Си Жинпиний “Хятад мөрөөдөл” урагшилсаар л...

Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтээрээ ХКН-ын ХIX их хурлыг анхааралтай ажиглан харж байна. Өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн уг их хурал маргааш буюу 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ХIX их хуралд Хятадын өнцөг булан бүрийн 89 сая гишүүдийг төлөөлөн сонгогдсон 2280 төлөөлөгч, ХКН-ын гишүүд оролцож байгаа ба үндсэн таван асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Үүнд 18 дахь удаагийн Намын Төв хорооны ажлын тайлан, 18 дахь удаагийн Намын Сахилга бат, хянан шалгах хорооны ажлын тайлан, Намын дүрмийн шинэчлэлт, 19 дэх удаагийн Намын Төв хорооны гишүүдийг сонгох,19 дэх удаагийн Намын Сахилга бат, хянан шалгах хорооны гишүүдийг сонгож ажиллагаа явагдаж байгаа.

Энэ сарын 17-ны өдөр болсон бэлтгэл ажлын хуралдаанаар ХIX их хурлын нарийн бичгийн даргаар одоогийн ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юаньшаныг сонгосон. Мөн хурлын хянан шалгах комиссын бүрэлдэхүүн 22 хүн болон хурлын тэргүүлэгчдийн комиссын бүрэлдэхүүний 243 хүний нэрийг гаргаж, баталсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн

ХКН-ын их хурал дээр Си Жиньпин 65 хуудас илтгэлийг 3 цаг 30 минут тавьсан бөгөөд ХКН нь бүх талын чадвараа хөгжүүлэх хэрэгтэй талаар тэрээр илтгэлдээ дурдсан. 1.3 тэрбум хүн амтай социалист их гүрнийг удирдахын тулд Хятадын КН суралцах, улстөрийн удирдах, шинэчлэх, инновацийн, шинжлэх ухааны хөгжлийн, хуулиар засаглах, эрчтэй, ахицтай ажиллах, эрсдэлийг хянах зэрэг бүх талын чадвараа хөгжүүлэх шаардлагатайг Си Жинпин дарга илтгэлдээ онцолсон. Эрх баригч нам заавал стратегийн үзэл баримтлал, шинэлэг, диалектик, хуулийн, стандарт сэтгэлгээтэй байх хэрэгтэй тухай цохон тэмдэглэсэн нь Си Жинпин даргын алсыг харсан ухаалаг бодлогын илэрхийлэл боллоо хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа юм.

Түүнчлэн Си Жинпин даргын хэлсэн үгэн дунд “Хятадын улстөрийн амьдралд шинэ эрин үе эхэллээ” гэсэн үгс байсан нь тэрээр улс орноо хэрхэн итгэлтэй удирдаж байгаа, үлдсэн хугацаанд энэ ажлаа ямархуу байдлаар төлөвлөж байгаагийн нотолгоо мөн. Тэгээд ч дэлхий нийтээрээ Си Жинпинийг орчин үеийн Хятад Улсыг үндэслэгч, коммунист удирдагч Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг удирдагч хэмээн нэрийдээд байгаа бөгөөд түүнийг БНХАУ-ын дарга болсноос хойших дөрвөн жилд 70 сая хүн ядуурлаас ангижирсныг ХКН-ын ХIX их хурлын индрээс бахархалтайгаар зарласан нь түүний эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлт энэ том орны амьдралыг хэрхэн өөрчлөн шинэчилж байгаагийн яруу тодорхой үзүүлэлт мөн юм.

Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш Хятадын эдийн засаг хурдацтай өсөж, иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, ядуурал эрс буурсан гэдэг нь судалгаагаар гарсан бөгөөд Си Жинпин дарга ч 2050 он гэхэд БНХАУ дэлхийн тэргүүлэх хүчирхэг эдийн засагтай, ядуурлаас бүрэн ангижирсан хамгийн нөлөөтэй орон болох зорилт дэвшүүлж ажилдаа ханцуй шамлан ороод байгаа билээ. Тэрээр ажлаа авахаасаа өмнө амлаж байснаараа БНХАУ-ыг дайвалжуулж байсан авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй эрс хатуу тэмцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ХКН-ын 1.5 сая гишүүн авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн улмаас хатуу чанга шийтгэл хүлээгээд байгааг мөн л БНХАУ-ын мэдээллийн хамгийн том нь болох “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм.

