Чингис хааны өлгий нутагт зочилно гэдэг бидний хувьд их завшаантай зүйл
Монголын анхны олон улсын метал рок фестиваль энэ сарын 23-ны бямба гаригт "UB Palace "-ын "Royal" танхимд "Noise metal fest 2014" нэртэйгээр зохион байгуулагдах гэж буй билээ. Уг наадамд оролцохоор folk death metal урсгалаар тоглодог Канадын "Mongol" хэмээх хамтлаг манай улсад хурэлцэн иржээ. Тус хамтлагийн хэмнэлт гитарчин Томас Кюринг /Thomas Quiring/, гоцлол гитарчин Люк Берри /Luke Barry/ нартай ярилцлаа

-Монголд анх удаа зочилж байна уу. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Люк:
Тийм ээ. Бид анх удаа Монголд зочилж байна. Их сайхан эайна. Биднийг их найрсагаар угтаж авсан. "Noise metal fest 2014" шадамд оролцох урилгыг аваад л шууд Монголд ирэхээр шийдсэн. Бид хоёр хамтлагийнхаа бусад гишүүдээсээ түрүүлээд Монголд ирлээ. Энэ далимд Монгол соёл, ахуйг илүү их сонирхмоор байна.

-Томас: Их өргөн уудам нутагтай ард түмэн юм. Чингис хааны өлгий нутагт зочилно гэдэг бидний хувьд их завшаантай зүйл л дээ. Олон сайхан дурсамжтай буцна гэж найдаж байгаа. Сэтгэл өндөр байна.

-Хамтлагийнхаа бусад гишүүдийг танилцуулаач. Тэд Монголд хэзээ ирэх вэ?

-Томас:
Манай хамтлаг зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Бөмбөрчин Кэнтон Берри /Kenton Barry/, даралтат хөгжимчин Дэйтон Берри /Dayton Barry/, аргил гитарчин Жош Блекборн /Josh Blackburn/, дуучин Брэндон Нотт /Brandon Knott/.

-Люк: Бөмбөрчин Кэнтон, даралтат хөгжимчин Дэйтон хоёр маань миний төрсөн дүү нар. Тэд маань энэ сарын 15-нд Монголд ирнэ.

-Монголд ирээд хөдөө явж үзсэн үү. Хаагуур хаагуур аялж үзээд байна вэ?

-Люк:
Хараахан хөдөө явж амжаагүй байна. Чингисийн талбай, Богд хааны ордон музей, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд л залуусын очдог газруудаар очиж үзсэн.

-Томас: Өчигдөр "Өргөө" кино театрт кино үзсэн. Хамтлагийнхаа бусад гишүүдийг ирэхээр хөдөө явах төлөвлөгөөтэй байгаа.

-Монголд амьд хөгжим сонирхдог залуус цөөнгүй. Тэдэнтэй танилцав уу. Ямархуу сэтгэгдэл төрөв?

-Люк:
Харамсалтай нь тийм ч олон хүнтэй танилцаж амжаагүй байна. Гэхдээ биднийг урьж авчирсан Үнэнхүү болон зарим амьд хөгжим сонирхогч залуустай танилцаад амжсан.

-Томас: Монголчууд бахармаар түүхтэй хүмүүс.

-Танай хамтлагийн нэр их сонирхол татаж байна л даа. Яагаад хамтлагтаа ийм нэг өгсөн юм бол. Энэ талаар ярихгүй юу?

-Люк:
2009 онд манай хамтлагийн эх суурь тавигдсан гэхэд болно. Гэхдээ тэр үедээ бид өөр нэртэй байсан л даа. 2010 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж folk death metal урсгалаар тоглодог болсон. Энэ үеэс л хамтлагийн нэрээ өөрчилсөн. Их удаан бодож, зөвшилцөж байж сонгосон нэр. Чингис хааны их байлдан дагуулал, түүний эзэнт гүрний тухай бид хэдийнээ мэднэ шүү дээ. Тэр утгаараа энэ нэрээ бэлгэдэж өгсөн гэж хэлж болно.

-2009 оноос хойш уран бүтээл туурвиж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар хэчнээн цомог гаргаад байгаа вз?

-Люк:
Манай хамтлаг одоогоор хоёр цомог гаргаад байгаа. Эхний цомгоо 2012 онд "Алтан ypar" /"The Altan Urug"/ нэртэйгээр гаргасан. Хоёрдахь цомог маань энэ онд "Тэнгэрийн таалал" /"Chosen by Tengri"/ нэртэйгээр сонсогчдод хүрсэн.

