“Улаанбаатар сити”  “Холбооны цом”-ын аварга боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын аваргыг тодруулах сонирхолтой тоглолт өчигдөр боллоо. Аваргын төлөө “Хүрхрээ үндэсний лиг”-ийн “Улаанбаатар сити”, “Эф Си Улаанбаатар” багууд тоглосон юм.



Тоглолтын гоолын салхийг “Эф Си Улаанбаатар”-ын шилдэг хагас хамгаалагч О.Баяржаргал хагалсан бол хариу гоолыг ОХУ-ын легионер Артём Дробишев оруулж, тооны харьцааг тэнцүүлэв. Нэгдүгээр үеийн цаг дуусч шүүгч нэг минутыг сунгаж өргөхөд “Улаанбаатар сити”-ээс Ж.Сүндорж тоог 2:1 болгож баг нь эхний хагаст тэргүүллээ.

Өнгөрсөн жил “Холбооны цом”-ын хагас шигшээд “Хангарьд”-д хожигдож тэмцээнийг өндөрлүүлж байсан “Улаанбаатар сити” хоёрдугаар үед тэргүүллээ бататгаж, 2017 оны аваргууд боллоо. Шийдвэрлэх үед “Улаанбаатар сити”-ээс Ц.Түмэнжаргал /65’/, О.Мижиддорж /80’/ дахь минутад гоол оруулсан бол “Эф Си Улаанбаатар”-ын О.Баяржаргал 69’ дэх минутад дахин нэг гоолыг торгуулийн цохилтоос өөрийн нэр дээр бичүүлсэн.





Ийнхүү нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар сити” анх удаа “МХБХ-ны цом”-ын эзэд болж “Эф Си Улаанбаатар” мөнгөн медаль хүртэн, “Эрчим”, “Дэрэн” клубүүд удаах байруудад шалгарлаа.

Энэ жил “МХБХ-ны цом”-д “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”, болон УАШТ-д оролцдог нийт 30 баг өрсөлдсөн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт байв. Аваргын цомыг өргөсөн “Улаанбаатар сити” 12 сая, мөнгөн медалийн эзэд “Эф Си Улаанбаатар” 8 сая төгрөгөөр шагнуулаад зогсохгүй хагас шигшээд үлдсэн “Эрчим”, “Дэрэн” клубүүд 2.5 сая төгрөгийн эзэд болсон.



Ийнхүү Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2017 оны талбайн улирлаа, цомын тэмцээний хаалтын хамтаар амжилттай хийлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.