Монголын спинингийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор Болгарыг зорив
Өнөөдөр Монголын спинингийн шигшээ багийнхан маань энэ сарын 15-18-ны хооронд зохион байгуулагдах  Эрэг дээрээс хйимэл өгөөшөөр махчин загас барих ДАШТ-д оролцохоор Болгар улсыг зорьлоо. 4 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багийн ахлагчаар “Nomads fishing” клубын Г.Бат, гишүүдээр тус клубын гишүүн Н.Чинбат, Н.Ариунбаяр, Г.Ган-Эрдэнэ нар явж байгаа юм байна.
Баг тамирчдыг тэмцээнд үдэн гаргаж байгаа Монголын загасчлалын спортын холбооны дэд ерөнхийлөгч А.Мөнгөнхуягтай таарч ярилцлаа.
Монгол орноо төлөөлж оролцох баг ямар шалгуураар тодруулсан бэ? Өмнө нь манай улсаас баг тамирчид оролцож байсан уу?
Тус клуб нь Монголын загасчилалын спортын холбоог төлөөлж байгааг хариуцлагатайгаар хэлэхэд спиннингийн төрөлд монголд хамгийн сайн клуб юм. Энэ баг дан нэг клубийнхнээс бүрдсэн ба энэ нь санамсаргүй ч зүйл биш юм. 2013 оны 6-р сард болсон Монголын спиннингийн сэртэнгүй дэгээгээр загасчилсан хамгийн анхны тэмцээн болох “Рапала цом” тэмцээнээс шигшиж авсан баг юм байна. Тус тэмцээнд Г.Ган-Эрдэнэ 2-р байр, Н.Чинбат 4-р байрт шалгарч байсан. Харин 1-р байрт орсон тамирчин Цолмон нь одоогоор франц улсад эмчилгээнд явсан учраас багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй. Багийн ахлагч Г.Бат клубын менежерийн үүрэг гүйцэтгэдэг. Хөл нь хүнд гэмтэлтэй ч ДАШТ-д оролцохоор эр зориг гарган Монгол улсаа төлөөлөн явж байгаа юм байна.
Тэмцээний дүрэм болон онцлогийг тодорхойлж өгнө үү?
ДАШ тэмцээний нэр нь Эрэг дээрээс хиймэл өгөөшөөр загасчилах тэмцээн. Өөрөөр хэлбэл, эрэг дээрээс спиннингээр загасчилах спортын төрөл юм. Махчин загас барина. Хиймэл өгөөшийн хувьд воблер, эргэлддэг халбага буюу спиннер, силикон эсвэл резин өгөөштэй жигээр загасчилна. Харин байгалийн өгөөш хэрэглэхгүй. Өгөөш нь 3 хүртэлх тооны гурвалсан дэгээ хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд дэгээний сэртэнг дарсан байх ёстой.
Тэмцээний хувьд 45 минутаар 2 үе үргэлжилнэ гэж байсан. Монголчуудын хувьд шинэ тэмцээн, шинэ орчинд уулын ширүүн урсгалт голд манайд байдаггүй хүрэн хулд загасыг спиннингээр барьж байгаагаараа нэлээн онцлогтой.
Тэмцээн болж байгаа улсын хувьд байгаль орчин, гол мөрний нөхцөл нь манайхаас хэр ялгаатай вэ?
Тамирчид маань тэмцээн болох газрын талаарх мэдээллийг эртнээс авсан. Болгарын уулын ширүүн урсгалтай гол нь битүү харгиатай том том чулуутай, ойролцоогоор 1,5 - 2 м гүнтэй цүнхээлүүдтэй юм байна. Болгар улсад жил бүр Trout Union Cup буюу Хулд загас барих цомын тэмцээн болдог. Манай баг тус тэмцээний бичлэгүүдийг үзэж судласан бөгөөд тухайн нутгийн гол устай ойролцоо орчинд бэлтгэл хийхийг зорьсон.
Тамирчид маань бэлтгэл хэр хангасан бэ?
