Нууцлаг тэрбумтан буюу коммунистуудын хүү яаж Билл Гейтсээс илүү баян болсон бэ

Тэрбумтнуудын олимпийн оргилд халаа сэлгээ гарчээ. “Microsoft”-ыг үндэслэгч Билл Гейтс олон жилийн дараа анх удаа хоёрдугаар байрт бичигдэж, Zara-гийн загварын эзэнт гүрнийг үндэслэгч, 81 настай испани эр Амансио Ортега Гаона дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэв. Түүний хөрөнгө 100 тэрбум ам.доллараас давжээ. Испанийн загварын хүн зөвхөн Билл Гейтсийг гүйцээд зогссонгүй Amazon-ыг үндэслэгч Жефф Безос, Арабын шейхүүд болон Хятадын шинэ баячуудыг ч гүйцэж байна. Манай гарагийн хамгийн нууцлаг, оньсого мэт тэрбумтны амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Life”-д ийнхүү бичжээ.

Zara, Pull&Bear, Bershka, Massimo Dutti зэрэг брэндүүдийн сая сая шүтэн бишрэгчдээс Амансио Ортега Гаона хэмээх эрхмийн нэрийг дуулсан нь тун цөөн биз ээ. Уг нь тэд л Ортегаг дэлхийн 80 гаруй орныг хамарсан загварын эзэнт гүрнийг үндэслэгч, дэлхийн хамгийн баян хүн болгосон билээ. Загварын ертөнцийн туршлагатай мундгууд хүртэл Ортега гэж нөхөр байдгийг ердөө 15 жилийн өмнөөс мэддэг болсон гэхээр Амансио Ортегагийн зарчим нь баялгийг алдар нэрийн төлөө олоогүй нь илт. Тиймээс ч тэр хэвлэл мэдээллийнхэнтэй харьцах, дээдсийн арга хэмжээнд ч оролцох дургүй. Тэр ч бүү хэл хатан хааны гэр бүлийн хүлээн авалтад завгүй гээд очихоос татгалздаг байна.
 

Дуугүй байх хууль

 

Амансио Ортега Гаона 1936 оны гуравдугаар сарын 28-нд Испанийн Леон мужийн Буздонго-де-Арбас хэмээх бяцхан хотод төржээ. Тэрбээр Антонио Ортега Родригес, Жозефина Гаона Эрнандес нарын дөрөв дэх буюу отгон хүүхэд нь юм. Аав нь орон нутгийн төмөр замын өртөөний дарга, Бүгд найрамдах зүүний намын идэвхтэн байв.

Хүүг төрсөн 1936 онд Испанид иргэний дайн дэгдэж, өөртөө засах улс болохыг аль эртнээс мөрөөдөж байсан Леон муж босогч коммунистуудын талд бүрэн оржээ. Ингээд тусгаар тогтнол, Испанийн мужуудаас тусгаарлахыг зарласан Астурия, Леоны Тусгаар тогтносон зөвлөл гэгч байгуулагдав. Энд Антонио Ортега Астурия, Леоны Засгийн газрын бүрэлдэхүүнд Суртал ухуулгын сайдаар оржээ.

Бослогыг генерал Франкогийн дайчид цус урсган дарсан юм Астуриягийн яргачин хочит генерал Лопес Очоагийн Африкийн колониос авч ирсэн дивизийн цэргүүд жижиг хотуудыг эзлэн авч, өлгийтэй балчраас өвгөд хүртэлх бүх эрэгтэйг нь хайр найргүй устгаж, охид, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байв. Испанийн сэтгүүлч Хуан Симеон Видартын бичсэнээр тэр жилүүдэд Африкийн цэргүүдийн дунд олзлогдсон коммунист цэргүүдийнхээ чих, бэлэг эрхтнийг огтолж, түүгээрээ зүүлт хийж зүүдэг моод дэлгэрсэн байсан гэнэ. Ийнхүү Испанийн олон жижиг хотыг бүрэн цэвэрлэсний дараа Буздонгоос холгүйхэн орших Vega la Mosa зэрэг жижигхэн хот тус улсын газрын зургаас бүрэн арчигдаж үгүй болсон юм.

