Банкнаас бусад санхүүгийн салбар бүрд өсөлт гарчээ

Санхүүгийн Зохицуулах Хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны III улирлын санхүүгийн болон бусад статистик үзүүлэлтийг тоймлон мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өсчээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 695.4 тэрбум төгрөгөөр өсөж 2 083.1 тэрбум төгрөгт хүрсэн бол даатгалын салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өссөн байна.

ХЗХ-дын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар, өнгөрсөн улирлаас 10 хувиар өссөн 142.7 тэрбум төгрөгт болсон бол ББСБ-уудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өсөж 906 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 20 хувийг зээлийн өсөлт бүрдүүлжээ. Мөн өөрийн хөрөнгө 35 хувиар өсөн  716.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өсөлтийн 32.8 хувийг ХНХ-ийн өсөлт бүрдүүлж байна. ББСБ-ын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөг болсон бөгөөд сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж өмнөх улирлынхаас 0.1 пүнктээр буурчээ.



 
БАНКНААС БУСАД САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН ХУРААНГУЙ ТОЙМ
 
Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 695.4 тэрбум төгрөгөөр буюу50.1 хувиар өсч, 2 их наяд 83.1тэрбум төгрөг болж, 2016 оны жилийн эцсийн үйлдвэрлэлийн аргаар тооцсон нэрлэсэн ДНБ-ний хэмжээтэй харьцуулахад 5хувийг эзэлж байна.

Хувьцааны арилжааны дүнг зах зээлийн үнэлгээнд харьцуулсан дүн буюу хөрвөх чадварын тооцоо 0.3 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс2.05 функтээр буурсан үзүүлэлт юм.

Хороонд бүртгэлтэй ҮЦК-уудын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 62-оос 52 болж  буурав. ҮЦК-уудын нийт хөрөнгө 18.4 тэрбум төгрөг буюу 25.8 хувиар өсөж 89.8 тэрбум төгрөг, үйл ажиллагааны орлого 2 тэрбум буюу 57 хувиар өсөж 5.5 тэрбум төгрөг болсон ба 1.4 тэрбум төгрөг (227%-ийн өсөлт үзүүлсэн)-ийн ашигтай ажиллаа.

Хөрөнгийн зах зээлд нийт 208.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 85 хувь, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 12 хувь, хувьцаа 2 хувь, компанийн бонд 1 хувийг тус тус эзэлж байна.

СЗХ “МИК актив арван гурав” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэлх жилийн хугацаатай орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,902,864 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгэлээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжигдсан хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 150.6 тэрбум төгрөг буюу 260 хувиар харин арилжигдсан үнэт цаасны тоо 5.7 сая ширхэг буюу 86 хувиар тус тус өссөн байна.

ҮЦТХТ ХХК д бүртгэлтэй нийт 893,646 данс, 140,882 холболтын данс бүртгэлтэй байна. Эдгээрийн 888,879 нь дотоодын иргэн, 1,994 нь гадаадын иргэн, 2,591 нь дотоодын аж ахуйн нэгж, 182 нь гадаад аж ахуйн нэгжийн данс байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 318 ХК-ийн 1,4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 22,245,285,497 ширхэг үнэт цаас хадгалагдаж байна.

Хөдөө аж ахуйн биржээр нийт 68.1 тэрбум төгрөгийн түүхий эд, материал арилжаалагджээ.
 
Даатгалын зах зээл

Даатгалын зах зээлд ердийн даатгалын 15 компани, урт хугацааны даатгалын 1 компани, давхар даатгалын 1 компани, 40 даатгалын зуучлагч компани  үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын зуучлагчдын 9 нь давхар даатгалын зуучлагч компани, мөн 9 нь даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэгч банк байна. Даатгалын хохирол үнэлэгч 31 компани, 2893 даатгалын төлөөлөгчид тус тус СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Даатгалын компаниудын нийт 512 салбар, төлөөлөгчийн газар 21 аймаг болон Улаанбаатар хотод байршин ажиллаж байна.

Салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.4 хувиар өслөө. Нийт хөрөнгийн 80 хувийг ердийн даатгал, 17 хувийг давхар даатгал, 3 хувийг урт хугацааны даатгалын хөрөнгө эзэлж байна.

Даатгалын нийт хураамжийн орлого 29 хувиар өсөж, 114.6 тэрбум төгрөгт хүрэв. Харин нөхөн төлбөрийн зардал 32.4 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 28.3 хувийг эзлэв. Нийт цэвэр ашгийн хэмжээ 10.2 тэрбум төгрөг байна. 

Даатгалын компаниуд нийт 42 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийг шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 55.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Салбарын нийт нөөц сангийн хэмжээ 121.5 тэрбум төгрөг болж, 24.7 хувийн өсөлттэй гарлаа. Үүнээс ердийн даатгал 99.9 тэрбум төгрөг, урт хугацааны даатгал 1.4 тэрбум төгрөг, давхар даатгал 20.3 тэрбум төгрөг байна.
 
Хадгаламж зээлийн хоршооны зах зээл

Нийт 53,777 гишүүнтэй 290 ХЗХ энэ улиралд үйл ажиллагаа явууллаа. Нийт активын хэмжээ 142.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар өссөн байна. Хоршоодын нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар өсөж 90.96 тэрбум төгрөгт хүрлээ. Харин нийт зээлийн хэмжээ 107.74 тэрбум төгрөгт хүрсний 92 хувийг хэвийн зээл эзэлж байна.
 
Банк бус санхүүгийн зах зээл

ББСБ-уудын тоо 535-д хүрсэн бөгөөд нийт хөрөнгө 906 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өсөв. Мөн өөрийн хөрөнгө 35 хувиар өсөн 716.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өсөлтийн 32.8 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлжээ. Нийт зээлийн хэмжээ 592.4 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 32.3 хувиар өссөн бөгөөд 79.9 хувийг хэвийн зээл, 5.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 14.3 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байна.

ББСБ-уудын 80 хувь нь 52.3 тэрбум төгрөгийн ашигтай, 16.1 хувь нь 8.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Өөрийн хөрөнгийн өгөөж 7 хувь, нийт хөрөнгийн өгөөж 5.4 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 2.6 болон 1.4 пүнктээр тус тус буурчээ.

СЗХ-ноос гаргасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийн үр дүнд зах зээл дэх ББСБ-уудын хөрөнгийн чадавх сайжирч, үүнийгээ даган ББСБ-уудын олгож буй зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Зээлийн нийлүүлэлт өссөнөөр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 4.2 хувь байсан сарын жигнэсэн дундаж хүү энэ улиралд 3.4 хувь болж буурлаа.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эргэцүүлэгч 2017-11-13 06:52:02
    Дэлхий дээр хамгийн өндөр хүүтэй мөнгө зээлдэг манай банкууд тэгээд ашиггүй ажиллаад байгаа юм уу?