Иргэд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй шалны халаалт, цахилгаан халаагуурыг сонирхож байна
БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төв нь “Барилга Мегастор” төвд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Барилга Мегастор”-т нээсэн, “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаатай танилцлаа. Нөгөөтэйгүүр, 11-р сарын 1-нээс Засгийн газраас гаргасан шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлж байгаа юм.  

“Барилга Мегастор”-н хоёрдугаар давхарт байрлах мэдээллийн төв нь өнгөрсөн сарын 23-наас иргэдэд мэдээлэл өгч, үйлчилж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал, онцлогийг танилцуулсан үзэсгэлэнг гаргасан байлаа. Уг төвд очсон иргэд 20 гаруй компанийн 50 гаруй нэр төрлийн технологитой танилцах, хооронд нь харьцуулах байдлаар өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой аж.

Тэгвэл “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д БЗД-ийн 23-р хорооны иргэн Д.Болдын гэр бүл халаалтын технологи сонирхож байсан юм. Тэрбээр амины орон сууцанд амьдардаг бөгөөд цахилгаанд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулсан технологиудыг харьцуулан, мэдээлэл авч яваагаа дуулгалаа. Д.Болд “Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь сайн хэрэг болсон. Мэдээллийн төвөөрөө дамжуулан өөр олон технолгиудыг танилцуулж, иргэдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар техник, технологи ашиглах талаархи мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй байна. Мөн мэдээллийн энэ төвийг өөр олон газарт байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн энд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа компаниуд үнийн уян хатан нөхцлийг санал болгож оролцох ёстой болов уу” гэсэн юм.



Түүнээс гадна уг төвөөр үйлчлүүлж байгаа ихэнхи иргэд агаарын бохирдлыг бууруулсан технологиос гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байлаа.

Мөн мэдээллийн төвийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа болон иргэд ямар төрлийн бүтээгдэхүүн илүүтэй сонирхож байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилтан Б.Даваасүрэнгээс тодруулсан юм. Б.Даваасүрэн “Мэдээллийн төвд өдөр бүр маш олон иргэд ирж үйлчлүүлж, мэдээлэл авч байна. Ихэнх иргэд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуур болон шалны халаатыг сонирхож байна. Гол асуудал нь санхүүгийн асуудал байна гэсэн санал, сэтгэгдлийг хэлж байгаа. Үүнийг шийдэхийн тулд зарим компаниуд тодорхой банкны лизингийн үйлчилгээ үзүүлж байна. Нарийн мэдээллийг мэдээллийн төвд ирж авах боломжтой” гэв.



Мэдээллийн төвд танилцуулагдаж буй зарим технологиос дурдвал, иргэдэд “Кореан Кабль” компанийн зүгээс иргэдэд 4-5 төрлийн шалны халаалтын системийг танилцуулж байлаа. Тус компанийн цахилгаанчин Д.Жавзандамбын хэлснээр танилцуулж буй шалны халаалт нь цахилгаанд хэмнэлттэй төдийгүй, дулаан алдахгүй байх давуу талтай аж. Үнийн хувьд 1м2 нь 25-45 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

Мөн “Хос цамхаг” компани цахилгаан халаалтын технологийг иргэдэд санал болгож байлаа. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэмээн тус компанийн ерөнхий менежер Г.Атарцэцэг хэллээ. Мөн тэрбээр “Иргэд бүтээгдэхүүнээ сонголоо гэхэд санхүүгийн асуудалтай зарим нь тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд “Хаан” болон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны лизингээр манай компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой” гэсэн юм.



Энэ мэтчилэн олон төрлийн бүтээгдэхүүн уг төвд танилцуулагдаж байна. Зарим компаниуд зөвхөн монгол гэрт ашиглах боломжтой халаагуурын технологийг ч санал болгож байлаа. Монгол гэрийн хувьд дулаан алдагдал их. Тэр утгаараа ямар дулаалгын материал, технологи ашиглаж гэрээ дулаан байлгах, нүүрс бага хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээллийг ч уг төвөөс авах боломжтой аж.

Мөн БОАЖЯ-наас нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан байна. Энэ хүрээнд “Хас банк” иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа бөгөөд байгальд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ашиглах технологи, нэвтрүүлэх, хэрэглэх, төсөл хөтөлбөрийг дэмжих юм байна.

Эцэст нь хэлэхэд, өвлийн улирлыг дуустал уг төв үйл ажиллагаа явуулах бөгөөд тодорхой судалгаа хийж, үр дүнг тооцоолсны дараа өөр хэд хэдэн байршилд салбар төвийг нээн иргэдэд үйлчлэх аж.










 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.