Заамарынхан Засгийн газар, АМГТГ-ыг шүүхэд өгнө

Төв аймгийн Заамар сумын Төмөстий багын нутаг дэвсгэрээс 15.541.8 га газрыг “Эрдэнэсийн эрэг” компанид аймгийн удирдлагууд нь Уул уурхайн яам, АМГТГ-т ухуулах хүсэлт тавьж, тусгай зөвшөөрөл авсныг өмнөх нийтлэлээр ил болгосон. Тэгвэл аймгийн удирдлагуудын хууль бус энэ үйлдлийг баримтаар сонссон малчид итгэж ядан, зарим нь уйлж, даанч дээ гэж халаглаж байсан юм. Энэ сарын 14-нд уг тусгай зөвшөөрлийг цуцлуулах Төмөстий багийн ИНХ-аас сонгогдсон Ажлын хэсгийнхэн малчидтай уулзаж хулгайгаар газрыг нь зарсан дарга нарын үйлдлийг баримтаар үзүүлж тэднийг шүүхэд өгөх болсоноо мэдэгдсэн юм.

Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ оны нэгдүгээр сарын 24-ний дэмжлэг хүссэн 41 тоот албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид, АМГТГ-т аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаар тогтоолыг, Засаг дарга Ж.Батжаргал албан тоотоор хүргүүлсэн юм. Уг тогтоолд Заамар сумын нутагт сонгон шал­гаруу­лалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлт ирүүлсэн газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбай тул хамгаалалтаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр хойшлуулж өгөх тухай дурьдсан. Учир нь тус газарт орон нутгаас санал авах хуулийн хугацаа 30 хоног. Хуулиар бол дэмжинэ, дэмжихгүй гэсэн бичиг илгээх ёстой. Гэвч Төв аймгийн удирдлагууд өөрсдөө уг газрыг ухах далд санаа агуулсан учраас баг, сумын ИНХ-ын саналыг үл тоон түр хойшлуулах буюу зөвшөөрч байна гэсэн агуулгатай хариу өгсөн нь тусгай зөвшөөрөл олгох боломж олгосон юм гэж АМГТГ-ын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэй О.Батхүү тайлбарласан.

Мөн тэрээр хаалттай сонгон шалгаруулалтад “Төв Эрдэнэс” ОНӨААТУҮГ, ”Голд Харбор” компани хамтран оролцож эдний мэдлийн “Эрдэнэсийн эрэг” компанид олгосон. Нийтдээ 834 сая төгрөгөөр худалдан авсан гэж байв. Төмөстий баг 91.207 мкв газар нутагтай. 286 өрхийн 1000 орчим хүн амьдардаг. Заамар сумын нийт газар нутгийн тал хувь тус багт бэлчээрийн талбай эзэлдэг. Усны болон ойн сан бүхий түүхий дурсгалт 20 газар, сумын тусгай хамгаалалтай 76 газрын ихэнх нь энэ багт байдаг. Тус 15.541.8 га дотор 237 өрхийн өвөлжөө, хаваржаа байдаг ба 15 мянгат малчинтай. Сумын нийт малын 50 хувь нь жилийн дөрвөн улиралд нутагладаг ус, хужир, бэлчээр бүхий гол нутаг. Багийн уулзалтад 100 гаруй малчин оролцсан. Ажлын хэсгийн ахлагч Л.Амгаланбаяр ”Аймгийн удирдлагууд малчид биднийг хулхидаж газар нутгийг минь хаалттай тендерээр “Эрдэнэсийн эрэг“ компанид 834 сая төгрөгөөр худалдсан байна. Энэ компани өнөөдөр нэрээ сольсон байх магадлалтай. Төв аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн ч үүнд оролцсоныг албан бус эх сурвалжууд хэлж байна” гэв.

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 37 тоот тогтоолын дагуу олгосон тусгай зөв­шөөр­­лийг цуцлуулахаар ийнхүү малчид АМГТГ, Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсон юм. Тиймээс ажлын хэсгээс малчидтай итгэлцлийн гэрээ байгуулж таван малчинг нэхэмжлэгчээр сонгосон. Төмөстий багийн малчин аймгийн алдарт уяач Д.Баасан “Би энэ нутагтаа үе удмаараа амьдарч сүүлийн 30 жил мал маллаж байна. Аймгийн засаг дарга Ж.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Энхбат нар биднийг хулхидсанд их гомдож байна. Итгэж найдаж найман жил сонгосондоо харамсаж байна. Тэднийг энд ирвэл сонсох ч хүсэл алга. Тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэнэ” гэсэн бол иргэн Ш.Энхтайван “Аймгийн удирдлагуудыг ирвэл оймс шидэх ч багадна, чулуу шидэж хөөж явуулна” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байсан.

Итгэлцлийн гэрээ шүүх үйл ажиллагаа дуустал хүчин төгөлдөр байх ба аймгийн архивын газарт хадгалж түүхэнд үлдээнэ. Малчид нутаг орноо ашигт малтмалын зориулалтаар ухуулахгүй гэж хэрхэн тэмцэж байсан болон дарга нар нь хэрхэн хулхидсан тухай хойч үе минь мэдэх хэрэгтэй гэж Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Буянхишиг ярьсан.



Зууны мэдээ
Ц.Баяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-18 03:49:30
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • zochin 2017-10-18 03:19:41
    olgovor Dashdorjiin gar hol bologch neg angiin lyivarchid bas Gambaan iyv dee