Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвтэй боллоо

Ирэх сарын 1-ээс цахилгааны шөнийн тарифийг тэглэнэ, иргэн та бэлтгэлээ хангасан уу. Хэрэв үгүй бол БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн гурван сарын хугацаатай ажиллуулахаар болсон Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг зориорой.

Уг төв нь байгальд ээлтэй техник, технологиор халаалтын асуудлаа шийдэхээр эрэл хайгуулж хийж байгаа иргэдэд ижил төстэй бүтээгдэхүүнийг харьцуулан өөрийн боломжинд тааруулан худалдан авалт хийх давуу талыг олгож байгаагаараа онцлог юм. Мөн байгальд ээлтэй технологи үйлдвэрлэдэг, нийлүүлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байна. 



“Барилга мегастор” төвд 10 дугаар сарын 20-ноос энэхүү төвийн эхний ээлжийнхийг нээн ажиллуулж байгаа бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр уг төвийн үйл ажиллагаатай танилцаж,хүрэлцэн ирсэн иргэд болон холбогдох ААН-үүдтэй уулзаж санал солилцсон юм. Тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсны хүрээнд ирэх сарын 1-ээс гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифийг тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг угтан БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэд олон нийтэд цахилгааны хөнгөлөлтөө эдлэхэд нь туслах зорилгоор энэхүү төвийг нээж байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг худалдан авахад эсвэл худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх “Ногоон зээлийн сан”-г байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг ч энэ төвөөс авах боломжтой юм. Ногоон зээлийн сан байгуулагдсанаар иргэд уян хатан нөхцөлтэй, урт хугацааны зээлээр өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой болох юм” хэмээсэн юм. 



Энэхүү үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор зургаан буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна. Хэрвээ та гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаалт, цахилгаан зуух, шалны халаалт, боловсруулсан түлш, агаар цэвэршүүлэгч, авто машины био түлш зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөж байгаа бол эсвэл энэ чиглэлийн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг бол уг төвийг зориорой.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.