Ам.долларын ханшаас яаж зугтах вэ
Ам.долларын ханш 1890-ийг даваад явчихлаа. 1999 онд анх 1000-ын босгыг давж байсан юм гэнэ лээ. Түүнээс хойш байнга нэмэгдсээр, эрх баригчид тохирсон тайлбарыг хийсээр өнөөг хүрэв. Жилийн өмнө 1324 төгрөг байна гэж тооцоод алд дэлэм алдсаных нь дараа харин “Бид ер нь зохицуулдаг юм уу, “цаанаасаа” юм биш үү” гэж хэлмээр санагдах болжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад буй. Монголбанкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах төдийгүй төгрөгийн ханшийг барих. Гэтэл “ноён” долларын ханш чангарч, төгрөгийн ханш газар унаад байхад ямар нэгэн арга хэмжээ авалгүй мөнгөний зөөлөн бодлого ярьж суугааг нь буруутган огцруулах бичгийг өргөн барьсан байна.

Уг нь бол ам.долларын ханш чангарахад импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Гэтэл манайх бараг бүх хэрэгцээгээ гаднаас хангадаг тул ийнхүү сульдаж унахдаа тулаад байна.

Гэтэл үнийн тогтвортой байд­­­­лыг хангах үндсэн зорилт­той Монголбанк ийм хүнд үед зохи­цуу­лалт хийлгүй, үнэ хан­шийг сул хаясан учир ха­риуц­лага тоо­цох ёстой хэ­мээн үзэж бай­гаа аж. Мөн ги­шүүд долларын ханшийг улс төр­жүүлж байна, захиалгатай, зо­хиомол хөөрөгдөл үүсгэж бай­на гэх шалтгааныг ч дурдсан бай­на.

Гэхдээ нэг хүнийг огцруулаад асуудал шийдэгдэх үү. Бидэнд ам.дол­ларын ханш тогтвортой байх нь хэрэгтэй юм уу, нэг хү­нийг огцруулах нь илүү хэ­рэг­тэй юм уу. Монголын улстөр­чид хоорондоо холбоотой, ба­­­гийн зарч­­маар ажилладаг. Ард­­чил­сан намаас өөр хэн нэг хүн Мон­­голбанкны Ерөн­хий­лөгч бол­­лоо гэж бодоход Н.Зол­жар­­­га­лаас нэг их дээрдэхгүй, дээ­рээс өгсөн шаардлагын дагуу л ажил­лана гэдэгт итгэлтэй бай­на. Хамгийн их шүүмжлэл хэ­лээд байгаа МАН-аас тэгвэл хүн томилж болох уу. Болохгүй. Эрх баригчдын эсрэг юм хийнэ. Муу ажиллавал “Намайг хавчаад юм хийлгэсэнгүй” гэж бухна.

Тэгээд “Цаашдаа ам.доллар өсөөд л, бид улстөржөөд л байгаад байх хэрэг үү” гэдэг асуултад тулж ирж байна. Шүүмжлэх юм бий. Засгийн газрын шахалтаар зах зээлд бэлэн мөнгө их хэмжээгээр нийлүүлсэн. Энэ нь инфляци өсө­хөд нөлөөлсөн. Гэхдээ ар­гагүй зүйл гэж бас байна. Мон­­гол­банк­ны Ерөнхийлөгч Н.Зол­жар­гал “Ам.долларын ханш 1800 ор­­чимд тогтох байх” гэж мэдэгд­сэн. Үнэн байх. Гэхдээ яг тогтох эсэхийг мэдэх ч үгүй яваа гэхэд хилс­дэхгүй болов уу. Жилийн өмнө хэлсэн прогноз 500 гаруй төгрөгөөр хэтэрсэн байхыг бодоход.

Ч.Лодойдамба гуай “Тунгалаг тамир” романдаа өөрийн амь­дарч байгаа нийгмийнхээ хам­гийн гол алдаа дутагдлыг Ням өвгөний “Ингэхэд ардын засаг маань баяжсан хүний мал хө­рөнгийг хураагаад л байх хэ­рэг үү” гэсэн ганцхан асуул­таар илэрхийлж, хариултыг нь “За ямар ч байсан тань шиг хүмүүсийн малыг ху­раахгүй” гэсэн Эрдэнийн би­түү хатуу үгээр далдалснаар “Глав­лит”-д хасуулалгүй гарч чадсан бай­даг. Ядуу Ням өвгөний асуул­тыг нэг та­лаар зохиолч тухайн үеийн эрх баригчдаас асууж бай­­гаа ёгт хэлбэр гэж ойлгосон ч болно. Тэгвэл үнэхээр тэр үеийн эрх баригчдаас тэгж асуу­сан гэж төсөөлье л дөө. Тэд юу гэж ха­риу­лах байсан бол...

