Шинэ бүхэн дуулиан дагуулдаг учраас л хип хопчид шүүмжлэлд их өрдтөг байсан
Уянгалаг хайрын дyy, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн "Digital" хамтлаг байгуулагдаад хэдийнэ 15 жил өнгөрчээ. Анх 1999 оны аравдугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан тус хамтлаг 15 жилийн ойгоо угтан ирэх сард бие даасан тоглолтоо тоглохоор бэлтгэлдээ оржээ. Тус хамтлагийн гишүүн, дуучин Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

-Ярилцлагаа таны анх хип хоп урсгалыг сонирхож эхэлсэн тэр үеэс эхэлье?

-Би чинь I хороололд өссөн хүүхэд шүү дээ. Одоогийн "Ice top" хамтлагийнхан бид хэд нэг дор өссөн. Их ч хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Миний бага нас, энэ урлагт хөл тавьсан нь ч гэсэн "Ice top''-той салшгүй холбоотой. Бид багадаа хамт peп бүжиглэдэг байлаа. Тэгэж л яваад л энэ урлагтай холбогдсон доо.

-Монголын ихэнх хип хоп хамтлагуудын замналыг харахад гараагаа peп бүжгийн хамтлагаас эхэлсэн байдаг. Яагаад хип хоп гэх энэ урсгалыг илүү түлхүү сонирхох болов?

-Тухайн үед бүх л зүйл ид дэлгэрч байсан үе шүү дээ. Peп бүжиг ч гэсэн. Тэр үед зохиогддог байсан бүх л peп бүжгийн тэмцээнд оролцдог байлаа. Ер нь бол ихэнхэд нь түрүүлдэг байсан шүү. Тухайн цаг үед өссөн бидний үеийн замуус бол мэдэж л байгаа байх. Тэндээс л "Ice top", "Digital" гэсэн хоёр хамтлаг салаалж байлаа.

Яг тэр үед Монголд хип хоп урсгал дэлгэрч эхэлсэн. Их ч сонирхсон доо. Юугаа ч мэдэхгүй арван хэдтэй хэдэн хүүхдүүд л нийлж байж. Юунд хүрэх, яахаа ч мэдэхгүй. Нэг юм хийгээд үзчих юмсан гэсэн сонирхолдоо хөтлөгдөөд л. Харин одоо бол дуугаа дуулж хүмүүсийн талархлыг хүлээх юмсан, чанартай уран бүтээл хүргэх юмсан гэсэн зорилготой болжээ.

-Гэхдээ тухайн үед хүмүүсийн хип хоп урсгапд хандах хандлага одоогийнхоос эрс ондоо байсан шүү дээ. Дуунууд нь этгээд үг хэллэгтэй, хувцаслалт нь ч өргөн өмд, малгайтай цамц байдаг гээд шүүмжлэл их л сонсч байсан байх даа?

-Бүх зүйл шинэ дээрээ дандаа л шүүмжлэгдэж, муулагддаг шүү дээ. Тэрийг тойроогүй дайраад л гарсан. Рок попын ах, эгч нарыг ч анх дуулж эхэлж байхад нь элдвээр шүүмжилж л байсан байх. Тэрэнтэй л адилхан. Шинэ болгон дуулиан дагуулдаг.

-Хамгийн анхны дуу нь ямар дуу байдаг вэ. Анхны дуугаа бичүүлсний дараа ямар сэтгэгдэл төрж байсан бол?

-"Шүүх хурал" гэж дуу байдаг. Тухайн үед одоогийнх шиг олон дуу бичлэгийн студи байгаагүй. Студийн хүмүүсээс гуйж байж арай гэж цаг тохирно. Тэгээд л бичлэгт орох гээд хүлээгээд л сууна. Тэгэж байвал өөр томоохон хамтлаг, дуучид ирэнгүүт биднийг "Дараа ирээрэй" гээд л явуулчихдаг байлаа шүүдээ. Анх хоолойны бичлэгт орж тэрийгээ сонсоод "Пөөх, миний хоолой ямар тэнэг сонсогддог юм бэ" гэж бодсон шүү /инээв/. Туршлагагүй, хоолой суугаагүй л байсан байх даа. Яваандаа өөрийгөө мэддэг болоод ирдэг юм билээ.

