SOS: Соёлын өв
"Мэргэжил"-ийн хэмээх Засгийн газар огцрохоосоо өмнөхөн Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам баталжээ.

Олон журамтай хуулийнхаа нэг журмыг гурван ч засгийн нүүр үзэн байж баталсан тул чухам ямар журам дуншин байж төрснийг олоод харчих санаатай гүүглэдэв. Байдаггүй. “Соёлын өвийг хамгаалах хоёр журам баталлаа” гэсэн гарчигтай товч мэдээнээс өөр мэдээ алга: Хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр гаргах, оруулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулсан журам гэнэ. Зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагаа болон эзэмшигчийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан гэнэ. Ажлын шинэ орон тоо гаргахгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгох журам гэнэ. Ямар ид шидтэй журам бэ? Хорхой хүрээд ахиад хайлаа. Олддоггүй ээ.

Бодвол, зөвшөөрсөн хугацаанд нь буцааж авчраагүй тохиолдлыг ч харгалзсан байх. Хэрэв үнэхээр “бүхий л үйл ажиллагааг зохицуулсан” бол шүү дээ... Олоод нэг харчих юмсан. Арай, 2002 оны Түүх, соёлын олдворыг үзэсгэлэнд тавьж сурталчлах, судалгаа шинжилгээнд ашиглуулах, түүнээс орох орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах  журамд заасан шигээ “Төрийн өмчлөлд байгаа түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворуудыг…Засгийн газрын тогтоосон хугацаа, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлнэ” гэчихээд сууж байгаа юм биш биз...

Ингэхэд түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворууд гэж юу вэ? Шинэчлэн найруулсан соёлын өвийг хамгаалах хуульд: Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл гэж бий. Бас, эх олдвор гэсэн нэр томьёо ч бий. Харин 2014 онд хүчингүй болсонд тооцсон 2001 оны хуульд: “түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлд тодорхойлогдвол уг олдворыг эрдэнэсийн сан, улсын музейд шилжүүлнэ” гэж заасан ч яг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворууд гэдэг нэр томьёо байдаггүй. Байддаггүй тул зөвхөн үнэтэй цайтай олдворуудыг хугацаа, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхээр шинэ нэр томьёо зохиож дээрх 2002 оны журмыг батлахдаа хуультай зөрчилдөхгүй гэж үзсэн бололтой.
2008 онд ШУА-ын Археологийн хүрээлэнгээс Жаргалант хайрхан, Цагаан хад, Чонот хайрхан зэрэг хэд хэдэн газраас олдсон түрэг, киданы үеийн 100 гаруй нэр төрлийн  230 гаруй олдворыг судалгаа шинжилгээ, сэргээн засварлах зорилгоор Германд гаргаад таван жилийн дараа буцаагаад авчирсныг улсын музейд бүртгэхэд 64 ширхэг л болсон гэдэг. Шороо, чулуутайгаа овор хэмжээ ихтэй ачаа хилээр гарсан ч ирэхдээ их л цомхон ирсэн бололтой. Судалгаа шинжилгээний явцад нэг бөөн юмнаас нэлээд хэдэн олдвор илрэх, эсвэл нэг ч олигтой олдворгүй хэсэг шороо байх тохиолдлыг үгүйсгэхгүй ч яг хэчнээн олдвор хилийн чанадад илэрснийг яаж мэдэх үү. Музейд байгаа үзмэрээс илүүтэйгээр газрын доорх илрүүлээгүй олдворууд монгол үндэстний түүх, соёлын нууцыг хадгалсан байхыг хэн үгүйсгэх вэ!

Уг нь газрын хэвлий дэх баялаг төрийн өмч болохыг Үндсэн хуульдаа зарлаад Соёлын өвийг хамгаалах тухай хуульд: түүх, соёлын үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлийг төрийн хамгаалалтад авч аливаа олдвор нь төрийн өмч мөн гэж илрүүлээгүй соёлын өв төрийн өмч болгохыг давхар баталсан улс билээ. Үүнийг ч Нью-Иоркийн шүүхэд америкийн прокурорууд дурдаж, Т-баатарыг өөрийн иргэнээс хураан авч, эгүүлэн өгсөн. Хэрэв 2002 оны  журмыг хулгайч Эрик Прокопигийн өмгөөлөгчид олж үзсэн бол ёстой балрах байлаа.