Эр­дэнэ шиг л “За ямар ч байсан харз­ная, орос ах нар юу гэхнэв...” гэх байсан гэдэгт эргэлзэх хэ­рэггүй. Үнэхээр манайд өөрс­дөө мэдэж шийддэггүй асуу­дал байна. ОХУ байгаа цагт бид хэзээ ч цахилгаанаар 100 хувь өөрсдийгөө хангахгүй, бид хэзээ ч хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо ургуулахгүй. Ин­женер Н.Нацагням хүчдэл тогт­воржуулагч генератор зо­хион бүтээснийхээ дараа яг энэ сэдвийг хөндөж “Хүчдэл тогт­воржуулах шаардлага байгаа, реак­тив чадал гэж байдаг гэдгийг Оросууд хэлж өгдөггүй байсан.

Бид хэрвээ Москватай эвгүй харьцвал бидэнд “Та на­рыг хөлдөөж ална шүү” гэж хэ­лэх чадалтай байхын тулд шүү дээ” гэж хэлж байсан. Хоёр хөрш ОХУ, БНХАУ, гуравдагч хөрш АНУ-ын тагнуулууд ма­найд дүүрэн бий. Улстөрийн на­мууд нь тэндээс санхүүжилт ав­даг. Ийм байхад бид энд хөгж­лийн талаар яриад хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэж санагдмаар. Хариулт нь биднээс хамаарахгүй ийм асуул­тын нэг нь ам.долларын ханш юм биш үү.     

Ард түмэн үгийг нь тоож сонс­­дог цөөн хүний нэг Н.Жан­цан­но­ров гуай нэгэнтээ “Бид нар энд тусгаар тогтнол гээд хэн нь илүү эх оронч болохоо үзээд бай­даг. Гэтэл хоёр их хөрш чинь аль хэдийнэ Монгол байх үгүйг ший­дээд байгаа юм биш үү” гэж би­лээ. Тэрэн шиг, ам.долларын ханш хэдэд барихыг бид энд ший­дээд нэг, нэгнээ огцруулаад, то­милоод янз, янз болж байгаа ч үнэндээ АНУ, дээр нь нэмээд хоёр хөрш Монгол Улсыг ямар байдалтай байлгах вэ гэсэн асууд­лыг ерөн­хийд нь тоймлоод л сууж бай­гаа.

Ийм асуудал өнөөдөр ч бид­ний нүдний өмнө болж байна. АНУ-ын мөнгөөр “угжуулсан” лалын зэвсэгт бүлэглэл Сирид бэлтгэл сургуулиа хангаад одоо Багдадыг эзлэхээр тэмүүлж байна. Ирак­чууд үүнийг дотоод­доо яаж ч хэлэлцээд, хэрэлдэж урал­цаад шийдэж чадахгүйн адил нэгэнт “төмөр хөшиг” та­тагд­сан нөхцөлд бид хэрхэх ёс­той юм бэ.

Монголбанкны гадаад валю­тын нөөц 1.5 тэрбум болж, хоёр жи­лийн өмнөхөөс гурав дахин багаслаа. Одоо алттай болж байж л нөөцөө нэмэгдүүлэх бо­ломжтой юм байна. Цаашдаа ва­лютын интервенц хийгдэхгүй нь. Оюутолгой ажиллатал, гад­ны хөрөнгө оруулагчид орж ир­тэл энэ чигээрээ байна. Алтаа за­рах­гүй байя, гэхээр валют хомс­доно. Хомсдохоор үнэ нь өс­нө гээд асуудал ар араасаа үүс­нэ.

Ам.долларын ханш бас нэг айдсыг хүргэж байгаа нь “Хит­мэн” буюу санхүүгийн алуур­чидтай холбоотой. Их гүрнүүд жижиг улсуудад баг зэрэг нүүр үзүүлмэгцээ  лоббиг нь хийдэг агент­лагуудаараа дамжуулан эдийн засаг нь маш их өснө, ирээдүйтэй гэсэн дүгнэлтийг гар­гуулж, зээл авахуулдаг. Ин­гээд зээл авсных нь дараа цалмаа чан­­гаруулж байгаад дахин зээл авахаас өөр аргагүй байдалд оруул­даг гэж.

Энэ бол өөр ул­суудад нэгэнт туршигдсан арга. Монголыгоо харахаар яг л энэ замаар орсон юм шиг санагдах юм. Хоёрхон жилийн өмнө манай төгрөг ам.долларын эсрэг хамгийн ихээр чангарч, эдийн зас­гийн өсөлтөөрөө Катар, АНУ-тай уралдаж байсан биш билүү. Гэтэл өнөөдөр юу болов. Асуудал МАН, АН-даа ч биш, гагцхүү гадны бодлогод манайхан хэт их ороод байгаа юм шиг санагдах юм. Монголыг минь заяа нь тү­ших байгаа.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.