Орлого төвлөрүүлэхийн тулд мэргэжлийн хяналтынхан хяналт шалгалтын аргыг түлхүү хэрэглэдэг

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ мэргэжлийн хяналтын салбарын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан өнөөдөр хэлэлцүүллээ.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг тус салбарын хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Тус газрын даргаар Д.Батмөнх 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл, Ш.Раднаасэд 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэл, Ц.Шаравдорж 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд Н.Цагаанхүү 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Удирдлагын томилгоо энэ мэтээр тогтвортой биш байдаг нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байв.

Хүний нөөцийн хангалтын хувьд цөмийн энерги, цацраг, эм зүй, эрүүл ахуй, эмчилгээ, оношлогооны хяналтыг хэрэгжүүлэх нарийн мэргэжлийн боловсон хүчин орон нутаг дахь салбар байгууллагуудад хомсдолтой байдаг байна. Төрийн захиргааны албан хаагч буюу байцаагчийн ажлын байранд тавигдах мэргэжлийн болон ажлын туршлагын шаардлагыг хангаагүй иргэнийг зарим тохиолдолд томилдог зөрчил байдал орон нутагт байгаа нь төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулахад хүргэж байгаа юм. Аймаг, орон нутагт зарим нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтойг далимдуулан уг албан тушаалд мэргэжлийн бус, Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, удирдлагаас баталсан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй иргэнийг байцаагчийн албан тушаалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас нэр дэвшүүлж байгааг Ажлын хэсгээс дурдаж анхаарууллаа. МХЕГ 2015-2016 онд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсон 6 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин 20.8 сая төгрөг олгосон байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээ байгуулсан нь зохисгүй байна. Гэрээний үүргийг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх шаардлага тулгарч байна. Орлого төвлөрүүлэхийн тулд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт шалгалтын аргыг түлхүү хэрэглэж, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх хэлбэрийг орхигдуулж байна. Энэ нь төрийн хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж Ажлын хэсгээс дүгнэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд хилийн мэргэжлийн хяналт, барилга, уул уурхайн мэргэжлийн хяналт болон дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад ихээхэн эрсдэлтэй байдаг. Шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд хилийн мэргэжлийн хяналт, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орох хүсэл ихтэй байдаг нь үүний илэрхийлэл юм. Тус салбар эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг бий болгож хяналт шалгалтынхаа талаарх мэдээллийг цахим системд оруулж байгаа ч одоогийн байдлаар зөвхөн хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтынхаа талаар цахим системд оруулаагүй байна.

Байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын ихэнх хувийг орон нутгийн салбарын дарга, байцаагч нарын ёс зүйн доголдолтой холбоотой гаргасан өргөдөл, гомдол зонхилж байв. Гэвч тэдгээрийг тогтоон шийдвэрлэж арга хэмжээ аваагүй. Хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагын хувьд авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх нэг гол арга хэрэгсэл нь дотоод хяналт шалгалтын механизмын үйл ажиллагаа байтал ирсэн өргөдөл, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэх хүсэл сонирхолгүй байна. Тиймээс хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, албан хаагчдаа чадавхижуулах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс анхаарууллаа.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Байцаагч 2017-10-22 01:19:55
    Н.Цагаанхүү ажлаа хийх хэрэгтэй хов жив яриж явахаар хилийн хяналт гэж дампуурсан газар бнаа өргөдөл хүсэлт өгөөд байхад шийдвэрлэж өгөхгүй таг дарчихдаг
  • байцаагч 2017-10-17 11:26:35
    торгууль шийтгэвэр тогтоох асуудлыг төлөвлөдөг гэсэн үг үү.Аж ахуйн нэгжид өдөрт 3 салбарын байцаагч шалгалтаар ирж ажил хийлгэдэггүй. янз бүрийн өө эрдэг
  • Бат 2017-10-17 06:53:16
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • МХяналт орлого төвлөрүллдэг газар биш 2017-10-17 06:03:44
    Хууль хэрэгжүүлж ажиллуулах үндсэн үүрэгтэй. Мөнгөн торгууль акт тавих зорилго нь биш. Дүрэм журамаар ажиллуулж сургах нь ГОЛ ЗОРИЛГО НЬ.