Ер нь, нэг хууль баталчихаад, дараагаар нь өчнөөн олон замбараагүй журам баталдаг практикийг цэгцэлмээр юм. Сиймхийгээр, Үндсэн хуулиасаа ч давсан журам баталж мэдэх нь... Үнэхээр санаатай эсвэл санамсаргүй гаргасан алдаа юу? Аль нь ч байлаа. Осолтой алдаа. Legalinfo дээр торойж байхыг бодоход 2002 оны журам одоо хүртэл үйлчилсээр байна. Хууль нь батлагдаад гурван жил болж байхад дүрэм журамнууд нь нохойн баас шиг цувран гарч шинэчлэгдэнэ гэдэг хуулийн цоорхойг албаар бий болгож буй хэрэг гэж зарим мэргэжилтнүүд үздэг билээ.

Үнэндээ, энэ олон замын алийгээр явах вэ, таминь ээ гэдэг шиг энэ олон журмын учрыг олохсон. Олон журам батлах нь хуулийн заалтуудыг бултуулж, зувчуулдаг арга ч байж мэднэ. 2003 оны Түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд лиценз олгох журам гэж бас байгаа. Бүр 2002 оны журамд “журмын дотор журам хийж паасалсан” байдаг: Улсын хил гаргасан түүх, соёлын олдворууд алдагдсан, үрэгдсэн тохиолдолд Монгол Улсын өмч болохын хувьд эргүүлж авчрах ажлыг ШУА, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон цагдаагийн байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулна гэж. Гэхдээ энэ заалтад алдсан ч алзахгүй гэсэн аятай, зөвшөөрөлгүй гаргасан түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт олдворуудыг дурдаагүй байна.

*
Хар ухаанаар бодоход, хилээр нэвтрүүлэх журамд соёлын өвийг гаргах мөн оруулах  бүх зохицуулалтуудыг хийх ёстой. Хуулийн дагуу зөвшөөрлөөр түр экспортлоод, хулгайлсан бол яах вэ? Зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн бол яах вэ? Зувчуулсан тохиолдолд эрэн сурвалжлах, эргүүлэн авчрах зардлыг хаанаас гаргах вэ? Яг адилхныг хийгээд эх олдворыг аваад үлдэх, солих, хуулбарлах асуудал гарвал яах вэ? гэсэн хамгийн энгийн асуултуудад шинэ журам хариу өгөх учиртай.  Яагаад гэвэл 2002 оны журамд гадагш зувчуулсан соёлын өвийг эргүүлэн авчрах зардлыг огт дурдаагүй. Зөвхөн олсон ашгийг нь хэрхэн хувираалах, зохицуулах талаар заасан.

Хэдийгээр 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуульд хууль бусаар зувчуулсан соёлын өвийг эргүүлэн авчрах зардлыг тодорхой заагүй орхисон ч манай улсад хил дамнуулан зувчуулсан соёлын өвийг эргүүлэн авчрах эрх зүйн орчин бүрэн бүрэлдээгүй ч Т-батаарыг авчирсан асар том туршлага байхад шинэ журамд нарийн зохицуулалтууд хийсэн байх. 2013 онд Т-батаарыг хилээр оруулахад, санд мэнд баталсан ГЕГ-ын даргын 2013 оны А/250-р тушаалаар, 2008 оны Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах горим хэрэгжүүлэх журамд нэмэлт оруулсан горимын дагуу гаалийн мэдүүлэг шаардахгүй оруулж ирсэн гэдэг. Үүнийг улам боловсронгуй болгосон болов уу.

Зөвшөөрлөөр хилээр гаргасан үзмэр, олдворуудыг хугацааг нь хэтрүүлсэн, эргүүлж авчраагүй өчнөөн тохиолдол бий. Ганцхан манайд ч биш олон улсад хэрээс хэтэртэл олон гараад бүр арга ядахдаа: Үзэсгэлэнд гаргах, судалж шинжлэх, сэргээн засварлах гэх зэрэг зориулалтаар түр экспортолсон соёлын өвийг зөвшөөрлийн нөхцлийн дагуу буцаагаагүй бол хууль бусаар экспортолсон гэж үзнэ хэмээн маш тодорхой заасан нэгэн конвенцийг 1995 онд хүртэл баталсан – Хулгайлсан эсвэл хуул бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-гийн Конвенц гэдэг. Гадаад хэргийн сайд байсан Л.Пүрэвсүрэн 2015 онд манай улс нэгдэн орно гээд ГХЯ-ны албан ёсны вэбсайт дээрээ “Монгол Улс энэ ондоо багтан ЮНИДРУА-гийн Конвенцид элсэн орно” хэмээн зарлаж байв. Гэвч бараагүй. Гадаад хэргийн болон соёлын яам судлах ажлыг нэг нэгэн рүүгээ чихсээр өдий хүрлээ. Харин хэсэгхэн мэргэжилтнүүд зүгээр суусангүй судаллаа.

