Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах процесс үргэлжилж байна

Долоо хоногийн эхэнд МАН-ын Бага хурлаас МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Тодруулбал, Бага хурлын гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо.  Гишүүдийн  34.4 хувь нь Ө.Энхтүвшинд,  1.7 хувь нь  Н.Энхболдод саналаа өгчээ.

 Улмаар МАН-ын дарга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцлийн хариуг тухайн өдөрт нь буюу цагийн дараа “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье” гэжээ. Иймээс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэх саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Энэ дагуу Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар дэмжлээ. Асуудлыг ирэх долоо хоногт УИХ шийдвэрлэнэ. 

Ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ

 Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. Учир нь аравдугаар сарын 1-ээс өмнө ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан байх ёстой. Энэ дагуу тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Дараах зарчмуудыг баримтлан 2018 оны төсвийн төслийг боловсруулжээ.

 Үүнд:                                                  

Төсвийн орлогын чиглэлээр:

1. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын 2 дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ.

 

2. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ.

Төсвийн зарлагын чиглэлээр:

1. Төсвийн урсгал зардлыг тооцоолохдоо ОУВС-тай тохирсон зарлагын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах, инфляц, валютын ханшны өөрчлөлтөөс нэмэгдэх бараа үйлчилгээний зардлыг төсөвт тусгахаар заасан байна.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь болохоор байгаа юм байна.

2018 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ ДНБ-ий 9.5 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьд хүргэн бууруулж, төсвийн тэнцлийг тусгай шаардлагаас ДНБ-ийн 0.9 хувиар сайжруулахаар байна хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцоллоо.

Оффшороос 4,3 сая ам.доллар Монгол Улсад оруулж ирлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.

П.Орхон, Д.Сумьяа нарт шагнал гардууллаа

Наймдугаар сарын шилдэг тамирчдаар жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумьяа болон чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон нар тодорсон. Уг тамирчдыг тодруулахдаа 50 хувийг нь энгийн иргэдийн саналыг онлайн хэлбэрээр харгалзаж, үлдсэн тавин хувийг спортын сэтгүүлчдийн холбооны саналаар тодруулжээ.

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.