НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга айлчилж байна

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар 13-14-ны энэ өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм айлчилж байна. Ноён Эрик Солхейм болон түүний багийнхантай БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан яамны төлөөлөл өчигдөр уулзсан юм. Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ноён Эрик Солхеймд Монгол орны байгаль орчны салбарын талаар танилцуулж, агаар, орчны бохирдолын асуудалд технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, бусад улс орнуудын тэргүүн туршлагаас судлан өөрийн онцлогт тохируулан ажиллах, түүнчлэн энэ асуудлын хүрээнд төр хувийн хэвшил, иргэд гэх мэтчилэн оролцогч бүхий л талуудын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх асуудлуудаар санал солилцлоо.

Үүний үр дүнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол Улс нэгдэхээр боллоо. Энэхүү аянд Монгол Улс нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй бүхий л улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм.   НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсын Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсаныг сайшаагаад цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаа. Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж буй эрдэмтэн судлаач, ААН-үүдийн төсөл хөтөлбөрүүдийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа. Мөн байгальд ээлтэй технологийг хэрэглэх хүсэлтэй иргэдэд ч энэ сангаас хүү багатай, урт хугацаатай зээл олгохоор төлөвлөсөн. Ногоон зээлийн сангийн маань эхний шатны санхүүжилтийн цөм 20 сая долларыг  Уур амьсгалын ногоон сангаас гаргаж , Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийт 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн. Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн төлөө эхлүүлсэн томоохон ажлуудын илрэл юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.