Астурия, Леоны Тусгаар тогтносон зөвлөл бут ниргүүлж, Франкогийн дарангуйлал тогтсоны дараа олон коммунистууд улс орноосоо дүрвэхээс өөр аргагүй болжээ. Харин Антонио Ортега тус улсын баруун хэсэгт орших Толоса хэмээх жижиг хотод нуугдаж иржээ. Энэ үеэс л Антонио хүүхдүүддээ ямар ч үед амаа хамхиж байх хэрэгтэй, хамаагүй хүнд илүү үг цухуйлгаж болохгүй гэдэг хатуу хууль тогтоож өгчээ. Эцгийнхээ энэ хуулийг Амансио Ортега бүхий л амьдралынхаа туршид дагаж мөрдөж яваа гэхэд болно.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа генерал Франко аллага, Испанийн коммунистуудыг мөрдөж мөшгөхөө зогсоосны дараа Антонио Ортега Толосагаас эх газарт эргэн ирэхээр шийджээ. Ингээд гэр бүлийнхнээ дагуулан Атлантын далайн эрэг дагуух Ла-Корунья хэмээх боомт хотод нүүж ирсэн байна. Антонио энд ирээд төмөр замын депоп энгийн ажилчнаар орсон бол Жозефина зочид буудлын энгийн нэгэн үйлчлэгч болж, том хүүхдүүд болох Пепита, Хосефа хэмээх хоёр охин, Антонио хүү нь хөрөнгөтөн үйлчлүүлэгчдэд эрчүүдийн захтай цамц захиалгаар оёдог оёдлын үйлдвэрт түгээгчээр ажиллах болжээ. Харин Амансио хүү 13 настайдаа ах, эгч нар дээрээ нэгдэж, ажилд оржээ.



Усны хувцасны мастер


Амансиог хөлсөөр ажиллуулсан анхны хүн болох тухайн оёдлын үйлдвэрийн эзэн нэгэн удаа эцэгт нь “Энэ оёдолчин болохгүй ээ. Оёдолчин хүн хөнгөн, нийтэч байх ёстой. Оёдолчин хүн үйлчүүлэгчдээ таалагдах ёстой” хэмээн хэлж.

Гэвч Амансио хүү орон нутгийн оёдолчны зааврыг дагахыг хичээсэнгүй. Зөрүүд, хаалттай, дуугүй хүү дуу шуу ихтэй, чалчаа энгийн испани хүүхдүүдээс ондоо нэгэн байв. Тэрбээр эелдэг, инээмсэглэсэн ноёд тэдний өмнөх байдлыг мэдчихвэл гэр бүл, өөрсдөөр нь оролдоно гэсэн аавынхаа захиасыг дэндүү сайн санаж байв.

Тиймээс Амансио дуугүй байхыг илүүд үзжээ. Тэр нэг л удаа эртний анд Ксавье Бланкод хүүхэд насныхаа он жилүүдэд учирсан таагүй явдлаа ярьсан ярилцлага өгсөн байдаг. “Нэгэн удаа бид ээжтэйгээ гэр рүүгээ харихаар явж байхдаа замаараа нэгэн мухлаг руу орсон юм. Ээжид маань талх, сүү авах мөнгө байгаагүй болохоор эзнээс нь зээлээр өгөхийг гуйлаа. Гэтэл уурлаж хилэгнэсэн эзэн биднийг босго давуулаад л хөөчихөж билээ. Би амьдралдаа дахиж хэзээ ч ийм их уур хилэгнэл, гомдлыг мэдэрч байгаагүй юм шүү. Тэгээд ч би их мөнгө олж, гэр бүлээ хэзээ ч юмаар дутаахгүй гэж өөртөө амласан” хэмээн ярьжээ.