ЮНИДРУА-гийн Конвенцид хууль бусаар хадгалсан өвийг хулгайлсан гээд өчиггүй эргүүлэн олгох механизмыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн дагуу түр экспортолсон өвийг хугацаанд нь эргүүлж өгөлгүй хадгалсан бол хулгайлсан гээд өчиггүй эгүүлэх авах бас нэг хувилбар бий. Мэдээж хууль бусаар экспортолсон гэж бас шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Мөн уг конвенцид хил дамнуулан хууль бусаар зувчуулсан соёлын өвийг уугуул улсад нь буцаах зардлыг зөвхөн буцаан авах нэхэмжлэл гаргасан улсаас нь биш мөн өөр эх үүсвэрүүдээс гаргах боломжийг ч нээсэн. Нэгдэн ороогүй ч хууль тогтоомждоо тусгаж өгөхөд их тустай зохицуулалтууд байдаг юм байна.

Харин манай улс 1991 онд нэгдэн орсон Соёлын үнэт зүйлийн хууль бус экспорт, импорт, өмчлөх эрхийн шилжилтийг урьдчилан сэргийлэх болон хориглох арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн 1970 оны Конвенцид, соёлын өвөө буцаан авах хүсэлт гаргасан уугуул улс нь буцаах зардлыг даах ёстой хэмээн маш тодорхой заасан байдаг. Тиймээс манай улс хүлээсэн үүргийнхээ дагуу соёлын өвөө буцаан авчрах зардлыг хаанаас гаргахыг, ядах нь аа, хуульчилсан байх ёстой. Мөн соёлын өвөө гадаадад гаргах хууль, дүрэм журмаа хамгийн түрүүнд олон нийтэд танилцуулж, дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг гадаад хэлээр орчуулан албажуулах ёстой. Ингэснээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг өчүүхэн боловч хэрэгжүүлж байгаа хэрэг билээ. Эс тэгвээс палеонтологийн олдворуудыг Америк руу зувчуулсан Эрик Прокопигийн өмгөөлөгчийн хэлсэн “монголын соёлын хуулийг англи хэлээр хайгаад олоогүй тул хулгайлаагүй” гэдэг аргументтай байнга гадаадын шүүхэд тулгарах болно.

Энэ дашрамд, 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн албажуулсан орчуулга өдий хүртэл байхгүйг сануулмаар байна.  Соёлын өвийг хамгаалах үндэсний хуулиудын ЮНЕСКО-гийн мэдээллийн санд оруулсан орчуулгад 2016 онд оруулсан өөрчлөлтүүдийг нэмж оруулаагүй мартжээ. Мөн яаралтай албажуулахгүй бол өмнөх хувилбарууд нь энд тэнд тархсан ч харагдана. Энэ бол ЮНЕСКО-гийн ажил биш. Монгол Улсын Засгийн газрын ажил. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар хэрэгжүүлэх ёстой, зардал мөнгийг нь харамгүй гаргах ёстой ажил билээ. Эцсийн бүлэгт үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол хямдхан гэж үү?

Ийм атал Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам шинээр орон тоо нэмэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгоно гэдэг “мэссэж” олон нийтэд түгээх нь утгагүй юм. Юу гэсэн үг вэ? Хүний соёлын өвийг албатай мэт хамгаалаад байгаа хэрэг үү? Ачааллынхаа хязгаарыг давтал соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцсэн бил үү? Соёлын өвийн хамгаалалт олон улсын жишигт хүрсэн бил үү? Үндэсний мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварт анхаарч, судалгаа шинжилгээний ажлыг дэмждэг бил үү? Эсвэл 15 жил хэн ч олж хараагүй 2002 оны молигыг үмхүүлчихсэн юм уу? Ахиад. Арай үгүй байлгүй дээ... Зардалгүй журмыг задлах байлгүй удалгүй... Бүр англи, франц, хятад, орос хэлээр нь түгээх байлгүй. Тэр болтол Sos! Sos! Soёлын өв.
 
Х.Эрдэмбилэг

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.