Хайдар Ал Абади Иракийн шинэ ерөнхий сайдаар нэрлэгдлээ
Иракийн хоёр дахь том хот болох Мосул зэрэг хэд хэдэн хотуудад хяналтаа тогтоосон лалын хэт даврагч байгууллага болох “Ла­лын улс” дайралтаа идэвхижүүлэх болсон билээ. АНУ Иракт туслахаа мэдэгдэж, агаараас хэд хэдэн удаа Иракийн хойд хэсэг рүү цохилт өгөх зэргээр эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Энэ цаг үед Иракийн Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг томилох ажлыг яаравчлан явуулах бодолтой байгаагаа илэрхийлэх болсон. Тэгвэл Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум Лалын шашинт нийт гишүүдийн хүсэлтийг хүлээн авч, Конгрессийн орлогч дарга Хайдар ал Абадиг шинэ Ерөнхий сайдын албанд томилжээ. Учир нь чадваргүй удирдагчдын нэгээр нэрлэгдээд байсан одоогийн Ерөнхий сайд Нури ал Маликид өөрийнх нь тэргүүлдэг шийтүүд дахин итгэл хүлээлгэхээс татгалзсан юм.
 
Ингэснээр тус улсыг хямралаас гаргах томоохон үүрэг хариуцлага Абадид ногдож байна. АНУ-ын Засгийн газар Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа аж. Улмаар Абади энэ сардаа багтаж, ажлаа хүлээж авахаар болжээ. Олон улсын байгууллагууд “Шинэ Засгийн газарт хэр олон цөөнхийн бүлэглэл байх эсэхээс хамаараад цаашдаа Ирак дахь цус урсгасан шашны сөргөлдөөнийг эцэс болгох эсэх нь шууд хамаарна” хэмээн онцлон тэмдэглэж байна. Цагаан ордноос мэдээлсэнээр Абади нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байденд хандан Лалын шашинт Суннитуудын хэт дав­рагч бүлэглэл “Лалын улс”-ын учруулж буй аюул заналыг зогсоож чадах өргөн цар хүрээтэй, цогц  Засгийн газрыг яаралтай байгуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
 
Нөгөөтэйгүүр, 2006 оноос хойш Ерөнхий сай­дын албыг хаших болсон Нури ал Малики Абадиг Ерөнхий сайдаар шууд тохоон томилох нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна хэмээн хүчтэй эсэргүүцэхийн сацуу, Үндсэн хуулийг зөрчиж буй хуулийн этгээдийг дэмжиж буй АНУ-ын Засгийн газрыг буруушаав. Малики Абадигийн байгуулахаар амлаад буй тэрхүү шинэ Засгийн газрыг байгуулах үйлсэд нь саад болох, тэр бүү хэл Үндсэн хуульд гомдол гаргах эрхтэй. Тиймээс цаашдаа Иракт улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлэх ноцтой байдлыг үүсгээд бай­на. Шинэ Ерөнхий сайдаар нэр­лэгдээд буй Абадигийн талаар цухас дурьдвал, тэрбээр 1952 онд Багдад хотод төрсөн аж. Шийтүүдээс гаралтай улс төрч бөгөөд одоогийн Ерөнхий сайд Маликигийн ойрын хүн гэдгээрээ олонд танигдсан юм. Садам Хуссейны Засгийн газрын үед Их Британид орогнож байгаад 2003 онд Хуссейны Засаг нуран унасны дараа эх орондоо эргэн ирж байсан аж.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.