Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-нд дуусна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Нийтийн биеийн тамир спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84, магистрал шугамуудын засвар 95 хувьтай байгаа. Инженерийн хангамжийн байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг 8 байгууллагын өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай,  нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд буюу Авто замын хөгжлийн газар,  Тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хот тохижилтын газар зэргийн бэлтгэл 81 хувьтай байна. Дүүргүүдийн хувьд мөн 80 гаруй хувьтай байгаа. Цас мөсний халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх элс, давс тусгай зориулалтын бодисын татан авалт, нөөцлөлт 86 хувьтай байна. Төсөвлөгдсөн санхүүжилтийн дагуу нийтдээ давс 1900, тусгай зориулалтын бодис 1700 гаруй тоннын нөөцтэйгөөр энэ өвлийг давахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө Улаанбаатар хотын дулааны эх үүсвэр, инженерийн байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15 гэхэд  бүрэн  дуусна.

Хүндэрч, аваарын нөхцөлд орж болзошгүй шугам сүлжээг маш сайтар судалж Засаг даргын нөөц хөрөнгөөр засвар үйлчилгээг хийж байгаа учраас энэ өвөл иргэдийн санал гомдол харьцангуй багасч, иргэд тав тухтай өвөлжин гэдэгт найдаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хуралдааны төгсгөлд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, инженер хангамжийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.