Хүү 15 настайдаа сургуулиа хаяж, La Maja хэмээх дэлгүүрийн худалдагчаар ажилд оржээ. Энд л тэр өөрийн бизнес түнш, анхны эхнэр нь болсон Росалия Мера Гойнечеатай танилцсан байна.

1960 онд 24 настай Амансио хувцасны нэгэн дэлгүүрийн менежер болов. Ингээд гурван жил хангалттай хэмжээний мөнгө цуглуулаад анхны фирм болох Confecciones GOA-гаа нээжээ. Эхнэрийнхээ зөвлөснөөр тэр эмэгтэй дотуур хувцас гаргаж эхэлсэн байна. Тэгээд ч секс хувьсгалын он жилүүдэд эмэгтэйчүүдийн хамгийн алдартай хувцас нь бикини байв.

Ажил төрөл ч амжилттай урагшилж, түүний фирм гэр бүлийн компани болон өргөжжээ. Амансио гэртээ өөрийн хэв, үлгэрээр усны хувцас оёж, ах Антонио нь худалдааны гэрээ хэлцэл хийж, эгч Хосефа нь санхүүг нь хариуцдаг байлаа.

1966 онд Амансио Ортега Росалия Мератай гэрлэж, хоёр жилийн дараа анхны охин Сандрагаа өлгийдөн авчээ. 1971 онд төрөлхийн саажилттай Маркос хүү нь мэндэлсэн байна.

“Маркос төрсөн нь Амансио Ортегагийн амьдралыг тэр чигт нь өөрчилсөн юм. Өв залгамжлах хүүгийнх нь эдгэшгүй өвчин түүнд том цохилт болсон бөгөөд өнөөдөр ч тэр үүнээсээ гарч чадахгүй, ажлаасаа л тайтгарлаа олж авсаар байгаа” хэмээн түүний намтрыг бичигч Ксавье Бланко бичжээ.

Амансио “Амансио Ортега” хэмээх сайн үйлсийн сан байгуулж, түүгээрээ дамжуулан саажилт, хавдрын өвчнийг эмчлэх аргыг хайх судалгаа шинжилгээнд асар их мөнгө хандивладаг болсон байна.

1975 онд бас нэгэн шинэ цохилт болов. Нефтийн хямралын нөлөөгөөр эргийн амралтын эрэлт хэрэгцээг ч эрс багасав. Үүнээс гадна 1975 онд хэвлэлүүдээр нарны хэт ягаан туяанаас болж арьсны хорт хавдар үүсдэг гэх эмч нарын эхний мэдэгдлүүд гарч эхэлжээ. Ингээд олонх дэлгүүр бүтээгдэхүүнээ зарахаа больж, Амансио Ортегагийн фирм ч дампуурлын ирмэгт ирлээ.

Энэ үед Ортега өөрөө усны хувцаснуудаа зарахаар шийджээ. Ингээд үлдсэн мөнгөөрөө Ла-Корунья хотын төвийн байшингийн нэгдүгээр давхрыг түрээслэн авч, 1975 оны тавдугаар сарын 15-нд Zara хэмээх анхны дэлгүүрээ нээжээ. Уг нь Амансио тухайн үед Оскарын гурван удаагийн шагнал хүртсэн “Грек Зорба” киноны Энтони Куинны дүрээр Zorba гэж дэлгүүрээ нэрлэх гэж байсан аж. Гэтэл энэ нэрийг кинонд дурлагч нэгэн аль хэдийнэ авчихсан байсан тул нэрээ өөрчлөхөөр өөр аргагүй болжээ.
 

Түргэн бүтээдэг загвар

 

“Zara-гийн зорилго нь загварыг ардчилсан болох байсан, одоо ч тийм хэвээр байгаа. Загвар бол баячуудын  онцгой эрх гэсэн олон нийтийн санаа бодлоос ялгаатай нь бид дэгжин, таашаал төрүүлэхүйц, орчин цагийн эрчүүд, эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдрал зохицохуйц байхыг бид санал болгодог” хэмээн Амансио Ортега компанийнхаа ажлын зарчмыг тодорхойлдог.

