Долоо хоногийн тойм
Эрх баригч хүчнийхний хувьд завгүй долоо хоног өнгөрлөө.  НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгсөн. Иймээс түүний оронд НИТХ-ыг тэргүүлэх эрхмийг сонгох марафон өнгөрсөн долоо хоногт хүчээ авлаа. Гэвч долоо хоногийн төгсгөлд НИТХ өдөржин хуралдсан ч даргаа сонгож чадсангүй. Мөн МАН-ынхан Бага хурлын бэлтгэл ажил болон хурлаар хэлэлцэх дараагийн Ерөнхий сайдтай холбоотой мэдээллүүд ч мөн өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан асуудлуудын нэг байлаа. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцло үйл явдлуудыг тоймлон хүргэе.

НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн санал тэнцлээ

НИТХ-ын XI хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу хэлэлцэн шийдвэрлэв.  НИТХ-ын даргад төлөөлөгч Д.Баярсайхан, төлөөлөгч С.Амарсайхан нар өрсөлдсөн ч санал хураалтаар тэнцсэн юм. Улмаар НИТХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэхтэй холбогдуулан АН-ын бүлэг завсарлага авлаа. Ингэснээр уг асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж байна. 
 
Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг байгууллаа
 
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, арилжааны банкны төлөөллөөс гадна  их дээд сургууль, эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагын хөндлөнгийн, хараат бус төлөөллийг багтаав. Баримт бичгийн төслийг 2018 оны 2 дугаар сард багтаан бэлэн болгоно.
 
Жилийн жигнэсэн дундаж хүү нь 20 орчим хувьтай байгаа банкны зээлийн хүүг хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжихүйц түвшинд хүргэж бууруулах шаардлага өндөр байсаар ирсэн. Үүний тулд судалгаанд суурилсан, бодит байдал дээр хэрэгжихүйц стратегийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлогын шат дараатай арга хэмжээг тодорхойлох асуудал чухал байна.
 
Б.Ууганбаярын томиллоо
 
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо. Тушаалыг өчигдөр нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан.
 
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 
 
Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан.
 
Дэрэвгэр жиргэрүүг түүхийг хориглов
 
 БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу таван жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргалаа. Сайдын зүгээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан  дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.
 
Анх 2015  онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг таван жилээр хориглосон шийдвэр гаргаж байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас  өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс дэрэвгэр жиргэрүүг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлсэн аж. Тиймээс хоёр жилийн хугацаатай түүж бэлтгэх шийдвэр дахин гаргаад байсан юм. Шийдвэрийг буцаан дэрэвгэр жиргэрүүг түүхийг таван жилийн хугацаатай түр хориглолоо.
П.ГОО 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.