ХААН Банкны харилцагчид захиалсан картаа хүссэн газраа хүргүүлэн авна
ХААН Банкнаас харилцагчдын захиалсан төлбөрийн картыг баталгаат шуудангаар Монгол орны аль ч цэгт хүссэн газарт нь түргэн шуурхай хүргэх үйлчилгээг нэвтрүүллээ. Уг үйлчилгээ нэвтэрснээр ХААН Банкны харилцагчид захиалсан төлбөрийн картаа өөрийн хүссэн газраа хүргүүлэн авах төдийгүй, ATM машин дээр шууд идэвхжүүлэх боломжтой болж байгаа юм. Энэхүү карт шуудангаар хүргэх үйлчилгээг “Монгол Шуудан” ХК хэрэгжүүлэх бөгөөд талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Захиалсан төлбөрийн картыг хэвлэгдэн бэлэн болмогц баталгаат шуудангаар улс дотор тухайн харилцагчийн хүссэн газарт түргэн шуурхай, найдвартай, нэмэлт үнэ төлбөргүйгээр Улаанбаатар хот дотор 3-5 хоногт, орон нутагт аймгийн төвүүдэд 5-7 хоногт багтаан харилцагчийн гарт хүргэх юм. Та захиалсан картаа хүргүүлж авахын тулд заавал шуудангийн хайрцагтай байх шаардлагагүй бөгөөд гэрийн эсхүл ажлын хаягаа өгч болно. Мөн гурван үгт хаягаа бичээд ч  картаа хүргүүлэх боломжтой.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл:  “ХААН Банкнаас бүх төвшинд харилцагчийн үйлчилгээг сайжруулах, түргэн шуурхай тав тухтай үйлчлэх чиглэлээр онцгой анхаарч байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр эхлүүлж буй карт шуудангаар хүргэх үйлчилгээ юм. Үүнээс хойш ХААН Банкны харилцагчид захиалсан картаа хүссэн хаягтаа хүлээн авах төдийгүй өөрт ойр АТМ машин дээр шууд идэвхжүүлэн хэрэглэх боломжтой боллоо. Ялангуяа захиалсан картыг зөвхөн салбарт хандан идэвхжүүлдэг байсан бол Монголд анх удаа харилцагч өөрөө АТМ машин дээр картаа идэвхжүүлэх технологийг нэвтрүүллээ. Энэ бүх шинэ санаачлагууд нь ХААН Банкны үйлчилгээг сайжруулах, харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байнахэмээн онцоллоо.  “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар: “ХААН Банк, Монгол шуудан ХК хамтран карт шуудангаар хүргэх үйлчилгээг Монгол орон даяар нэвтрүүлэх болсондоо баяртай байна. “Монгол шуудан  ХК нь ХААН Банкны харилцагч бүрийн захиалсан картыг баталгаат шуудангаар түргэн шуурхай хүргэх болно” хэмээн хэллээ.
 
Банкны үйлчилгээ өдөр ирэх  бүр хялбар болж, харилцагчид банкны салбарт биечлэн ирэх шаардлагагүй болж байна. Тэр ч үүднээс ХААН Банк орчин цагийн завгүй харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүх төрлийн төлбөрийн картыг шуудангаар хүргэх, улмаар картаа өөрөө ATM машин дээр идэвхжүүлэх үйлчилгээг ийнхүү нэвтрүүллээ. Харилцагчид шуудангаар хүлээн авсан шинэхэн картаа АТМ машинд идэвхжүүлэхэд банкнаас  бүртгэлтэй гар утас руу нь илгээсэн  нэг удаагийн кодыг хийхэд л болох юм. Цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк ийнхүү харилцагчдын сэтгэлд нийцсэн нэгэн үйлчилгээг улс орон даяар хэрэгжүүллээ.
 
Бусдад түгээх
  • gplus