Ла-Корунья муж нь оёдлын чиглэлийн старапт хамгийн тохиромжтой газар байлаа. Энд нэн эртнээс эрчүүд тэнгист сагамхай загас барихаар ирдэг байсан бөгөөд тэдний эхнэрүүд эрэг дээр ёрог даавуу нэхэж, Испани даяар хувцас оёж, зардаг байв. Амансио Ортега ч гайхмаар эр зориг гаргаж, даавууны үйлдвэрээсээ бэлэн хувцасны дэлгүүр хүртэлх үйлдвэрийн бүхий л үйл явцыг хянадаг нэгтгэл байгуулжээ.

Өнөөдөр Zara-гийн эзэнт гүрнийг судалдаг бизнесмэнүүд Ортегагийн компаниудын амжилтын үндсэн гурван зүйлийг ийнхүү нэрлэж байна. Энэ бол хямд ажиллах хүч, үйлдвэрлэлийн хурд өндөр, дистрибьютерийн өвөрмөц систем юм.

Юуны түрүүнд Ортега Испани, Португалийн хамгийн ядуу мужуудад байдаг хэдэн зуун жижиг оёдлын цехүүдийг авчээ. Ийм цехүүдэд тэтгэврийн хөгшид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өсвөр насныхан ажиллаж, сард ердөө л 400-600 евро авдаг. Гэтэл Испанид ажилчдын дундаж цалин үүнээс гурав дахин өндөр. Гэсэн хэдий ч тэтгэврийн хөгшид үүнд баяртай байдаг. Яагаад гэвэл Испанийн тосгодод үүнээс өөр ажил байхгүй билээ.

Хамгийн гайхмаар нь Ортега өнөө үед оёдлын үйлдвэрлэлээ бусад компаниуд шиг Зүүн Өмнөд Ази руу шилжүүлсэнгүй. Мэдээж Хятад, эсвэл Вьетнамын оёдолчид тосгоны эмээ нараас ч хямд өртгөөр хөдөлмөрлөх боломлжтой. Гэхдээ Ортегагийн хувьд хямд өртгөөс гадна загварын хувцасны үйлдвэрлэлийн хурд чухал аж. Учир нь өнөөдөр зардлаа бууруулах хүсэлтэй хувцас үйлдвэрлэгчид дэлхийн сүлжээний эдийн засгийн хүнд нөхцөлд ажиллахаас өөр аргагүй болдог. Тухайлбал, өмдний даавууг Хятадаас худалдан авлаа гэхэд Индонезид будганд оруулж, өмдөө Вьетнамд үйлдвэрлэх шаардлагатай болдог. Үүнээс болж ихэнх фирмүүд шинэ санаа боловсруулаад дэлгүүрт бэлэн бүтээгдэхүүн болгон гаргах хүртэл дор хаяж 1-3 сар зарцуулдаг байна. Zara-гийн хувьд энэ бүх цикл ердөө л 10-хан хоногт үргэлжилдэг. Тэгээд ч дэлхийн загварын ертөнцөд шинэ трендүүдийг цуврал кино, Жастин Бибер, эсвэл Тейлор Свифтийн шинэ клипүүд л тодорхойлчихож байгаа болохоор хурдтай байх нь чухал ач холбогдолтой юм.

Ерөнхийдөө энэ үйл явц 10 хоногоос хэтрэхгүй. Zara компанид Амансио Ортега компанийхаа загварын хэлтэс рүү өөрөө утсаар залгах дуртай гэсэн домог мэт яриа байдаг. Тэрбээр гэрлэн дохион дээр дөнгөж сая харсан мотоциклчиний ширээстэй хүрмийг гайхалтай гоё хэмээн ярихад л тэр орой нь шинэ хүрэмний эскиз зураг Амансиогийн ширээн дээр бэлэн болсон байх аж. Харин 5-7 хоногийн дараа шинэ бараа дэлгүүрийн лангуун дээр өлгөөтэй байх нь тэр.

