С.Мөнхчулуун: НИТХ хуралдахгүй байгаагаас нийслэлийн ажил зогссон гэдэг бол сөрөг хүчний зүгээс хийж буй улс төр

Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИТХ-ын 12 дугаар хуралдаан хойшилсон. Үүнээс үүдэн НИТХ-ын хурал гацаанд орлоо гэх мэдээлэл олон нийтэд хүрч байна. НИТХ-ын хурал хойшилсон шалтгаан юу юм бэ? 

-НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ыг хүртэл завсарлага авсан. Хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Харин АН-ын бүлэг завсарлага авсныхаа дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалттай гэж үзэхгүй байна, нийслэлийн ажил гацчихаад байна” гэх утгатай зүйл ярьсан байна лээ.  Нийслэлийн ажил явдгаараа явж байгаа. НИТХ гэдэг бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг  удирдлага болгон ажилладаг. Энэ хуульд иргэдийн хурал нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана гэж заасан байдаг. Иргэдийн хурлын чуулган өөрөө байнгын ажиллагаатай биш.  Иргэдийн хурлын шийдвэрийг Засаг дарга, түүний харъяа байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Бид жилийн эцэст дүгнэлт өгдөг. Түүнээс НИТХ хуралдахгүй байгаагаас нийслэлийн ажил зогссон гэдэг бол сөрөг хүчний зүгээс хийж буй улстөр.

-НИТХ-ын хуралдаанаас МАН эхлээд завсарлага авсан тухай АН-ын мэдээлэл өгч байсан л даа?

-АН-ын бүлгээс хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” асуудлыг хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулсантай холбогдуулж зөвшилцөх шаардлага тулгарсан.
 
-Энэ асуудлаар нийслэлийн МАН бүлэг дотроо зөвшилцөлд хүрээгүй байсан гэсэн үг үү?

-Бүлэг дотроо ч АН-тай ч зөвшилцөх шаардлага байсан. МАН-ын бүлэг асуудлаа ярилцаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулий хуулиар аймаг нийслэлийн ИТХ 7-11 тэргүүлэгчтэй байна. Тэргүүлэгчээ хэрхэн сонгох талаар ч хуульд бий. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй байна. Үүн дотроос нэр дэвшүүлээд хамгийн олон санал авсан 11 төлөөлөгчийг тэргүүлэгчээр сонгоно гэсэн заалт байдаг. Аль нэг нам тэдэн суудал авна гэх заалт байхгүй.

-АН 9x2 буюу Монгол ардын намаас ес, Ардчилсан намаас хоёр гишүүн тэргүүлэгч байх тохироог хүлээн аваагүй юм биш үү?

-Олонхийн саналаар МАН-аас 11 гишүүн бүрдэх бүрэн боломжтой. Гэхдээ бид бүлгийн хурлаараа ярилцаж, улс төрийн намын соёлыг ч бодсон төлөөллийн ардчиллын зарчмаар явж байгаа учир цөөнхөөсөө төлөөлөл оруулах ёстой. Цөөнхөөс шүүмжлүүлэх асуудалтай зүйлдээ шүүмжлүүлж, хяналттай байя гэж үзсэн. Мөн сөрөг хүчнээс тавьж буй асуудлыг Тэргүүлэгчдээрээ сонсъё гэж үзсэн. Энэ үүднээс Ардчилсан намаас хоёр төлөөлөл оруулахаар болсон. Яагаад хоёр төлөөлөл оруулж байгаа вэ гэвэл Ардчилсан нам 11 гишүүнтэй. Энэ нь нийт гишүүдийн 24 хувьтай тэнцдэг учир хоёр төлөөлөл оруулж байгаа. Гэтэл Ардчилсан намын зүгээс гурван төлөөлөгчтэй байх ёстой гэж ярьж байгаа. Өнгөрсөн жилээс л бид хоёр төлөөлөгчийнхөө нэрийг өгөх тухай санал тавьсан.

-Өнгөрсөн жил АН-аас тэргүүлэгчид нэрээ өгөөгүй юм уу?

-Өгөөгүй. Одоо болохоор гурван төлөөлөгчтэй болно гээд байгаа юм. Өөрсдөө цөөнх учир Тэргүүлэгчдэд орох сонирхол бага байгаа юм уу гэж харж байгаа. Харин улс төрийн өнцгөөс л асуудал болгоод байх шиг байна. Гэхдээ бид АН-ын бүлэгтэйгээ зөвшилцөж, ойлголцоод явах ёстой. Бидний зүгээс хоёр тэргүүлэгчээ оруулж ирэхийг хэлж байгаа.