Өмнөд хөрш БНХАУ-ын дээд удирдлагын нэгэн үе халаагаа өгч, ирэх 10 жилд тус улсыг жолоодох шинэ үе албан ёсоор томилогдсон нь 2013 оны гуравдугаар сар билээ. Тухайн үед Бээжин хотноо Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал өндөрлөж улс орноо 2023 он хүртэл удирдах тав дахь үеийн удирдагчдаа эцэслэн батламжилсан байдаг. Дээрх Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлаас БНХАУ-ын даргаар Си Жинпин, дэд даргаар Ли Юаньчао, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга буюу Хятадын Парламентын даргаар Жан Дэцян нарыг томилсон түүхтэй. Мөн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Кэцяныг сонгосон нь өнөөдөр БНХАУ-ыг итгэлтэй удирдалцаж яваа юм. 2012 оны арваннэгдүгээр сард Бээжинд болсон ХКН-ын XVIII их хурал, тус их хурлаас байгуулсан Бүгд хурлаар 2023 он хүртлэх арван жилд өмнөд хөршийг жолоодох удирдагчдыг тодруулсныг тийнхүү Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаар баталж үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.Тэд бол 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг байгуулснаас хойших 64 жилийн хугацаанд Мао Зедун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтао нарын дөрвөн үеийг залгамжлан гарч ирсэн тав дахь үеийн удирдагчид байв.

БНХАУ-ын дарга Си Жинпин энэ жил 64 нас хүрч байгаа. Си Жинпин анх 2013 онд энэ албанд томиогдохдоо 60 настай байсан бөгөөд өмнөд хөршид 60 настай удирдагчийг эрч хүчтэй залуу удирдагчид тооцдог бөгөөд түүнд халаагаа өгсөн Ху Жинтао ч БНХАУ-ын дарга болохдоо 60 настай байсан бөгөөд түүнийг “Шинэ үеийн удирдагч” хэмээн тодруулж байсан түүхтэй. Си Жинпин дарга бол туг ч барьж тугал ч хариулж явсан нэгэн гэдэг. Тухайлбал өнгөрсөн ХХ зууны 60-аад онд Хятадыг түйвээсэн соёлын хувьсгалын жилүүдэд 20 ч хүрээгүй насандаа хөдөө тосгонд цөлөгдөж, тэндээсээ өндийн босч өнөөдрийн өндөрлөгт хүрсэн “цоохор” хуудас түүний намтарт байдаг. Тэрээр ХКН дахь Хунтайжийн хийгээд Шанхайн бүлэглэлийн аль алийг төлөөлдөг аж. Эцэг нь өндөр тушаалын хүн байсан тул “Хунтайж”-ийн бүлэглэлд хамаарч басхүү Хятадын элитүүдийн төрөн гарсан Шанхайн бүлэглэлд ч багтдаг. Учир нь Шанхайн намын хорооны томчуудын үр сад Шанхайн бүлэглэлийг бүрдүүлдэг байна. Си Жинпин дарга бол 1959-1962 онд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч байсан, Мао даргын дотнын анд, коммунист намын нэртэй зүтгэлтэн агсан Си Жунсюний хүү билээ.

Том даргын хүү Си Жинпин бага насандаа Бээжин хотын аль л шилдэг сургуулиудад сурч байжээ. Тэгтэл Хятадад Соёлын хувьсгал гарч бяцхан Си Жинпинийг есөн настай байх үед Ерөнхий сайдын орлогч байсан эцэг нь торны цаана суужээ. Өсвөр насандаа Си Жинпин тосгонд цөлөгдөж, оргох гэсэн шалтгаанаар хэдэн сар хөдөлмөрийн лагерьт нухлуулсан гэдэг. Цаг арай зөөлрөхөд залуу Си 1975 оноос ажин түжин бөглүү Хэбэй мужид багахан тушаалын алба хашин цааш ахиж дэвших гараагаа эхэлсэн байдаг.

Хятадад Дэн Сяопиний шинэчлэл өрнөсөн 1980-аад оны дундуур түүнийг Фузянь мужид илгээжээ. Тухайн үед тус муж шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх туршилтын талбар болоод байлаа. Тэр үед Си Жинпин барууны фирмүүдтэй хамтарсан хэд хэдэн үйлдвэр байгуулж амжжээ. Түүний туршлага Хятад даяар түгж тэр цагаас карьер хөөх нөхцөл нь бүрдсэн түүхтэй.

Түүнийг үг хэлээ цэнэдэг Хятадын уламжлалт зан заншлаас ихээхэн өөр, хэлэх гэснээ хаана ч хэлчихдэг хүн хэмээн тодорхойлдог. 2012 онд БНХАУ-ын дарга болох нь тодорхой болмогц авлига, хээл хахуультай хатуу гараар эрс тэмцэнэ гэдгээ илэрхийлж байж. Ноён Си Жинпин АНУ-д ихээхэн талтай ханддаг. БНХАУ-ын дарга болохоосоо өмнө зургаан ч удаа АНУ-д айлчилсан нь үүнийг нотолдог. Анх 1986 онд Айова мужид айлчилсан цагаас л Америк түүнд таалагдсан гэдэг. Тэрээр америк кинонд хорхойтой, “Цэрэг Райныг аварсан нь” кино түүний үзэх дуртай киноны нэг гэдэг. Тиймдээ ч нэг талаас гадаад бодлогын стратегиа тодорхойлж, нөгөө талаас Америкт элэгтэйн хувиар ажлаа авмагцаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан байдаг.