Бэлтгэл хийх хугацаа маш хангалттгүй байлаа. Учир нь голын мөс энэ жил оройтож хайлсан нь хуулиар загасчлах хориотой үетэй яг таарсан. Тиймээс загас жараахайнд явахгүй байж байгаад Монголын загасчлалын спортын холбооноос ССАЖЯ-аар дамжуулан БОНХЯ руу албан хүсэлт илгээлгээд БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас зөвшөөрөл авч, спиннингийн баг маань нэг л удаа Хэрлэн гол руу нэгдсэн бэлтгэлд гарсан. Бэлтгэлийн хувьд манай монгол орны загас нь харьцангуй онгон зэрлэг талдаа учраас баригдах нь илүүтэй хялбар байдаг гэж би боддог. Тухайн тэмцээн болох газрын хүрэн хулд загас мэдээж хашир өөр байгаа. Ер нь уулын ширүүн урсгалтай гүехэн устай голд воблер, хиймэл өгөөш шидэж тоглуулахад хүндрэлтэй. Учир нь хад чулуу ихтэй, хаданд өгөөшөө тээглүүлэхгүй байхаас гадна ёроолоос хэтэрхий дээгүүр тоглуулбал загас сонирхохгүй байх талтай. Тиймээс гарын нарийн мэдрэмжээр зөв гүнд өгөөшний гурван салаа дэгээнүүдийг хад чулуунд тээглүүлэхгүйгээр тоглуулах хэрэг гарна. За тэгээд чамгүй авьяас шаардсан тэмцээн болно байх. Сэртэнгүй дэгээгээр загасчилж байгаа учраас загас татаж байхад алдах магадлал ихтэй. Ялангуяа хүрэн хулд загас нь өөрөө маш их идэвхитэй, хурдан шаламгай тул татаж гаргах явцад мултарч байгаа явдал бичлэгнээс их харагдаж байсан. Дээр нь манай спиннингээр загасчилж байгаа загасчид газардуулагч тор (landing net, сачок) бараг хэрэглэдэгггүй ихэвчилэн хайргадуулаад татаж авдаг бол тэмцээний үед загасыг гараар барихыг хориглож, газардуулагч торыг зайлшгүй ашигладаг. Тиймээс нэг гартаа уургаа, нөгөө гартаа газардуулагч торыг барих дадлага бас хийх хэрэгтэй болно.
Тамирчид маань ямар загасчиллын хэрэгслүүд ашиглах вэ?
Энэ баг техник хэрэгслийн хувьд хүн тус бүр 2-3 уургатай. Уурганы чадлын хувьд хөнгөн эсвэл хөнгөн/дунд гэсэн ангиллын уургууд авч явж байгаа. Үйлдэл нь fast action-тай учир воблеруудыг зөв тоглуулах боломжтой. Утасны хувьд нарийвтар ердийн нейлон утсууд ашиглана. Голын ус нь гүехэн тул флуорокарбон утас ашиглахгүй. Спиннерийн хувьд bluefox, mepps-ийн 0, 1, 2 номерийн эргэлддэг халбагануудаар, воблерийн хувьд Rapala, мөн Японы Duo зэрэг брэндийн олон өнгөний сонголттой воблеруудаар зэвсэглэсэн байгаа. Тэмцээний богинохон хугацаанд тухайн нөхцөл байдалд тааруулан өгөөшөө зөв сонгон ашиглах нь их чухал байх болно. Тэмцээний өдрүүдэд загасчиллын хэрэгслийн үзэсгэлэн гарах байх. Баг тамирчид мөн тэндээс нэмж сонголт хийх байх.
Тэмцээнийг хаанаас зохион байгуулж байгаа болон хэднээс хэдний хооронд үргэлжилэх вэ?
Тэмцээнийг Олон улсын цэнгэг усанд загасчилах спортын холбоо,  Болгарын загасчилалын спортын холбоо хамтран 5-р сарын 15, 16, 17, 18-ны өдрүүдэд Болгарын Асеновград хотын орчимд Чаяа гол дээр зохион байгуулж байгаа.
Визний тал дээр хүндрэл байв уу?
