Монголбанкнаас “Санхүүгийн боловсрол” гурван сарын хугацаат аяныг энэ сараас улс орон даяар эхлүүлээд буй. Энэхүү аяны хүрээнд ХБНГУ-ын “Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан”, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран Дэлхийн хуримтлалын өдрийг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дээрх байгууллагууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтаж, хуримтлал, Монгол Улсын хуримтлалын бэлэг тэмдгийг сурагчдад таниулах сургалтыг өнөөдөр хийлээ. Сургалтад нийслэлийн Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн 5-р ангийн сурагчид хамрагдсан бөгөөд энэ үеэр хүүхдүүдэд хуримтлал үүсгэхийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, “Хуримтлалын авдар”, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө” төсвийн дэвтэр, санхүүгийн боловсрол олгох зурагт номыг тус тус дурсгав.
Жил бүрийн 10-р сарын 31-нийг дэлхий нийтээр тэмдэглэдэг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн онцлог нь хүүхдүүдэд бага наснаас нь хуримтлал үүсгэх дадалд хэвшүүлэх, түүний ач холбогдлыг ойлгуулахад оршиж байна.
Энэ өдрүүдэд ХБНГУ-ын “Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан”, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”, “Хуримтлалын сар”-ын хугацаанд Ерөнхий боловсролын 14 сургуулийн 500 гаруй сурагчдад дэлхийн хуримтлалын өдрийн талаар танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулах юм.