Төрийн банкны ажилтнууд “Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд тусаллаа
Төрийн банк “Үлгэрлэн манлайлах зарчим”-ыг баримталж, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй ажиллах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх санаачлагаа төрөл бүрээр хэрэгжүүлдэг билээ. “ТоС хөтөлбөр”-ийн үндсэн уриа буюу “ЗӨВ ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриан дор Төрийн банкны нийт ажилтнуудын дунд Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудад ном бэлэглэх аяныг өрнүүлж, цугларсан ном сурах бичиг, хичээлийн хэрэгслийг гардуулан өглөө.

2015 онд Төрийн банкны ах эгч нараас нь 250 ширхэг ном, сурах бичгийг тус төвийн хүүхэд багачуудад чин сэтгэлийн бэлэг болгон гардуулан өгч байсан бол энэ удаа 500 гаруй ном, сурах бичиг бэлэглэж “Өнөр бүл” төвийн номын санг улам өргөжүүлэв.

Асрамжийн төвийн хүүхдүүд ном унших дуртай, тэр дундаа комик болон ардын уран зохиолын ном шимтэн уншдаг аж. Иймээс тус төвд бага насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн комик болон уран зохиолын, үлгэрийн ном, сурах бичиг бэлэглэж оюуны хөрөнгө оруулалт оруулсан юм.

Түүнчлэн эрүүл энхийг бэлгэддэг, агаар сайн цэвэршүүлдэг  Мөнхрөө цэцгийг тус төвийн анги танхимын тохижилтонд зориулан бэлэглэж, Төрийн банкны ах эгч нар нь “Өнөр бүл” төвийн хүүхдүүд багачууддаа эрүүл энх, оюунлаг Монгол иргэн болох ерөөлийг өргөлөө.





Бусдад түгээх
  • gplus