Засгийн газрын найман гишүүнийг томиллоо
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Намсрайн ЦЭРЭНБАТ

Н.Цэрэнбатыг БОАЖ-ынайгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа. Нэр дэвшигчийн талаар Байнгын хороод өчигдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн 95.8 хувийн саналаар дэмжжээ.



Нэр дэвшигч Н.Цэрэнбат 1996 онд Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд Мобиком корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 



Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулав. Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Лүндээжанцан, Ц.Гарамжав нар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт бодлогын түвшинд нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлын талаар санал хэлж, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, дэлхийн дулаарлын нөлөөлөлд хамгийн их өртөж буй Монгол Улсын хувьд байгаль орчны асуудал асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бодлого, үйл ажиллагаа тун чухал гэдгийг хэлж байв. Түүнчлэн агаар, хөрс, усны бохирдол нь нийслэл төдийгүй төвлөрсөн суурингуудад нэн тулгамдаад буй асуудал болсон тул бодитоор шийдвэрлэх, энэ чиглэлээр бусад яамтай хамтран ажиллах, хариуцлагагүй уул уурхайн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарах, аялал жуулчлалын салбарт төрийн цогц бодлого хэрэгжүүлэх, өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхийг захилаа. 

Ингээд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайдаар томилуулах саналыг дэмжсэн хамтран хуралдсан Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний  60 нь буюу  88.2 хувь нь дэмжлээ. 

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Нямаагийн ЭНХБОЛД

Н.Энхболдыг БХ-ын сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулж, Байнгын хороо нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжсэнийг дурдав.

Нэр дэвшигч Н.Энхболд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1993 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны даргын алба хашиж иржээ. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.



Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асууж тодруулан саналаа хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд Ингээд Н.Энхболдыг БХ-ын сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжлээ.

Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Дамдины ЦОГТБААТАР

Д.Цогтбаатарыг ГХ-ны сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Тус байнгын хороо өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжсэн юм.

Нэр дэвшигч Д.Цогтбаатар 1988 онд нийслэлийн 16 дугаар орос дунд сургууль, 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хууль зүйн магистр. Тэрбээр 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, улмаар 2013 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж иржээ. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.



Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 63 нь буюу 91.3 хувь нь Д.Цогтбаатарыг ГХ-ны сайдаар томилохыг дэмжсэн юм. 

Сангийн сайдад нэр дэвшигч Чимэдийн ХҮРЭЛБААТАР

Дараа нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдын албан тушаалд томилуулах талаар байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд санал нэгтэй дэмжсэн юм.

Нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайдаар, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албант тушаалд дахин сонгогдон ажиллаж байгаа.



Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69 гишүүний 89.9 хувь нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилуулах саналыг дэмжлээ.  

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Цэндийн НЯМДОРЖ

Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдын албан тушаалд томилуулах саналыг байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ц.Нямдорж 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд мэргэжилтнээр ажиллажээ. Улмаар 2000-2005, 2008-2012 онуудад Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. 1992 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдоод байгаа бөгөөд 2005-2007 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол 2016 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байгаа.



Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 62 нь буюу 89.9 хувь нь дэмжив. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Содномын ЧИНЗОРИГ

С.Чинзоригийг ХНХ-ын сайдын албан тушаалд томилуулах саналыг байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд санал нэгтэй дэмжсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцууллаа.

Нэр дэвшигч С.Чинзориг 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1986-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, улмаар 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.




Ерөнхий сайдын санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны зэрэгцээ эрхлэх ажил үүрэгтэй нь холбогдсон зарим саналаа хэлсэн юм.

Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн С.Чинзоригийг ХНХ-ын сайдаар томилуулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 61 нь буюу 89.7 хувь нь дэмжлээ.

Ийнхүү Засгийн газрын 15 гишүүнийг томилуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг лхагва гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, найман сайдыг албан тушаалд нь томилохыг дэмжив. Чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар
 
  • Хавдисламын Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдын,
  • Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын,
  • Жадамбын Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын,
  • Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын,
  • Батжаргалын Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын,
  • Цэрэнпилийн Даваасүрэнг Эрчим хүчний сайдын,
  • Даваажанцангийн Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус тус томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бахь байдөгөөрөө 2017-10-19 04:55:13
    НӨГӨӨ Л ХЭДЙЙН ӨРӨӨСӨНГҮҮД НЬ НЭГ ЦҮНХ БАРИГЧ ШИНЭЭР НЭМЭГДЭЖ ДЭЭ
    182.160.4.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-19 01:19:39
    Гадаад хэргийн сайдынхаа гадаад үзэмжийг сайжруулмаар бна шүү
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-19 00:09:36
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • бАТАА ОДОО БОЛИО  2017-10-19 02:23:49
      ЗАЛХАПАГГҮЙ ЮМУУ
      202.21.115.165
      Мэдэгдсэн Хариулах
  • UBS nam 2017-10-18 17:30:38
    Manai nam 3 saidtai.
    202.9.43.108
    Мэдэгдсэн Хариулах