Өвчин намдаагч эм хамгийн их эрэлттэй байдаг гэв
Манай улсад эм ханган нийлүүлэгч болон эм үйлдвэрлэгч, эм импортлогч байгууллагууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад иргэд эмийг чихэр шиг хэрэглэх болж гээд хэлчихвэл нэг их хилсдэхгүй болов уу. Иймээс эмийн хэрэглээний талаар сурвалжпахаар “Бөмбөгөр'' худалдааны төвийн ойролцоох эм ханган нийлүүлэх төвүүдийг зорилоо. Өглөөний 11:00 цагийн үед энэ байгууллагуудын гол төвлөрөл болсон тус газар үйлчлүүлэгч ихтэй байв. Тухайлбал, нэг худалдан авагч 300-500 мянган төгрөгөөр эм болон эмнэлгийн хэрэгсэл авах бөгөөд энд эмийн худалдаа ширхэгээр бус хэдэн зуун мянгаар хийгдэх аж. Ингээд энэ олон эм ханган нийлүүлэх байгууллагуудаас үйлчлүүлэгч хамгийн ихтэй харагдсан “Декал фарм” ХХК-ийн бөөний төвөөр орлоо.
 
Хаалган дээрээ хувь хүнд бус аж ахуйн нэгжид үйлчилнэ гэсэн зарлал наасан байв. Мөн нэг давхартаа жижиглэнгээр худалдаадаг эмийн сантай. Лангуун дээрээ эм эмийн хэрэгслийг төрөл бүрээр нь дэлгэсэн байсан юм. Эмийн санч бүсгүй утсаар эмийн захиалга авч байгаа бололтой. “Тэр эм нь байгаа. Харин тэр нь тэдэн төгрөгийн үнэтэй зарагдаж байна” хэмээн цаад хүндээ тайлбарлаж байв. Ингээд захиалга авч дууссан бололтой утсаа тавиад 300 мянган төгрөгийн захиалга орж ирлээ гэж гэр бүлийн хүн нь бололтой залууд хэлэв. Хэсэг хугацаа өнгөрөх бүрт л үйлчлүүлэхээр ирэх иргэн олонтаа тохиолдов.
 
“Авдаг эмүүдээ л авъя үнийг нь доошоо буулгана биз дээ” хэмээн яриа өдсөөр орж ирэх. Тэнд байрлах бөөний төвүүд байнгын худалдан авагч ихтэй тул өдрийн турш хөл хөдөлгөөн тасардаггүй аж. Иймээс ч эм зүйчид нэг, хоёр ширхэг эм асуусан хүнийг үл тоосон байдалтай харагдав. Тэдгээр бөөний төвүүдэд зарагдаж буй эмийн үнэ хэлбэлзэлтэй байх нь анзаарагдаж байв. Тухайлбал, “Декал фарм” ХХК-нд диклоденк буюу өвчин намдаах эм 3500, анальгин 500, миксагрипп 450 төгрөгөөр худалдаалж байлаа. Харин “Оол эм" ХХК-д диклоденк 3000, анальгин 600, миксагриппийг 500 төгрөгөөр худалдах аж. Эмийн сангуудад өвчин намдаах эм хамгийн эрэлттэй байдаг учир хамгийн түрүүлж үнийг нь нааш цааш болгодог гэсэн. Ер нь, “Цомбо”, “Мөнхийн тун” зэрэг газраар ороход бүгд л харилцан адилгүй үнэ хэлж байлаа. 200-5000 төгрөгийн зөрүү элбэг гарах юм билээ. Иймээс яагаад ийм зөрүүтэй үнэ хэлж байгаа талаар эмзүйчдээс тодруулахад “ Эм эмнэлгийн хэрэгслийн үнэ цаанаасаа ирэхдээ нэмэгдэж байна. Тэгээд ч манайх ямар дотооддоо эмээ үйлдвэрлэж байгаа биш. Дандаа л урдаас орж ирдэг. Доллар, юанийн ханш өсөхөөр дагаад эмийн үнэ өссөн. Ер нь бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна шүү дээ” хэмээн ярьсан юм.
 
