Зөрчилтэй хуулийн цоорхой ба төсөвт төвлөрөөгүй хөрөнгө

Монгол Улсын Үндэсний аудитын газраас нийцлийн аудитын тайлан гэж гаргадаг.

 
Гэвч түүнийг нь тэр бүр хүн олж хардаггүй нь харамсалтай. Тус газраас саяхан Идлэг шонхор шувуу барих, гадаад оронд гаргах ажлыг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудитын тайлан гаргажээ.

Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор “Идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаатай хориглох” тухай шийдвэр гаргасан байна. Энэ нь идлэг шонхор шувууг гаргах тоо толгойг зогсоосон аж. Учир нь 2010-2011 онд жил бүр 240, 2012 онд 150 толгой байхаар тогтоож байсан бол дээрх шийдвэрийн дүнд ашиг олох зорилгоор гадаал улсад гаргах явдлыг зогсоожээ. 2013 онд 20 хүртэл толгой, 2014 онд 40 идлэг шонхор шувууг Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.31 -т заасныг үндэслэн тусгай зориулалтаар гаргахаар шийдвэрлэсэн байна

Нийт 60 хүртэл толгой идлэг шонхор шувуу барьж, гадаад оронд гаргах тухай Засгийн газрын шийдвэр гарснаас улсын хилээр нийт 55 толгой идлэг шонхор шувуу гаргасан байгаа юм. Амьтны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасныг баримтлан орон нутгийн төсөвт гадаад оронд гаргасан 46 шувууны байгалийн нөөц ашигласны төлбөрт 279.3 сая төгрөгийг төвлөрүүлсэн боловч Арабын Нэгдсэн Эмират Улсад гаргасан тав, Кувейтэд гаргасан дөрвөн шувуунд ногдох төлбөрийг төвлөрүүлээгүй байна. Энэ нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж буй талаар тус тайланд тусгажээ

Идлэг шонхор шувуу амьдаар нь гадаад оронд гаргахдаа Байгалийн нөөц ашигласны төлбөр болон Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолоор тогтоосон 10.8 мянган ам.доллараар тооцож, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр заасан байдаг.

Гэтэл БОАЖ-ын сайдын 2012 оны А-299 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам”-д гадаад оронд худалдаалах зорилгоор идлэг шонхор шувуу барихад Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолоор баталсан төлбөр хураамжийг мөрдөхөөр. харин судалгаа шинжилгээ болон бусад зорилгоор барихад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан экологийн эдийн засгийн үнэлгээг баримтлахаар тус тус заажээ.

Энэ үнэлгээ нь 16 сая төгрөг байх бөгөөд хоёр өөр төлбөр тогтоосон нь хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Эцсийн дүнд энэхүү зөрчилтэй заалтын уршгаар төсвийн орлого дутуу төвлөрөх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн аудитын тайланд дурдагдсан байна.

Цаашилбал, хоорондоо зөрчилтэй хуулийн заалт, тогтоол, акттай холбоотойгоор улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө дутуу төвлөрч байгаа нь харамсалтай. Учир нь эдийн засгаа сэргээх, хөрөнгийн эх үүсвэр олохын тулд хаа сайгүй бадар барьж буй энэ үед төрийн байгууллагаас, хууль тогтоомжоос шалтгаалан нэлээдгүй мөнгийг төвлөрүүлж чадахгүй байгааг тайлангаас харж болох юм.

Тухайлбал, БОАЖЯ Амьтны тухай хууль Ховор амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдаа зохицуулах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2, наймдугаар зүйлийн 8.3-д заасан журмуудыг батлаагүй орон нутгийн захиргааны байгууллагуудтай ажлын уялдаа холбоо хангалтгүй байсан нь идлэг шонхор барих, гадаад оронд гаргах үйл ажиллагаанд тавих хяналт суларч, хууль тогтоомж зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Манай улсын хувьд хууль эрх зүйн орчноо сайжруулсан ч түүнийг дагаж мөрдөх журам, тогтоолыг батлахгүй байгаагаас үүдэн цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асар их хохирол амсаж байгааг эдийн засагчдаас эхлээд бизнесийнхэн, энгийн иргэдэд сануулсаар байгаа. Харин түүнийг тусган авч хэрэгжүүлэх, аливаа зүйлийг хийх хурдаа нэмэх тухай асуудлыг төрийн байгууллагынхан болоод эрхэм гишүүд анхаарна биз ээ.


Зууны мэдээ
Д.Оюунчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nasan 2017-10-30 04:20:47
    ene ymar ch huulid hamrahguiee zuvhun erh medeld l hamrah yostoi ,erh medeltnuudiin zugaatai ajil shuudee.