-МАН-ын хагарал нийслэлийн МАН-ынханд нөлөөлж байна гэж харж байгаа. Нийслэлийн МАН хоёр хуваагдчихсан юм уу?

-НИТХ-д МАН-ын 34 төлөөлөгч байгаа. Энэ бол намын асуудал гэхээс илүүтэй НИТХ-ын 34 төлөөлөгчийн л асуудал. Нийслэлийн МАН өөрөө 50 гаруй мянган гишүүдтэй. Нийслэлийн МАН хуваагдчихлаа гэвэл 25, 25 мянгаараа хуваагдсан гэж ойлгоно. Ийм асуудал байхгүй. НИТХ-ын төлөөлөгчдийг бас хуваагдсан гэж хэлж болохгүй. Мэдээж үзэл баримтлалын зөрчил байж таарна. Энэ асуудал юунаас болж эхэлснийг иргэд ч сайн мэдэж байгаа.

-Асуудлын эхлэл нь юу байсан юм бэ?

-НИТХ-ыг даргыг огцруулахаар 17 төлөөлөгч гарын үсэг зурсан. Үлдсэн 17 төлөөлөгч нь үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр хүнийг буруутгаж болохгүй, МАН-ын бага болон их хурлын үеэр асуудлаа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байсан учир гарын үсэг зураагүй. Үүний дараа Ц.Сандуй дарга өөрөө ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Нэгэнт өргөдлөө өгсөн хүнийг хүчээр ажил хийлгэнэ гэж байхгүй. Өргөдлөө өгсөн шалтгааныг хувь хүний зүгээс 100 хувь мэдэхгүй шүү дээ. Миний хувьд “Улс төрийн алхам хийлээ” гэж бодсон. Дараа нь ИТХ-ын даргад Д.Баярсайхан төлөөлөгч, С.Амарсайхан төлөөлөгч хоёр өрсөлдсөн. Нэр дэвшигчдэд төлөөлөгчид 17, 17-гоороо санал өгсөн байсан. Ардчилсан намаас арван цагаан хуудас өгсөн байсан. Тиймээс бид олонхийн санал аваагүй гэж үзэж дахин хуралдсан юм. Ийм л асуудал өрнөсөн. Үүнийг хүмүүс хоёр хуваагдсан гэж харж байгаа байх. Гэхдээ бидэнд хагарсан, бутарсан зүйл байхгүй. Тухайлбал, Ардчилсан намын гишүүдээс хоёрыг нь Тэргүүлэгчдэд оруулъя гэж бүлгийн хурал дээр хэлэлцэхэд 100 хувиар дэмжсэн. Мөн намын зүгээс есөн дүүргээ төлөөлж, тэргүүлэгчдээ сонгоход 71 хувийн саналаар дэмжигдсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар 50, 50 хувиар хуваагдсан гэж ойлгож болохгүй. Төлөөлөгч өөрийн үзэл бодлын дагуу саналаа өгөх эрхтэй.

-Өнгөрсөн тавдугаар сараас хойш ИТХ-ыг хуралдаагүй гэсэн. Ямар шалтгаанаар хуралдаагүй юм бэ?

-Ер нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой. Төсөв, үндсэн чиглэл хоёрыг батлахын тулд зайлшгүй хоёр удаа хуралдах ёстой байдаг юм. Тавдугаар сард НИТХ-ын нэгдсэн хуралдаан болсон. Түүнээс хойш Тэргүүлэгчид хуралдсан байдаг. Үүнээс НИТХ-аар хэлэлцүүлэх чухал асуудал орж ирээгүй. Тухайлбал, ТҮЦ-ний журам, реклам сурталчилгааны самбар байршуулах журам зэргийг ИТХ-ын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах шаардлага байдаггүй. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард ИТХ-ын дэг, дүрэм, журмыг баталсан. Үүгээр нийслэлийн ИТХ-ын чуулган долоо, наймдугаар сард хуралдахгүй гэж заасан. Энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хурлыг хийдэг. Аравдугаар сард хуралдаж эхлэхэд хурлын даргаа огцруулах, солих асуудал яригдаж эхэлсэн. Тэргүүлэгчдийн хурлаараа ИТХ-аа хуралдуулахыг шийддэг. Түүнээс ажил зогссон, гацаанд орсон асуудал байхгүй.

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа вэ?

- Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн хэрэгжилтийн явцыг МАН бүлгийн хурал дээр сонсоод, хэлэлцээд явж байгаа. 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт 88.8 хувьтай байгаа. Цаашид хоёр сарын хугацаа байгаа учраас үндсэн чиглэлийн биелэлт хангагдах боломжтой. Зам талбай, барилгын ажлууд, сургууль цэцэрлэгийн тохижилт гээд олон ажлууд хийгдсэн. Нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлууд өмнөх жилийнхтэй ижил хэмжээнд байгаа. Сөрөг хүчний зүгээс энэ жилийн хийсэн ажлуудыг өмнөх жилүүдтэй харьцуулахдаа “Чингис” бондоор хийгдсэн “Гудамж” төслийн ажлуудыг нэмж яриад байх шиг байна л даа.

-Өнгөрсөн онд хийгдсэн ажлуудаас цухас дурдвал?

-НИТХ-ын чөлөөт цагт тэргүүлэгчид хуралддаг. Тэргүүлэгчид 1-10 сарын хооронд 13 удаа хуралдаж 95 асуудал хэлэлцээд 134 тогтоол гаргасан. Энэ хугацаанд НИТХ-ын ажил хуульд заасны дагуу хэвийн үргэлжилж байгаа. Тэргүүлэгчид өнгөрсөн хугацаанд нийслэлийн боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг, эрүүл мэндийн чиглэлээр нийслэлд баримтлах дүрэм журмууд, ТҮЦ-ны асуудлаар журам гаргасан. Рекламын самбаруудыг цэгцэлсэн. “Нэг өрх нэг ажлын байр”, “Телекамер”, ”Гэмт хэргийн хяналтын цогц систем”, “Эргүүл”, “Нийслэлийн боловсрол-2020”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”, “Улаанбаатарт үйлдвэрлэв” зэрэг дэд хөтөлбөрүүдийг тэргүүлэгчдийн хурлаар баталсан. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажлын байраар хангах тухай “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт туссан зүйл заалтад байгаа ажлуудыг хэрэгжүүлэх дүрэм журмыг иргэдийн хурлаар батлаад явж байна. Нийслэлийн зүгээс сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 23 сургууль цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийсэн. Шинээр 10,9 км авто зам барьж 32,6 км замыг өргөтгөн шинэчилж, таван байршилд шинээр гүүр барих ажлыг эхлүүлсэн гэх мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлуудыг хангалттай хэрэгжүүлээд явж байгаа.

Мөн Төрийн үйлчилгээг төгөлдөржүүлэх чиглэлээр нэлээн олон ажлуудыг хийж байна. Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлсэн, үйлчлэх төрлүүдийг нэмэгдүүлсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг УИХ дээр хэлэлцэгдээд явж байгаа. Энэ хууль батлагдвал нийслэлийн хөгжилд маш том ахиц үзүүлнэ. Өнөөдөр автобуснууд бүрэн смарт картаар үйлчилж байна. Иргэд утсаараа өөрийнхөө хүлээж байгаа автобус хаана явж байгааг мэдэх боломжтой болсон гэх мэт иргэддээ хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна.

Энэ сард “Улаанбаатар үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарна. Зөвхөн нэг намыг буруутгах харлуулах үүднээс нийслэлийн засаг захиргааны ажлыг буруутгаж харуулж байгаа нь харамсалтай байна.
 
-Нийслэлийн төсвийг хэзээ батлах вэ?

-Хуулийн дагуу улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батална. Үүнээс хойш арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэлийн төсвийг батална гэж хуульд заасан. Арванхоёрдугаар сард багтааж нийслэлийн төсөв батлах ёстой. Өвөл болох гээд байхад хурлаа хийсэнгүй гэж шүүмжлээд байгаа юм. Одоо хийх, хэрэгжих ажлуудыг чинь өнгөрсөн жил баталж, хуваарилчихсан ажлууд шүү дээ. Захирагчийн ажлын алба, дүүргүүд гүйцэтгэх ажлаа л хийгээд явж байгаа. НИТХ гэдэг бол бодлогын бичиг баримт, түүнийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгийг нь баталж өгөөд хяналт тавьдаг газар.

Цөөнх маань ажлыг мушгиж, иргэдэд буруу мэдээлэл өгч байна. Түүнээс ИТХ-аас болж, ажил саатсан, гацсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Ардчилсан намынхан маань ч бас нэг суудлаас болж нийслэлийн ажилд саад хийхгүй ойлголцоод явна гэж найдаж байна.  

 
 П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus