Хэлэлцэх асуудалгүй УИХ, хийх ажилгүй гишүүд
Төрийн ордонд гишүүдийн алхаа түргэсч, хэд хэдээрээ хэлхэлдэн нэг өрөөндөө орж удтал ярилцсан дүр зураг өрнөж байна. Энэ бол ямар нэг хуулийн төслийн хэлэлцүүлэгт саналаа нэгтгэж байгаа асуудал биш юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа парламентаас бүрдүүлж буй учир тэд ийн завгүй байна. Энэ зуур Төрийн ажил эзгүйдэж дууслаа. Бүх байнгын хорооны хуралдаан эхлэнгүүт сөрөг хүчин завсарлага авахаа мэдэгдэж, хуралдаанд оролцсон гишүүд үүнийг нь хоёр гараа өргөн дэмжиж байна. 

УИХ энэ долоо хоногт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон юм. Гэвч энэ долоо хоногийн бүх байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэнгүй. Учир нь сөрөг хүчин шинэ Засгийн газар бүрдэж, төсвийн тодотголоо нарийвчлан авч үзсэний дараа оруулж ирж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлгийг хойшлуулж байна. Нэг үгээр тов зарласан бүх байнгын хорооноос гишүүд завсарлага авчхав.

Ингэснээр УИХ хэлэлцэх асуудалгүй болж байгаа юм. Уг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар энэ оны төсвийн тодотголын  төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ингэхдээ энэ оны төсвийг тодотгож нэг их  наяд төгрөгөөр нэмэх шаардлага үүссэн. Мөн энэ онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг үндэслэж буйг тодотгож байв. Үүнийг ч гишүүд дэмжиж ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гэтэл сөрөг хүчин энэ оны төсвийн тодотголын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт “хийлгэсэнгүй”. 

Намрын чуулган нээлтээ хийгээд арав хонож байна. Энэ хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг батламжилснаас өөр асуудлыг УИХ шийдвэрлэсэнгүй. Уг нь хаврын чуулганы төгсгөлд намрын чуулганаар хэлэлцэх уртаас урт дараалал бүхий хуулийн төслүүдийг жагсаасан. Гэвч өнөөдөр парламент хэлэлцэх асуудалгүй болчхоод сууж байна. Одоогоор УИХ ажилласан дүр л эсгэж байна. 

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.  Ард иргэд тэднийг өөрсдийнх нь төлөө ажиллаж, амьдралд хэрэгтэй хууль тогтоомж гаргаарай хэмээн парламентад илгээдэг Гэтэл эрхэм гишүүд энэ ажлаа умартсан бололтой. Монгол Улсад ч шийдэх, шийдвэрлэх асуудал байхгүй бололтой. УИХ бүтэн долоо хоногт ганцхан энэ оны төсвийн тодотголыг хийхээр төлөвлөсөн байна. Нэг үгээр төсвийн тодотголыг хэлэлцчихвэл өөр хийх ажил байхгүй гэж үзсэн бололтой юм. Нэг үгээр УИХ хэлэлцэх асуудалгүй, гишүүд нь хийх ажилгүй байгаа болчхоод байгаа нь өнөөдрийн парламентын төрх юм. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anu 2017-10-13 17:15:27
    Arduud mini taiban baij,tednii ajiliig hiilge
  • санал 2017-10-12 02:20:07
    танайх оруулсан зүйлээ нэг удаа хянаж уншиж үзээд оруулж байгаач. заримдаа утгагүй найруулга зүйн алдаатай байх юм
  • иргэн 2017-10-12 02:00:21
    мэдээ бичиж чаддаггуй пгоо тойм бичнэ гэж юу байсийм байгаа болчхоод байгаа нь гэх мэтээр галзуу хун л ингэж бичдэг байх