Манай багийн хувьд Болгарын виза авахад хүндрэлтай байсан. Биеэр БНХАУ-ын Бээжин хотод байрлах Болгарын ЭСЯ-нд очиж мэдүүлж авсан. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс манай багт анхны “ази царайтай” баг гээд маш талархалтай хандаж байгаа. Миний хувьд эндээс тэмцээнийг зохион байгуулагчид, ОУЦУЗСХ-ны хариуцаж байгаа албаны хүн рүү анх удаа оролцож байгаа манай багт ямар нэг хүндрэлтэй асуудал гарвал туслаарай гэж хүсч захидал бичнэ.
Тэмцээнд оролцох санхүүжилтийг яаж шийдвэрлэв? Дэмжиж ажиллаж байгаа байгууллагууд байна уу?
Багийн хувьд тамирчид маань хувиасаа зардлаа гарган оролцож байгаа. Загасчиллын спорт маань байгаль орчинтой харьцдаг, аялал жуулчилалтай ч холбоотой онцлог спортын төрөл юм. МЗСХ маань өөрөө шинэ тутам байгуулагдсан холбоо бөгөөд ССАЖЯ-тай хамтран ажилладаг. Тэд санхүүгийн хувьд биш ч бодлогын хувьд дэмжиж ажиллаж байгаа. БОНХЯ-наас энэ жил бэлтгэл хийх боломжоор хангасанд баярлаж байгаа. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Ононд холбооны зүгээс маш их талархаж байна. Тэднээс загасчиллын хориотой үеэр нэн ховор болон ховор  загаснаас бусад төрлийн загасыг сэртэнгүй дэгээгээр бариад голд нь буцааж тавих болзолтойгоор туршилт судалгаа хийх зөвшөөрөл олгосон.
Ойрын хугацаанд өөр тэмцээнд манай улсаас оролцох уу?
Энэ тэмцээнээс гадна 8 хоногийн дараа холбооны флай фишингийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг Чех улсыг зорих гэж байна. Энэ багт мөн тэмцээний бэлтгэл-туршилт хийх зөвшөөрөл олгосон. Флай фишингийн ДАШТ-д миний биеэс гадна МЗСХ-ны ЕНБД Г.Чинзориг, МЗСХ-ы УЗ-ийн гишүүн У.Баатар нар явна. Тэмцээнд оролцохоос гадна тэмцээний дараа болох дэлхийн хамгийн шилдэг флайчид хамрагддаг “Чех ба франц нимфний нууцууд” мастер класс сургалтанд сууна. Тэнд дэлхийн аваргууд, дэлхийд флай фишингийн хөгжлөөрөө 1-рт байдаг Чехийн шигшээ багийн болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчид заах гэж байгаад ихэд олзуурхаж байгаа. Нийтдээ Чех улсад бүтэн сарыг өнгөрөөнө гэж байгаа .
Олон улсын тэмцээнд оролцохын ашиг тус юунд байна вэ?
Бид загасчлалын спортын ДАШ тэмцээнүүдэд оролцсоноороо Монгол орноо, байгалиа, загасаа дэлхийн улс орнуудын сая сая загасчдын дунд таниулж байгаа хэрэг юм. Түүгээр дамжиж тусгай чиглэлийн аялал жуулчлал болох загасчиллын аялал жуулчлалаа сурталчилна. Энэ ярилцлагыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл,  БОНХ-ийн сайд С.Оюун нарын чихэнд хүрээсэй гэж онцлон хүсч байна.
Манай улсад одоогоор загасчиллын чиглэлээр 10-аад улсын бүртгэлтэй холбоодоос гадна нэлээн олон тооны клубууд байдаг. Тэд бүгд зүй зохистой загасчиллыг хөгжүүлэх, хүрээлэн буй орчноо хамгаалахын төлөө санаачлагатай ажилладаг. Загасчиллын спортыг сонирхогчид л өнөөдөр зүй бус загасчилал (хууль бус аргаар загасчлах, олноор хядах), гол ус, байгаль орчинтой зүй бусаар харилцаж байгаатай хэл ам, цахим хэлбэрээр тэмцэж байгаа. Төр, яамдаас байгаль хамгаалах тал дээр төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, тэдний хүчийг ашиглавал илүү үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна. Монгол орноо төлөөлөн дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа багийн хамт олондоо амжилт хүсье.
Ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus