Засгийн газарт хаягласан 35000 захидал

Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр хоёр сар гаруй тэмцэж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тэд 400-600 мянган төгрөгийн цалингаа дэлхийн жишигт нийцүүлж  1.6 сая төгрөгт хүргэхээр зорьж буй. Багш нар тэмцэж нэгдэж эхэлсэн хоёр сарын хугацаанд жагсч цуглахаас гадна хоёр ч удаа ажил хаялаа. Харин Засгийн газрын зүгээс  шаардлагыг хүлээн авах боломжгүй. Гэхдээ үе шаттайгаар буюу мөнгөний боломж гарангуут багш, эмч нарын цалинг нэмнэ гэсэн байр суурийг баримталж байгаа юм.

Тэгвэл өчигдөрхөн бүрэн эрхээ бататгасан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүргүүлэх анхны шаардлага нь багш нарын 35 мянган захидал байх аж. Энэ асуудлаар  Багш нарын цалин нэмэх түр хорооноос мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, багш нар тэмцлээ үргэлжлүүлж улс орон даяар шар зангиагаар ижилсэхээр болжээ. Мөн Засгийн газартай  хэлэлцээ хийж,  цалин нэмэхгүй гэвэл хугацаагүй ажил хаялт зарлаж, өлсгөлөн зарлах гэнэ.

Багш нарын цаашдын тэмцлийн талаар Цалин нэмэгдүүлэх түр хорооны дарга  Ц.Мөнхтуяа “Бид 35 мянган багшийн захидлыг Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн шар зангиагаар нийгмийг сэрээе гэж байгаа. Шар өнгө бол эрдэм номын өнгө. Багшаа дээдэлж, багшдаа шар өнгийн хадаг барьдаг. Одоо үед багшийг дээдлээгүйгээс болж боловсролын чанар уналтад орлоо. Энэ утгаараа боловсролын чанар багшийн цалингаас хамаарч доошоо орж байна. 2012 онд ам.долларын ханш 1250 байсан бол өнөөдөр 2450 болсон. Тэр үед багш нарын цалин 550 мянга байсан бол өнөөдөр ч 550 мянга байна.

Тийм байтал цалингаа нэмүүлье гэж шаардахаас өөр арга алга. Бид өнөөдөр цалингаа 1.6 сая төгрөг болго гэж шаардаагүй. Ядаж 2017 оны дөрөвдүгээр улиралд 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Түүнээс бид 2018 онд 25-30 хувиар нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бидний эцсийн зорилго цалингаа 1.6 сая төгрөг болгох юм” гэлээ.

Орон даяар өрнөх шар зангианы аянд сур­гуу­лиуд нэгдэж эхэл­жээ. Түүнчлэн цалин нэмэгдүүлэх тэмцлийн хурц хэлбэрт шилжих саналыг багш нараас ирүүлсээр байгаа учраас өлсгөлөн зарлах бэлтгэлийг хийж байгаа гэнэ. Орон нутгийн багш нар ч өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлсэн байна.

Мөн Цалин нэмэгдүү­лэх түр хорооны ерөнхий зохи­цуулагч Б.Бат-Эрдэнэ  “МҮЭХ-ноос албан ёсоор ажил хаялт зарлахыг мэдэгдсэн байгаа. Багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлэхийг бид шаардсан. Улсын гурван талт хэлэлцээрт багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг оруулахгүй бол бид ажил хаялтад оролцохгүй гэсэн байр суурьтай байна.

Учир нь МҮЭХ багш нарын эрх ашгийг хамгаалахгүй байна гэж үзэж байгаа учраас ажил хаялтад багш нарыг оролцуулахгүй гэсэн байр сууринаас хандана.

Мөн түүнчлэн МҮЭХ цаашдынхаа үйл ажил­лагаанд багш нарын эрх ашгийг хамгаалж, онц их хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллахгүй бол цаашдынх нь үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн мэдэгдлийг албан ёсоор гаргана” гэв.


Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2017-10-24 04:29:31
    энэ бол хамгийн зөв санал, хамгийн зөв шийдэл гэж бодож байна.
  • Ganaa 2017-10-21 03:54:20
    Zov shaardlaga. Tsetserleg baga angiin bagshiin tsaling exnii eeljind nemex xeregtei gej bodoj baina