Гэхдээ сүүлийн хоёр жилд БНХАУ-ын дарга Си Жинпин АНУ-аас илүүтэй ОХУ, түүний Ерөнхийлөгч В.Путинтэй ихээхэн дотно харьцаа тогтоож, энэ оны тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотноо өөрийн санаачилж хэрэгжүүлж эхлээд байгаа “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд анхны Олон улсын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь Си Жинпин даргын хувьд Азийн хүчирхэг удирдагч гэдгээ дэлхий дахинд нотлон харуулж, улстөрийн томоохон амжилтад хүрэхэд чиглэсэн онцгой алхам байсан билээ.

Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” Олон улсын хамтын ажиллагааны форумд 29 улс орны төр ба засгийн газрын тэргүүн нар оролцсоны дунд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ч байлцсан билээ. Ази дахь Хятадын нөлөөг тэлэх зорилго бүхий дэд бүтцийн дээрх хөтөлбөр нь хэдэн мянганы түүхтэй алдарт “Торгоны зам”-ыг сэргээж Ази Европыг холбосон хурдан шуурхай коридорыг үүсгэх зорилготой юм. Есдүгээр сарын эхээр БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн удирдагчид Хятад улсын Фузень мужийн Сямэнь хотод жил тутмын Дээд хэмжээний уулзалтаа хийсэн нь Си Жинпиний алсыг харсан бас нэгэн ялалт болж түүхэнд үлдсэн билээ. Хятадын эх сурвалжуудын “Нөхөрсөг уулзалт” гэж тодорхойлсон эдгээр дипломат уулзалтууд нь Си Жинпинээр гол болгосон БНХАУ-ын 2017 оны гадаад бодлогын гол цөм нь байсан билээ.

БНХАУ Си Жинпин хэмээх хүчирхэг, алсын хараатай ганц удирдагчийнхаа тууштай мэргэн удирдлагын дор ийнхүү 30 гаруйхан жилийн дараа дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болохоор итгэл төгс урагшилж явна.

Гэтэл гуравхан сая гаруй иргэдийнх нь 900 мянга нь ядуурлын байдалтай амьдарч байгаа Монголд Си Жинпин шиг алсын хараатай, зоригтой шинэчлэгч, ард түмнийхээ төлөө чин үнэнчээр зүтгэдэг ганцхан удирдагч юутай их үгүйлэгдэнэ вэ.

Хөрсөн дороо хэмжээлшгүй их баялагтай, 1 сая 566 мянган квадрат метр газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18 дугаар байранд жагсдаг Монгол Улсын иргэн бүр өнөөдөр 21 сая төгрөгийн гадаад өр зээлтэй байхад БНХАУ-ын дарга Си Жинпин 2020 он гэхэд 1.4 тэрбум ард иргэдийнхээ 65 хувийг ядуурлаас бүрэн ангижруулсан байна гэдгээ бахархалтайгаар зарлаад зогсож байна.

Жинхэнэ бэлтгэгдсэн, өөрөө ч агуу их сэтгэл зүрх, зориг чадвартай удирдагч гэдэг чухамдаа ийм л байдаг ажээ.


Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2017-10-27 12:30:31
    Amjiliig haraad suuh bish suralts Mongolchuud
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-10-23 14:06:46
    Ээчаваас даа. Монгол Төрөө гэж.
    202.9.42.30
    Мэдэгдсэн Хариулах
  • mnbv 2017-10-23 12:48:44
    muu omhii hujaa chi hujaanuudaar udirduulaj gehgeed bna uu alna shuu
    194.166.200.254
    Мэдэгдсэн Хариулах
  • М.МӨНХБАТ 2017-10-23 07:31:55
    Зсая иргэнээ өрөнд оруулсан монголын төрийн түшээд юу бодож суугаа бол 27жил төр түшилцсэн луйварчингуудад хариуцлага тооцох цаг болжээ ард түмэн минь.
    202.179.10.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Түүхэнд үл мартана, 2017-10-23 07:05:31
    МОНГОЛЫН ТӨРД 20 ГАРИУ ЖИЛ зүтэгсэгсэн гэгддэг ТҮШЭЭД ичиж амьдар, ялангуя Өмнөх Ерөнхийлөнчид,
    182.160.36.221
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2017-10-23 02:58:08
    Хятад улс 5 жилийн лотор 60 сая иргэнээ ядууралаас гаргажээ. Монгол улс 300000 хүнээ ядууралд оруулжээ. Сайн ажил хийсэн байгаа биз.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах