Эмэгтэй гишүүдийнхээ эр зоригийг магтан дуулъя

Эмэгтэй хүн, эр зориг хэмээх хоёр үг хорших боломжгүй гэж хэн нэгэн нь хэлж магадгүй юм. Гэвч чухам эмэгтэй гишүүдийн зарчимч байр суурь, эр зоригийн ачаар л “60 тэрбум”-ын бүлэглэлийн засгийн газрыг огцруулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар улайран нам найрч, сэм хуйвалдсан цөөврүүдийн армийг зогсоолоо.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар зарчимтай төрсөн Өүлэн эхийн удам, бахархан дуурайм Их хатдынхаа хойч үе гэдгээ илтгэн харуулж чадсаныг энд хэлье.

Тэд хоёулаа сэтгүүлзүйн гал тогооноос улс төрд хөл тавьсан төрийн түшээд. Тийм ээ. Сэтгүүлчийн эр зориг Улс төрчийн эр зориг болон хувирч чаддаг. Сэтгүүлчийн ёс зүй Улстөрчийн ёс зүй болон үлгэрлэж чаддаг юм байна. Бахархаж байна, та нараараа!

Төрийн эрх барих дээд байгууллагад шийдвэр гаргах үүргээ биелүүлэхдээ Монгол Улсынхаа ашиг сонирхлыг, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадлаа. 60 тэрбумын бүлэглэл, улсаа худалдахыг санаархсан авлигачдын эсрэг зогсож чадлаа. Өндөр ёс зүйтэй, зарчимтай түшээд болохоо нотлон харууллаа. Тэд бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар юм.

“Монгол түмний заяа өндөр” хэмээх үг хоосонгүй аж. Үе үеийн эмэгтэй түшээд маань улс орны амин чухал асуудал дээр хатуу байр суурь баримталж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийн төлөө үгээ хэлж, үлгэрлэн тэмцэж ирсэн. Нийгмийн олон асуудлын төлөө зоригтой дуугарч, парламентаар авч хэлэлцэх тухай төсөөлдөг ч үгүй байсан асуудлуудыг хэлэлцүүлэн шийдүүлж, нийгмийн амьдралд гэрэл гэгээ тусгаж ирсэн эмэгтэй гишүүдийн маань нандин сайхан уламжлал бий билээ. Тэдний маань үргэлжлэл энэ парламентад ч бас байна гэдгийг харуулж чадсан Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нарын гишүүдээрээ үнэхээр их бахархаж байна.

Энэ парламентын эмэгтэй гишүүдийн нэгэн хэвийн өнгө төрхийг зад татан эвдэж, эмэгтэй гишүүд зоригтой, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хатуу зогсож чаддаг гэдгийг нотлон харуулсан Та хоёртоо баярлалаа. Ядарч зүдэрсэн ард иргэд чинь эцсийн ганц найдлагаа эмэгтэй гишүүддээ л тавьж явдаг юм шүү гэдгийг санаж яваарай.

Та хоёрыг өөр олон сорилт хүлээж буй. Тэр бүхэнд хөл алдалгүй бат зогсож, ард чинь итгэл тээн харж суугаа жирийн иргэдээ, эмэгтэйчүүдээ, охид бүсгүйчүүдээ, өвгөд эмгэдээ сэтгэлдээ бодон байж шийдвэрээ гаргаж байгаарай. Итгэж байна та хоёрт.

Өнөөгийн хүрсэн өндөрлөгтөө хатуу зогсоорой. Түмнийхээ төлөө, төр улсынхаа төлөө хэцүү бэрхээс бүү халшраарай. Сэтгүүлчийн эр зоригоо улстөрчийн эр зориг болгон түмнийхээ төлөө зүтгэх эрмэлзлэлтэй бүхэл бүтэн арми ард чинь байна. Сэтгүүлчдэд итгэх хэмжүүр, итгэл сэтгэлийн түүчээ нь болж яваарай.

60 тэрбумын мөсөн уулыг бут цохиход хүч нэмсэн Эмэгтэй гишүүдийнхээ эр зоригийг магтан дуулъя.

Д.Дөлгөөн
WWW.ZINDAA.MN

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.