Долоо хоногийн тойм

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэхүү хоригийн эргэн тойронд өрнөсөн үйл явц өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татаж байв. Эцэст нь УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. Харин энэхүү хоригийг хэлэлцсэний маргааш Ерөнхийлөгч дахин хориг тавилаа.

Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Төсвийн тодотголд хориг тавилаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа. Хуульд хориг тавих тухай албан бичигт “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлжээ. Улсын Их Хурал Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлахдаа төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулийн зохих заалт /Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5/-ыг зөрчсөн бол тухайн зарчмын хүрээнд, тодорхой тохиолдолд төсөвт тодотгол хийхийг заасан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалт мөн зөрчигджээ” гэжээ. 

УИХ ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. 

Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар хурандаа Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэл нь 2012-2013 онд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж байжээ. 

 Хурандаа Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан аж.

 Нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төв нисдэг тэрэгний тусгай зогсоолтой болсон. Тус зогсоолоо ашиглаж, өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнгөрсөн долоо хоногт анхны буултаа хийлээ. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм.

Иргэний нисэхийн ерөнхий газар түргэн тусламж, ойн шавьж устгал, онцгой байдал, гал түймэр, аялал жуулчлал зэрэгт бага оврын агаарын хөлөг ашигладаг байхаар "Ерөнхий зориулалтын агаарын тээвэр"-ийн салбарыг хөгжүүлхээр ажиллаж буй. Энэхүү хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлага хангасан, агаарын хөлгийн тусгай зогсоол байгуулсан аж.

Товч 

- Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ

-Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилгоо хийлээ. Тодруулбал, Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.

-Энхболдын Тэмүүжин ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдсан “9 бөмбөгт” төрлийн залуучуудын ДАШТ-нд оролцож мөнгөн медаль хүртжээ. 
 

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2017-11-05 12:48:53
    Nisdeg tereg zob
    172.56.29.166
    Мэдэгдсэн Хариулах