Амансио Ортега оёдлын үйлдвэрлэлд Fast fashion буюу түргэн загвар хэмээх шинэ философийг гаргаж ирсэн хүн. Түүний дэлгүүрүүдэд долоо хоног бүр хувцасны загварынх нь гуравны нэг нь шинэчлэгддэг болохоор залхсан хувцсаа хаяад л шинийг аваад байж болохоор аж.

Бас нэг зарчмынх нь тухайд зөрүүд, дуугүй Ортега үйлчлүүлэгчидтэйгээ харилцах дургүйгээс гадна фирмээ сурталчлах дургүй. Zara-гийн гол өрсөлдөгч Шведийн H&M концерн жил бүр брэндийнхээ сурталчилгаанд бараа эргэлтийнхээ тав гаруй хувийг зарцуулдаг.  Харин Zara-гийнх 1.5 хувиас хэтэрдэггүй. Амансио Ортега загварын брэндийн хамгийн сайн сурталчилгаа нь бүх насныхан өмсөж болох хувцас өөрөө гэж үздэг. Тиймээс ч зар сурталчилгаанд мөнгө үрснээс тухайн бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулсан нь дээр гэсэн зарчимтай аж.

Үүнээс гадна өрсөлдөгчид нь шинэ коллекц гаргахын тулд үе үе Карл Лагерфельд, Роберто Кавалли нарын алдартай загвар зохион бүтээгчдийг хөлсөлдөг бол Ортега алдартай дизайнеруудыг дуудах сонирхолгүй гэдгээ мэдэгджээ. Яагаад гээч? Яагаад гэвэл Zara дэлхийн хамгийн загварлаг оёдолчдын шинэ загварыг нарийн хуулбарладаг, гэхдээ үүнийгээ огт үнэгүй хийдэгт гол амжилт нь оршдог.
 

Брэндийн араас брэнд

 

Zara ч асар хурдан хугацаанд амжилтад хүрэв. Ортега 1985 онд Португалд анхны олон улсын дэлгүүрээ нээжээ. Ингээд сүлжээ дэлгүүрүүдийнхээ суурин дээр Inditex хэмээх холдингийг байгуулсан байна.

1989 онд Zara дэлгүүр Нью-Йоркт бий болж, 1990 онд Парист нээгджээ. 1991 онд тус брэнд нийгмийн бүхий л давхарга, насныханд тархаж, өргөжсөн байна. Анхандаа тус компани Pull and Bear хэмээх өсвөр насныханд зориулсан сүлжээ бий болгосон бол дараа нь арай ахимаг насны үйлчлүүлэгчдэдээ зориулан Massimo Dutti-г гаргажээ. 1998 онд Bershka сүлжээ дэлгүүр байгуулж, дараа нь Stradivarius, дотуур хувцсаар дагнасан Oysho брэнд ар араасаа бий болсон байна.

Өнөөдөр Inditex корпорацийн бөөний сүлжээ дэлгүүр дэлхийн 88 оронд 7000 гаруй салбартай болжээ. Өнгөрсөн онд худалдааны жилийн эргэлт 20 тэрбум ам.долларт эргэлдэж байлаа.

Ерөнхийдөө Ортега хувцасны үйлдвэрлэлд төдийгүй Мадрид, Парис, Лондон, Лиссабонд орон сууц, зочид буудалд хөрөнгө оруулдаг. Тухайлбал, Ортега Майамид байрлалтай, АНУ-ын хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудын нэг “The Epic Residences and Hotel”-ыг эзэмшдэг. Саяхан тэрбээр Мадрид дахь алдарт оффисын төв болох 43 давхар Пикассо цамхгийг худалдан авсан байна.

Гэхдээ Амансио Ортега энгийн саятнуудтай огт адилгүй. Тэр урьдын адил Ла-Коруньядаа амьдарч, ажилчдын гуанзанд хооллож, хэзээ ч томхон хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулдаггүй. Түүний байнга шахуу байдаг газар нь үйлдвэр юм.

Харин хөрөнгөтэй гэдгийг нь илтгэх цорын ганц зүйл нь Bombardier компанийн зохион бүтээсэн “The Global Express BD-700” хэмээн тансаг зэрэглэлийн хувийн нисэх онгоц. Энэхүү агаарын “лимузин”-ээрээ Амансио Ортега дэлхий даяар нисч, дараагийн дэлгүүрээ нээх газраа биечлэн сонгох байсан юм. Ортега ихэвчлэн өөр хот руу нисч, таксинд суугаад жолоочоос нь хотын төвд хүргэж өгөхийг хүсдэг байна. Ингээд хотын төвийг тойрч үзээд, түрээслэх, худалдах газруудын жагсаалтыг гаргаад энгийн нэгэн кафед сууж, хүмүүсийг ажигладаг. Үүний дараа тэр энэ газарт дэлгүүр нээх үү, үгүй юу гэдгээ шийддэг аж.

Харин түүний онгоц Газар дундын тэнгисийн дээгүүр нисч байгаад сүйрэх дөхсөнөөс хойш Ортега нисэх дургүй болжээ. Өдгөө тэрбээр онгоцоо түрээслүүлээд өөрөө хотын захад ферм, “Валория” хэмээх моторт онгоц худалдан авсан байна.



Өв залгамжлагч Марта


2001 оны арваннэгдүгээр сард Ла-Корунья хотын худалдааны төвүүдийн нэгд байрладаг Bershka дэлгүүрийн бүх ажилтан шоконд оржээ. Яагаад гээч? Тус дэлгүүрт жил гаруйн турш тавиур дээрх хайрцгуудыг дуулгавартайхан өрдөг байсан худалдагч, 17 настай шаргал үст бор охин Марта Перес үнэндээ тэдний шинэ эзэн байсныг мэдээд бүгд ам нь ангайн хоцорчээ. Марта нь Амансио Ортегагийн бага охин байж таарав.

Ерөнхийдөө нөхөртэйгөө бизнесээ тэгээс эхэлсэн тэрбумтнуудын гэргий нар замынхаа дундаас салдаг үзэгдэл хаа сайгүй байдаг. Үүнийг ч Росалия Мера тойрч гарсангүй. Хөөрхий эмэгтэй өвчтэй хүү Маркосоо асран халамжлаад завгүй байх зуур Амансио нь Флора Перес Маркота хэмээх нарийн бичиг хүүхэнтэйгээ учир ургуулаад авчээ. Ингээд Флора түүнд 1984 онд Марта хэмээх охин төрүүлж өгсөн байна. 1986 онд Ортега Росалиягаас салах өргөдлөө өгч, компанийнхаа хувьцааны 600 сая ам.долларыг тэтгэмж болгон өгчээ. Өмнө нь Испанид гэр бүл салахад хэн ч ийм их хэмжээний тэтгэмж өгч байсангүй.

Үүнээс гадна Росалия “Амансио Ортега” сайн үйлсийн сангийн захирлаар нь ажиллаж байгаад 2013 онд охинтойгоо Менорка арал дээр амарч байхдаа цус харваж, нас баржээ.

Харин Ортега охиныг нь төрүүлсэн Флора Перестэй гэрлэхийг нэг их яарсангүй. Гэтэл 2001 онд тэрбээр цус харваж, өв залгамжлах хүнээ бодохоос өөр аргагүй болжээ. Том охин Сандра нь Мартиньо, Антия, Уксиа хэмээх гурван хүүгээ өсгөхийнхөө хажуугаар сайн үйлсийн сангаа удирдаж, бизнесийг нь авч явахтай манатай байлаа.

