийн захирал хүртэлх замыг туулахдаа Оросын бизнес эрхлэгчидтэй нягт хамтарч ажиллаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-д гурван удаа сонгогдож, Засгийн газарт хоёр удаа сайдаар томилогдон ажилласан. Би Засгийн газрын гишүүнээр ажилласан хугацаандаа ХАА, дэд бүтцийн салбарт нэлээд анхаарч, судалгаа хийж  ажилласан юм.

Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-тай хамтарч байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьсныг бид мэднэ. Энд судалгааг зөв хийж, боловсон хүчнийг цогцоор нь бэлтгэснээр одоо хүртэл Монгол Улсын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байгаа юм.

Үүнтэй адилханаар Монголын говьд, Дорноговь аймгийн төв Сайншандад Эрдэнэттэй тэнцэхүйц аж ахуй байгуулъя гэсэн ирмүүн хүслээр их хэмжээний судалгаа хийснээсээ бас танилцуулъя гэсэн бодолтой байна.Энэ юу вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ бид түүхийгээр нь экспортолдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг арвин туршлагаа Эрдэнэттэй зүйрлэн барьж байгуулъя гэсэн санаа дэвшүүлж байгаа” хэмээн ярьжээ.

1990 - 2016 онуудад Монгол Улсад нийт 18.9 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн бол үүний ердөө 2.15 хувь буюу 407 сая ам.долларыг ОХУ-аас хийгджээ. ОХУ  Монгол Улсад хийгдсэн энэхүү хөрөнгө оруулалтынхаа  дийлэнх буюу 45 орчим хувийг тээврийн салбарт, 36 хувийг  нь уул уурхайн салбарт оруулсан байна.

Манай хоёр орны худалдааны нийт эргэлт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 559.32 сая ам.доллар бөгөөд үүнээс экспорт 27.13 сая ам.доллар, импорт 532.18 сая ам.доллар байна. ОХУ-ын тухайд Дорнын эдийн засгийн форумын эхний өдөр 1.16 их наяд рублийн 11 гэрээг үзэглэжээ. Энэ талаар “РИА новости”-д  ОХУ-ын Шадар сайд Юрий Трутнев мэдээлсэн байна. Тэрбээр “Бид өнөөдөр 1.16 тэрбум рублийн 11 гэрээ, хэлэлцээрийг үзэглэнэ. Төсөл, хөтөлбөр бүр амжилттай хэрэгжихэд ОХУ-ын Засгийн газраас бүхий л хүчээ дайчлан ажиллана” гэжээ.



Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай чуулганы үеэр уулзахаар өмнө нь тохирсон билээ. Тодруулбал, Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай хоёр улсын төрийн тэргүүн уулзаж, Дорнын эдийн засгийн чуулганы үеэр илүү дэлгэрэнгүй яриа хэлэлцээр өрнүүлэхээр тохирсон юм. Тэгвэл Ерөнхийлөгч форумын эхний өдөр ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзсангүй. Тэрбээр төрийн тэргүүний төвшний уулзалтаа гуравдагч хөрш гэгддэг Японоос эхэлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан аж. Уулзалтын үеэр Ш.Абэ “Х.Баттулга таныг Монгол Улсын ерөнхийлөгч болсонд туйлын баяртай байна.

Монгол Улсыг дипломат харилцааны чухал түнш гэж үзэж байна. Иймээс цаашид тантай дахин уулзаж хамтарч ажиллахдаа таатай байх болно” гэдгийг тодотгосон байна. Үүний дараа БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Интэй уулзлаа. Харин өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцох аж. Энэ үеэр Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурна гэх мэдээлэл байгаа ч, хараахан батлагдаагүй байгаа юм.
 

ОХУ 1.2 их наяд рублийн 32 гэрээ, хэлэлцээр үзэглэхээр төлөвлөж байна

 

Өнгөрсөн жилийн хоёр дахь удаагийн Дорнын эдийн засгийн чуулган ОХУ-ын алс дорнодыг хөгжүүлэхэд чиглэж байсан билээ. Тэгвэл энэ жилийн чуулган зам тээвэр, мод бэлтгэл, алт алмаз олборлолт, загас агнуур гэх мэт эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.

Мөн өмнөд форумуудын нэгэн адил ОХУ-Энэтхэг, АСЕАН, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын хооронд ОХУ-ын алс дорнодын гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах таван төрлийн бизнес уулзалтыг зохион байгуулах юм байна.

Уулзалтаар хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилгын материал, хүний нөөц, ашигт малтмалын боловсруулалт, уул уурхай зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулалтын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Оросын алс хязгаарын тухайд жил бүр гадны хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлэх механизмыг хөгжүүлж ирсэн байдаг. Зөвхөн сүүлийн гурван жилд гэхэд 2.2 их наяд рублийн хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд үүний 1.4 их наяд рублийг тухайн бүс нутгийг хөгжүүлэх 17 тэргүүлэх салбарын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Өнгөрсөн жилийн хувьд тус эдийн засгийн чуулганаар 1.85 их наяд рублийн 216 гэрээ хэлэлцээрийг үзэглэсэн байдаг. Харин энэ онд 1.2 их наяд рублийн 32 гэрээ хэл­цэлийг оролцогч талуудад танил­цуулахаар төлөвлөж байгаа аж.



Урлаг соёлын үйл ажиллагаа ч багтаж байна


Алс Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр урлаг соёлын хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Чуулганд оролцож буй 3000 орчим төрийн тэргүүн бизнесийн салбарын төлөөллүүд Алс Дорнодын холбооны их сургуулийн боловсрол шинжлэх ухааны музей, Приморийн галлерей, “Приморский”-ын музей зэрэг байгууллагуудад болох үзэс­гэлэнтэй танилцахын зэрэгцээ өөрсдөө оролцохоор болжээ.

Тус үзэсгэлэнд манай улсаас үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК, АПУ ХК форумын үзэсгэлэнд оролцон бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Мөн чуулганы өдрүүдэд Санкт-Петербургийн театрын орон нутаг дахь салбар “Seaside Mariinsky” театрын урын сангаас үзэж сонирхох боломжтой юм. Үүнээс гадна ОХУ-ын хөгжмийн зохиолч Юрий Башмет “Soloists of Moscow” чуулгын уран бүтээлчдийн тоглолт, “Нойрсож буй гүнж” баллетыг тоглох ажээ.

Харин өнөөдөр Энэтхэгийн “Indian Ocean” жазз хамтлагийн шоу тоглолт болохоор төлөвлөгдсөн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • за 2017-09-07 19:49:36
    үзэглэх гэж монгол үг байдаг юм уу, харандаалах гэж бас ярих нээ
  • зочин 2017-09-07 04:12:54
    Хамаагүй юм ярьж гадаад харилцаанд алдаа битгий гаргаасай л гэж хүсэж байна, өөр хүлээх юм байхгүй байх аа, энэ Баттулга -аас
  • mongol 2017-09-07 03:21:51
    neg l ix ineesen xun baix yum ezengyi bolson uls ornoo bodoj baugaa l baixdaa