-Хоёр дахь цомгийг тань сонсож үзлээ. Бас цомгийн нүүрний зураг их сонирхол татсан. Монгол үндэсний хувцасаар гоёсон байх юм. Энэ хувцсыг хаана захиалж хийлгэсэн бэ?

-Томас:
Бид ч тэр хувцсаараа гоёх дуртай. Хувцасны маань загварыг Канадад амьдардаг найз маань гаргаж өгсөн. Номин гээд Монгол бүсгүй байдаг. Бидний цомог, дуунуудтай их авцалдсан сайхан хувцас болсон. Түүнтэй хамтран ажилласандаа их баяртай байгаа.

-Танай хамтлагийн дуунууд бас их өвөрмөц аялгуутай санагдлаа. Дуунуудынхаа ая, шүлгийг өөрсдөө зохиодог уу?

-Томас
: Манай хамтлагийн ихэнх дууны аяыг Люк маань зохиосон.

-Люк: Ихэнхдээ л хамтлагаараа ярилцаж байгаад л дуугаа зохиодог доо. Бүх гишүүдийн маань оролцоо бий.

-Тоглолтын тухайд?

-Люк:
Канаддаа олон улсын чанартай "Local area", "Flake" гэх мэтчилэн наадмуудад байнга оролцдог. Бид өөрсдийн бие даасан болон аялан тоглолт чамгүй хийсэн.

-Томас: Бусад хамтлагуудын нэгэн адилаар л тоглолт, аялан тоглолт тоглоно доо.

-"Noise metal fest 2014" наадамд оролцохоор Монголд ирээд байгаа шүү дээ. Энэ наадмын мэдээллийг хэрхэн олж авсан бэ?

-Томас:
Энэ наадам маань Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм билээ. Зохион байгуулагчид нь гадны зочин хамтлаг оролцуулахаар шийдээд манай хамтлагийг, бас өөр нэг гадны хамтлагийн хамт сонгосон байсан. Монголын "Prophets" хамтлагийн дуучин Үнэнхүү энэ наадмын зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Тэр бидэнтэй холбогдож, урилга явуулсан. Түүнээс л энэ наадмын тухай мэдээллийг авч байгаа.

-Монголд бас "Playtime" гэж амьд хөгжим сонирхогчдын наадам болдог. Энэ тухай сонсч байсан уу?

-Томас:
Тиймээ. Үнэнхүүгээс сонсч байсан. Тэр наадмын талаарх мэдээллийг ч авсан.

-Өмнө нь ямар ямар улсуудад очиж байсан бол?

-Люк:
Зөвхөн би өөрөө хэдэн орнуудад очиж үзсэн. Харин хамтлагаараа гэвэл анх удаа гадны оронд тоглолтоор ирж байна. Канаддаа аялан тоглолтоор их олон удаа явж байсан. Анх удаа хамтлагаараа гадны оронд тоглолтоор ирж байгаадаа баяртай байна. Бидэнд маш том туршлага болно гэж найдаж байгаа.

-Томас: Тиймээ би ч гэсэн анх удаа хамтлагаараа өөр орны наадамд оролцохоор хамтлагаараа ирж байгаадаа баяртай байна. Яахав миний хувьд өмнө нь Орос, Герман гэх зэрэг хэд хэдэн орнуудаар аялж, амьдарч үзсэн.

-Рок урсгалын чухам юунд нь тэгтлээ их татагдаж, энэ урсгалаар тоглож байгаа юм бэ?

-Томас:
Энэ их хэцүү асуулт байна. Яг тэрэнд нь дурлаая сонирхсон гээд хэлэхэд их хэцүү юм. Зүгээр л татагдчихсан. Зарим хүмүүст их хүнд хөгжим шиг санагддаг байх л даа.

-Люк: Өөрийнхөө юу чаддаг, хэрхэн тоглодгоо хүмүүст харуулах сайхан. Гэхдээ үүнээсээ илүү амьд хөгжим, рок урсгал өөрөө хүний бүхий л сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадах урсгал шиг санагддаг.

-Монголд эргэж ирэх төлөвлөгөө байгаа юу?

-Люк:
Магадгүй л юм. Бид "Playtime" наадмыг их сонирхож байгаа. Боломж гарвал ирж оролцох бодолтой байна.

-Томас: Эргэж ирмээр сэтгэгдэл төрж байна шүү. Энд цагийг үнэхээр сайхан өнгөрөөж байгаа учраас сэтгэл хоргодож л байна.
Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.