Төсөв тодотгох эсэхийг дараагийн Засаг мэднэ

Энэ сарын эхээр УИХ ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулсан. Одоогоор Ж.Эрдэнэбатын танхим үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын намрын чуулганыг ирэх сарын 2-нд нээхээр чигтэй байгаа. Хуулийн дагуу намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг уламжлалтай ч энэ жил амралтын өдөр таарсан тул ийнхүү дараа өдөр нь буюу аравдугаар сарын 2-нд нээх аж.

Намрын чуулганы эхэнд мэдээж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. УИХ-д олонхийн суудал авсан МАН-ын Бага хурал энэ сарын 25-ны өдөр буюу ирэх даваа гарагт хуралдах тов гарагасан. Үүнээс өмнө буюу өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэн шийдэх аж. Үүний дараа Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Улмаар Ерөнхий сайдаар томилуулах саналаа УИХ-д хүргүүлэх юм. Иймээс намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх эхний асуудлын тоонд 2017 оны төсвийг тодотгох асуудал багтсан байгаа билээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр төсвийн орлого 900 гаруй тэрбумаар давж биелсэн. Гэсэн ч оны сүүлээр төсвийн тодотголд тусгагдах гол гол асуудлуудыг төсөвт нэмж суулгах шаардлага байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Сангийн яамнаас төсвийн тодотголд нэмж тусгах шаардлагатай зардлуудыг тусган боловсруулж байгаа аж. Энэ талаар Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч С.Булгантуяа “Давсан орлогын 50 хувьд нь хуримтлал үүсгээд ирэх онд төлөгдөх өр, зээлээ бууруулахад зарцуулна. Мөн тодорхой хувийг шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудыг санхүүжүүлнэ. Шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудыг сүүлийн гурав, дөрвөн жил дараалан шийдвэрлээгүйгээс хойшлуулах аргагүй болсон. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өвөлжилттэй холбоотой зардлыг санхүүжүүлнэ.Хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулснаар өндөр өртөгтэй мэс засал хийдэг болсон. Зардлыг нь улсаас даах хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгагдаж орж ирэх жишээтэй. Энэ жил орон нутагт сургууль, цэцэрлэгүүдийг дулааны шугамд холбосон. Дулааны зардлыг нь шийдвэрлэх ёстой учраас шаардлагатай санхүүжилтийг нь төсөвт тусгаж өгч байна” хэмээсэн юм.

Мөн нийгэмд хүлээлт үүсгэсэн, төсвийн тодотголд суулгах шаардлагатай нэг чухал зүйл бол хүүхдийн мөнгөний асуудал байгаа юм. Энэ жилийн төсвийн хуульд хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэсэн шийдвэр гаргаж батлагдсан байсан. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төсөвт тусгасан мөнгө бүх хүүхдүүдэд нөхөн олгох маягаар тараасан юм. Улмаар наймдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийн санхүүжилтэд асуудал үүсч эхэлсэн. Яг одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхэд Хүүхдийн мөнгө авч байгаа.

Монголын нийт хүүхдийн тоо нэг сая гаруй. Нийт хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохын тулд 240 гаруй тэрбум төгрөг зайлшгүй шаардлагатай. Энэ мөнгийг төсвийн тодотгол хийх замаар, эх үүсвэрийг нь суулгаж байж хэрэгжинэ. Тэгэхээр шинэ бүрдэх Засгийн газар Төсвийн тодотгол хийхээс ажлаа эхлэх нь тодорхой болж байна.

П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-30 02:04:26
    Ми овогт хүүхдийн мөнгийн төсвийг хавтгайруулан тарааж дуусгасан, өөрөө төлөх байлгүй дээ. Төсөвт суулгаж болохгүй.
  • zochin  2017-09-22 06:07:08
    nogoo urd ni ogch bsan huuhduuded ogch bgaa yum bhdaa