Ахиад нэг албан цэцэрлэг

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ муугаас олон айлын хүүхдүүд гэртээ цоожлуулаад үлдэх, эсвэл эцэг эхийнх нь хэн нэг нь хүүхдээ харж, нөгөө нь ажиллахаас аргагүй болдог. Харин өнгөрсөн жилээс төрийн зарим байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа хүүхдийг хамруулдаг сайн жишээ тогтжээ.

Өнгөрсөн жил л гэхэд Гадаад харилцааны яам дэргэдээ цэцэрлэг байгуулж байсан. Түүний араас энэ төрлийн олон арван цэцэрлэг нээгдсэн.
Өчигдөр л гэхэд МҮОНРТ-ийн дэргэд“МNB хүүхдүүд”цэцэрлэгүүдээ нээсэн нь эх орныхоо өнцөг булан бүрд цаг үеийн мэдээ мэдээлэл, соён гэгээрүүлэх нэвтрүүлэг хүргэхээр цаг наргүй хөдөлмөрлөж явдаг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн уран бүтээлчдэд ар гэртээ санаа зовохооргүй ажил төрлөө хийх сайхан боломж боллоо.

МҮОНРТ 700 гаруй ажилтан, албан хаагчтай. Ажилчдын дунд судалгаа хийхэд цэцэрлэгийн насны 290 хүүхэд байна гэж гарчээ. Эдгээрийн талаас илүү хувь нь буюу 150 гаруй нь цэцэрлэгт хамрагдаагүй гэнэ. Харин шинэ цэцэрлэг нь таван бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Нийт 15 багш, ажилтантайгаар энэ хичээлийн жилд ажиллахаар болжээ. Ийнхүү тус байгууллагын ажилчдын хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэд “алба хаахаар" боллоо.

Шинэ цэцэрлэгийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц “МҮОНРТ-ийн урд хэсэгт ашигладаггүй байсан зай талбайгаа ашиглаад, төсвийн санхүүжилт, байгууллагын хамт олон маань нэг өдрийн цалингийн хандиваар цэцэрлэгээ босголоо. Хүүхдүүдээ цэцэрлэгт өгч байгаа ажилтнууд маань ч хувь нэмрээ оруулж, тоглоом, хэрэгсэл хандивласан. Эцэг эхийн сэтгэлээр, хүүхэд ямар орчинд байгаасай гэж хүсдэг вэ, түүнийхээ дагуу гал тогоо, унтах ор, тоглох тоглоом, байрыг нь засаж, эко байдлаар тохижуулсан" гэлээ.

Биднийг очих үед аав ээжийнхээ ажилладаг газрын дэргэд сурч хүмүүжихээр ирсэн өхөөрдөм бяцхан хүүхдүүд өдрийн унтлагадаа бэлтгэн ороо засаж байлаа. Нээлтийн дараа эцэг, эхээсээ багшдаа тэврүүлж хоцорсон хүүхдүүд хэсэг уйлалдсан ч орчиндоо амархан дассан бололтой, анги ангидаа шулганалдан шуугилдаж байсан юм.

Цэцэрлэгийн орчин саруул, цэвэр цэмцгэр, гадна, дотор тохижилт нь хүүхдийн анхаарал, сонирхлыг татахуйц, энгийн цэцэрлэгүүд ямар байдаг вэ, яг л тийм стандартад нийцүүлэн засжээ.

“MNB хүүхдүүд" цэцэрлэг нь энгийн цэцэрлэгүүдийг бодвол уртасгасан цагаар буюу өглөөний 08:00 цагаас үдшийн 20:00 цаг хүртэл ажиллах юм байна. Мөн ажилчдын эрэлт хүсэлтэд нийцүүлэн 1.5 настай хүүхдийн анги ч нээжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа “Манай цэцэрлэг таван бүлэгтээ таван багш, таван туслах багш шалгаруулж авсан. 100 хувь мэргэжлийн багштай гэдгээрээ онцлогтой. Өнөөдрийн байдлаар МҮОНРТ-ийн ажилчдын 70 гаруй хүүхэд бүртгүүлээд байна” гэлээ.

Тус цэцэрлэгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролд заагдсан стандарт, мэдлэгийг олгож, нас насных нь онцлогт тохирсон сургалтууд явуулна. Яг л улсын цэцэрлэг ямар үйл ажиллагаа явуулдаг, түүнийг баримталж ажиллах аж. Үүнээс гадна “MNB хүүхдүүд” цэцэрлэгийн туслах багш нар нь монгол, англи хэлний багшийн мэргэжилтэй, дээд боловсролтой учраас хүүхдүүддээ хэл яриаг нь зүгшрүүлэх үйл ажиллагаа явуулах давуу тал бий болжээ, Цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа нь ч сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай хүн юм байна.

Анги дүүргэлтийн хувьд нэг анги 30 хүүхэд хүлээж авах учраас энгийн цэцэрлэгүүдийг бодвол норм, стандартад нийцэж байгаа аж.

Хүүхдүүдээ шинэ цэцэрлэгт нь хүргэж ирсэн уран бүтээлчид “МҮОНТ-ийн 50 жилийн ойн босгон дээр бас нэгэн сайхан үйл явдал болж байна. “MNB хүүхдүүд” хэмээх хүүхдийн дуу цангинасан ийм сайхан өргөөг нээсэнд талархаж байна. Өмнө нь бидэнд хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах, хүргэж, авахад хүндрэлтэй байсан. Цаг наргүй ажилладаг, заримдаа хонож ч ажилладаг бидэнд үр хүүхдээ яаж харж хандах вэ, хаана хэнд харуулах вэ гээд асуудал их гардаг байсан. Энэ бүгдийг удирдлагууд маань ойлгож, шийдвэрлэсэнд баярлалаа" хэмээж байлаа.

Тус цэцэрлэгийн зорилго нь сургуулийн өмнөх боловсрол олгож, сургуульд бэлтгэх, эх хэлээрээ зөв ярьж сургах, тэднийг хайрлан хүндэтгэж, өв тэгш, эрүүл чийрэг, өсөн бойжих, авьяас чадварыг нь нээн хөгжүүлж, стандартад нийцсэн эрүүл, аюулгүй хоол хүнс, эрсдэлгүй орчинд хөгжих боломжийг цогцоор нь эзэмшүүлэхэд оршиж байгаа аж.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИЗ ДЭЭ 2017-10-03 02:39:35
    дандаа хахууль_ улсын төсөв цааш нуудаг хэдэн албан байгууллагууд цэцэрлэгтэй болоод байгаа биз дээ.
    122.201.31.252
    Мэдэгдсэн Хариулах