-Хип хоп хамтлаг, дуучдын бусдаас ялгарах нэг гол онцлог бол дууны үгээ өөрсдөө бичих шүү дээ. Энэ тухайд?

-Хамтлаг байгуулагдсан цагаас л дууны үг оролдож эхэлсэн. Хүний бичсэн үгийг бариад дуулах нэг өөр, өөрийн шүлгээ дуулах бас нэг өөр шүү дээ.

-Ер нь шүлэг, яруу найраг хэр сонирхдог вэ?

-Хобби гээд хэлэхэд болно доо. Дуу болоогүй шүлгүүд бас нэлээд бий. Шөнө орондоо хэвтэж байхад гэнэт мөртүүд ороод ирнэ. Босоод л буулгана шүү дээ. Тэгэхгүй бол дараа нь мартчих гээд байдаг юм. Болж өгвөл буулгахыг хичээдэг. Ер нь багахан түүвэр гаргачих хэмжээний юм бол байгаа шүү /инээв/.

 -Анхны гэсэн бүхэн мартагдашгүй дурсамж болоод үлддэг. "Digital" хамтлагийнхан анх ямар тоглолтын тайзан дээрээс үзэгчдэд дуугаа хүргэж байсан бол. Сандарч л байсан байх?

-Бүжиглэдэг байсан болохоор сандрах гэх юм байхгүй, харьцангуй нүүр хагарчихсан байлаа. Гэхдээ тайзан дээр гараад бүжиглэх, дуулах гэдэг чинь өөр шүү дээ. Хамгийн анхны тайз гэхээсээ илүү хамгийн анхны том тайзан дээр гарсан нь их хөгжилтэй.

Бид анх удаа "UB Раlасе"-ын концертын их танхимд тоглолтонд оролцох боллоо. "Харанга" хамтлагийн тоглолт байсан санагдана. Нөгөө тайзныхаа хаана нь юу байдгийг нь ч мэдэхгүй.

Манай хамтлагийг үзэгчдийн дундаас тайз руугаа гараарай гэсэн байсан юм. Тэгээд яг гарах болсон чинь тайз руу гарах шат нь хаана байдгийг нь мэдэхгүй хайгаад л. Одоо бодоход хөгжилтэй шүү / инээв/.

-Тэгвэл анхны тоглолтынхоо тухай дурсаач?

-Анхны тоглолт "Дайчин баатрууд бидний өвөг дээдэс" нэртэй болж байлаа. "UB Раlасе"-ын "Laser land''-д тоглож байсан. Хамтлаг ч шинэхэн байлаа. Одоо дурсахаар бөөн инээдэм болдог доо. Туршлагагүй ч байж.

-Аялан тоглолтын тухайд?   

-Монгол орныхоо 21 аймгаар бүтэн тойрч тоглосон.  

-"Digital" хамтлаг клип багатай хамтлаг юм шиг санагддаг. Одоо бол хамтлагууд нэг шинэ дуу гаргаад л тэрийгээ дүрсжүүлдэг болж. Энэ тухайд?

-Тэр ч тийм шүү. Энэ тал дээр бид өөрсдийгөө их голдог юм. Өмнө нь клиптэй, клипгүй дуунууд сонсогчдод хүрчихдэг байсан болохоор тэр тал дээр голчилж ажилладаггүй байсан байх. Сүүлийн үед энэ байг дутагдлаа засах гээд их хичээж байна. Шинэ дуунуудаа клипжүүлж байна. Тун удахгүй "Монголжингоо", "Харьд" дуунуудын шинэхэн ирж клип үзэгчдийн хүртээл болно.