Ингээд эм худалдан авч байгаа зарим иргэнтэй уулзахад өөрийгөө н.Оюунцэцэг гэж танилцуулсан эмээ “Олон жил мал дээр байсан болохоор бруцеллёз өвчтэй болсон. Иймээс өдөр бүр үе мөчний болоод өвчин намдаах эм уудаг, Гэрийнхээ ойр хавиас авахаар үнэтэй байдаг юм. Эндээс авбал ядаж 5000 мянган төгрөг хэмнэдэг. Эмийн үнэ өдөр ирэх бүр л нэмэгдээд байх юм. Би өвчин намдаах эмээ жилийн өмнө арван ширхгийг нь 8000 төгрөгөөр авдаг байсан бол одоо арван мянган төгрөгөөр авдаг болсон. Өдөр болгон эм хэрэглэдэг хүн хэцүү юм. Хоолоо авах уу, эмээ уух уу гэдэг сонголт тулгараад байна” гэв. Энэ бүхнээс харахад өнөөдөр эмийн борлуулалт хүнсний худалдаанаас  дутахааргүй болжээ. Зөвхөн нийслэлд л гэхэд  700 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийг зовлонгоо тоочих төдийд  л тэр сайн, энэ нь сайн гээд үнэтэй эмээ борлуулдаг. Эм зүйчид жор нэхэхээ ч байж.
 
Тухайлбал, хоёр настай хүүхдэд цагаан хорхой илрээд байх шиг байна. Ямар эм өгдөг юм болоо гэх эмэгтэйд эмийн сан ч бүсгүй энэ ч сайн тэр нь бол бүүр сайн гэж хэдэн эмийн нэр дурдаад л мөнгөнд нь тааруулаад Гельминтокс гэдэг  эм өглөө. Бүсгүйн дараагаар үйлчлүүлэх залуу толгойн өвчинг сайн дарах ямар эм байна гэхэд Саделгин сайн байдаг шүү дээ гээд л зарж орхив. Энэ мэт эмчийн заавраар бус зүгээр л дур мэдэн эм хэрэглэх иргэд эмийн сангаар үйлчлүүлж байгаа иргэдийн тал хувийг нь эзлэж байв. Нийслэлийн гудамжинд хаашаа л харна эмийн сан олонтоо тааралддаг. Уг нь 2011 оны хоёрдугаар сард Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн хурлаар эмийн сангийн талаарх зарим зарчмын өөрчлөлтүүдийг оруулж байсан.
 
Жишээ нь аймаг, нийслэл дэх эмийн сангийн тоог хүн амын нягтрал болон байршлаас хамааруулж 5000 хүн ам тутамд нэг эмийн сан, эсвэл эмийн сан хоорондын зайг 500 метрээс багагүй байхаар тусгасан. Гэвч “сүлжээний” эмийн сангууд таван алхмын наана цаана ч байсаар. Тэд жороор эм олгодоггүй эм зүйчээр дүүрэн. Тодруулбал, иргэд ,дэлгүүрээс хүнсээ сонгож байгаа аятай тэр ч эмийг авъя, энэ ч витаминыг авъя гээд л зогсож байх юм. Эм зүйчид ч түүнийг нь дуртай гэгч гаргаад өгөх юм. Эм худалдагч нарын дунд эмийн мэдлэгэээ дээшлүүлэх ямар нэг арга хэмжээ, семинар зохион байгуулдаггүй. Олон Улсын хувьд эм зүйн нийгэмлэг иргэдийн өмнө өндөр хариуцлага хүлээх бөгөөд аливаа мэргэжлийн холбогдолтой асуудлыг нийгэмлэгийн гишүүд хариуцан боловсруулж, тэдний саналыг шийдвэр гаргах түвшинд харгалзан үздэг. Харин манайд энэ салбар хаана явна вэ.
 
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sergelen  2022-07-22 12:45:32
    bi vrewsel darah em aptekas awcn uudag zarimdaa owcnin namdhgvi ym emcn bicnij ogson emg awdg zarim aptekd shirhegn 400 monosd oor emiinsand 5000shirhegn