Тиймээс ч Ортега бага охин Мартадаа өв залгамжлуулахаар шийджээ. Ингээд Флоратай албан ёсоор гэрлэлтээ батлуулж, охиноо бизнесийн ухаанд алгуурхан сургахын тулд худалдагчаас эхлээд бүхий л шат дамжлагад нь ажиллуулахаар болжээ. Үүнээс цааш Марта Лондоны дэлгүүрээ удирдаж, Шанхай, Нью-Йоркт бизнесээ эрхэлж, Inditex-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн болсон гээд бүх л шатыг нь дамжиж гарсан байна. Өдгөө тэрбээр Ла-Коруньядаа амьдарч байгаа бөгөөд 2012 онд Испанийн морин спортын од Серхио Альварес Мойютай гэрлэжээ.

Марта өөрөө ч морин спортын мэргэжлийн хүн. Тиймээс эцэг нь охиндоо зориулан “Casas Novas” хэмээх хувийн морин клуб хүртэл нээж өгчээ. Марта сүүлийн үед морь унах нь илт багассан. Тэгэх нь ч аргагүй. Ажлын уулзалт зөвлөгөөнөөс гадна аавынхаа нэрээр нэрлэсэн Амансио Ортега Альварес хүүгээ өсгөөд тун завгүй байгаа аж.



Уй гунигт Ортега


Zara-г үндэслэгч Ортега 2011 онд “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний 10-т багтсаны дараа дэлхий дахин түүний тухай илт сонирхож эхэлсэн юм. Түүнчлэн Ортега нь Испанийн хамгийн баян хүн, хөрөнгийнхөө хэмжээгээр европчууд дотроо хоёрдугаарт бичигдсэн билээ. Хувь заяаны тоглоомоор уу, Ортега тухайн жил Inditex-ийн удирдлагаасаа гарч, албан ёсоор тэтгэвэртээ гарсан байна.

Үнэндээ сэтгүүлч, сурвалжлагч нар дотор Амансио Ортега гэдэг хүн үнэхээр байдаг уу, тэр ганцаараа Zara-г бүтээсэн үү хэмээн сонирхох болсон. Нээрээ ч хэн ч түүний ярилцлагыг үзэж, уншиж байгаагүй, түүний гэх гэрэл зураг хуруу дарам цөөн байсан болохоор аргагүй биз.

Нэгэн удаа сэтгүүлч түүнд анх удаа ойртон ирж, сонирхсон асуултаа тавьтал “Гудамжинд явж байхад зөвхөн миний гэр бүл, найз нөхөд, хамт олон л таньдаг цорын ганц хүн баймаар байна” хэмээн хариулжээ.

Сүүлийн үед Ортегатай гудамжинд тааралдахад амаргүй болсон. Учир нь тэр “Валория” моторт завин дээрээ ихэнх цагаа өнгөрөөдөг болжээ. Тэрбээр эргээс хэдэн миль холдож байгаа л бүтэн өдөржин цор ганцаараа амьдралынхаа талаар бясалгаж суудаг болсон гэнэ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • н 2017-10-02 17:10:20
    энгийн юм бүхэн агуу гэж энэ лбайхдоо
  • zochin 2017-09-24 07:56:15
    er ni um uzeegui hymyys l tiim baidag , jinhen uhaantai bayan hymyys zugeer l amdardag umdaa, harin teneg oduud geed baigaa hymyys shig baih gedeg ih teneg
  • ВВВВ 2017-09-23 08:24:27
    Цөөхөн хэдэн төгрөг олохоороо 570,Зайсанд хаус авч.өвөл нь дулаан оронд өвөлждөг гэж байгаа юм аа
  • Зочин 2017-09-19 07:59:26
    Манай нөхдүүд энгийн иймэрхүү хүмүүсээс сурвал таарна.Улам л их идэх гээд л үхэн хатан гүйцгээх юм.Хүн л юм чинь хэн ч мөнхрөхгүйшд.Агуу хүн байна үнэхээр