-Танай сүүлийн үеийн уран бүтээлүүд "Youtube''-д хандалтаараа нэлээд дээгүүрт жагсдаг юм билээ. Хэрэв хамтлагийн хит дуунууд анх гарч байх үед цахим ертөнц одоогийнх шиг дэлгэрсэн байсан бол бүр илүү "бут авах" байсан даа гэсэн бодол төрдөг үү?

-Тийм бодол заримдаа төрдөг л юм. Тухайн үед бид дууг кассет, CD-гээр сонсдог байлаа. FM-ээр дуртай дуугаа хүлээж сонсдог л байсан шүү дээ.  

-Бас 15 жилийн хугацаанд их цөөхөн цомог гаргасан?

-Харин тийм. Дуу нь байгаад байдаг хэрнээ цомог байдаггүй. Энэ хугацаанд хоёр цомог, нэг DVD гаргасан байна.

-Харин 15 жилийн ойн хүрээнд шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа гэж сонссон. Энэ тухайд?

-Цомгийн бүх дуунууд бэлэн болчихсон. "Дижитал" нэртэй цомог гарна. Хамгийн гол нь чанар гэж зүйлийг чухалчилж ажиллалаа.

-15 жилийн ойгоо угтаж ирэх сард томоохон хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байна. Энэ тоглолт "Digital" хамтлагийн өмнөх тоглолтуудаас юугаараа өвөрмөц болох бол. Тоглолтын тухай сонирхуулаач?

-Энэ тоглолт манай хамтлагийн "Дайчин баатрууд бидний өвөг дээдэс", "Чамдаа", "Миний хайртай хүмүүс", "Анддаа", "Зүрх рүү" гэх зэрэг өмнөх тоглолтуудаас илүү онцлогтой болох болно. Тоглолтонд Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөхөөр зэхэж байна.

Мөн Буриад, Өвөрмонголоос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох гэж байгаа. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Е" студи, хамтран зохион байгуулагчаар "Dual zet" студи, ерөнхий ивээн тэтгэгчээр "Active world" ХХК ажиллаж байна. Тоглолтоо "UB Раlасе"-ын "Open air''-т тоглохоор төлөвлөж байна. Ойрд болоогүй томоохон тоглолтоор сонсогчдодоо бэлэг барихаар ажиллаж байна. Тоглолтын бэлтгэл ч маш сайн байгаа.

-Ойн хүрээнд тоглолт, шинэ цомог гаргахаас гадна өөр ямар ажлууд төлөвлөгдсөн байгаа бол?

-Тоглолтынхоо дараа Европоор явах төлөвлөгөөтэй байна. Уг нь бид өнгөрсөн жил явах гээд товоо гаргачихсан байж байгаад амжаагүй. Энэ жил ойн хүрээнд заавал явна. Ер нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас маань санал их ирж байгаа.

-Одоо тоглогдох тоглолтонд хамтлаг хуучин бүрэлдэхүүнээрээ цуглах болов уу гэсэн сонсогчдын хүлээлт байгаа байх?

-Анх долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байлаа. Одоо бол дөрвүүлээ байна. Мөөгий маань Австрали руу суралцахаар явсан. Гэхдээ тоглолтондоо ирж оролцоно. Баавар Солонгост эмчилгээ хийлгэж байгаа. Тоглолтонд хуучин бүрэлдэхүүн цуглана.

-Анхны хип хоп хамтлагуудын төлөөллүүд тоглолтонд оролцоно гэлээ. Тэдгээр хамтлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ олдох нь уу, саналыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Мэдээж их дуртай зөвшөөрч байна. Гол нь гадаад, дотоодод ажиллаж амьдарч байгаа хамтлагууд нэлээд байна. Манай тоглолтонд зориулж зарим хамтлагууд тухайн цаг үедээ хит болж байсан дуунуудаа шинэчлэн бичүүлж байгаа. Мөн "Digital" хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хоп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн дуу төрөн гарч байгаа.

Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.