Сайхан хайр гэж байна.../дурсамж/
Оддын дунд ижлээ үзсэн юм шиг...
Нэгэн сайхан хайрын тухай...
Нямаа гуайн хайрын тухай бичмээр санагддаг юм. Сайхан хайр гэж байна. Нямаа гуайн хайрыг би тийм хайр гэж хэлнэ. Долоон жил бие биенээ хүлээсэн хайр. Энэ цагт долоон жил үнэнчээр хүлээх хүн бий болов уу гэж бодогдох тусам энэ хайрыг бичмээр санагддаг л даа. 1960-аад оны холбоо гэж ямар юм байлаа. Тэр үеийн шуудан захидал яаж Ховд хүрдэг байлаа гэж бодох тусам тэдний хайрын үнэ цэнэ нэмэгддэг. 
Ер нь Нямаа гуайг Хүн эмнэлгийн техникумыг төгссөн, сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядад бага эмчээр ажиллаж байсныг олон хүн мэддэггүй. Сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отряд монгол орныг хэрэн явж, тэр үед хүн амын нас баралтын нэг шалтгаан болоод байсан сүрьеэ өвчнийг илрүүлэн устгаж, монголын ард түмнийг эрүүлжүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэр отрядад зөвлөлтийн эмч нар ажиллаж байлаа. Нямаа гуай лаборант хийж байсан байх. Даруухан хөдөөний бор хүү техникумын хөөрхөн охин З.Отгонбаярт хайртай болжээ. Хайрын шүлгүүдээ бичиж эхэлж. Тэр шүлэг нь дуу болж, монголын радиогаар хангинаж, хүн бүхэн л амандаа гунганаж байж. 
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би
Дугуй толины өмнө дахин дахин эргэлдэж
Дурлалын дуу аялан гадаа гармаар байх чинь
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би... 
Оросуудтай ажиллаж, хар багадаа нэрд гарч, М.Горькийн сургуулийн тухай сонсож, С.Удвал даргад өргөдөл бичжээ. Гэргий нь Ховд аймагт ажиллахаар томилогдож, харин Д.Нямаа гуай ЗХУ-д суралцахаар явав. Долоон жил хоёр биенээ хүлээж, захидал бичилцэн, тэртээ Москвагаас гэргийдээ яаран, алс Ховд аймаг хүрэх, бас Дундговьдоо очих, энэ бүхэн амар байгаагүй нь мэдээж. Газрын хол, цаг хугацааны урт тэдний хайрыг шалгажээ. Нямаа гуай бол үнэнч хүн. Говийн хүний мөс чанар, уужуу ухаан, хэр барагтай бол амархан дуугардаггүй зан, дуугарвал хэлэх шиг хэлдэг монгол төрх тэр хүнээс харагддагсан. 
Эмэгтэй хүнтэй хамт явж байвал тэр нь эхнэр Отгонбаяр нь л байна. эхнэрээсээ өөр хүнд дурлаж, олон бүсгүйг хайрын цаламд татвал тэр яруу найрагч гэдэг томьёололд багтахгүй хүн. Түүний “Цэцэгт цэнхэр алчуур” дуунд би их дуртай. Хөдөө минь харагдах шиг болдог, бас түүний хажууд байгаа 17 настай хэн нэгэн би юм шиг санагддаг. Энэ дууны үгийг сонсохоор нэг их дурласан хүн бичсэн юм шиг танд санагдана даа. Нямаа гэдэг найрагч тэгж л бичдэг хүн. 
Мянган цагаан хонь минь 
Мяралзсан ус шиг харагдана уу 
Цэцэгт цэнхэр алчуур минь 
Цэн тогоруу шиг vзэгдэнэ vv
Хойтон хавар ирэхдээ
Хонин дунд минь буугаарай
Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь суугаарай 
Хашийн цагаан хонио 
Хариулж єсгєх дуртай 
Арвин талын хоньчин би 
Арван долоон настай
Утга зохиолын нэгдлийн тухай
1970-аад онд юмдаг. Би тэр үед Анагаах ухааны дээд сургуульд сурч байлаа. Шүлэг эрээчих донтой хүүхдүүд дээд сургуулиудад байх. Монголын зохиолчдын хороо залуу эхлэн бичигчдийн утга зохиолын мэдлэг чадварт санаа тавих болоод сургууль сургуулийн тиймэрхүү донтэй хүүхдүүдийг нэгтгээд яруу найргийн, хүүрнэл зохиолын гээд хоёр хуваан цуглуулж, уулзалт зохион байгуулдаг байсан бөгөөд яруу найргийг хариуцсан анхны дарга маань Долгорын Нямаа гуай байв. 
Бид их сургуулийн дугуй байрны 103 тоотод, долоо хоногт нэг билүү цуглана. Хүүхдүүд бичсэн шүлгээ уншиж, бусад нь хэлэлцэнэ. Хэл уран зохиолын ангийнхан л их шүүмжлэнэ. Анагаахын бид тэднээс их бишүүрхэж, “мэргэжлийн” тэднээс цэрвэх. Энэ дугуйланд маань нэртэй нэртэй яруу найрагч, зохиолчид ирдэг байлаа. Тэднээс хоёрхоныг тод санадаг юм. Яруу найрагч Ш.Цогт хэмээх шавилхан ганган залуу бидэндтэй уулзаад “би” гэдгийг ойлгуулж билээ. Яруу найрагч өөрөөрөө омгорхох хэрэгтэй. Хамгийн мундаг нь би. тэгж бодож бай гэв. Яана аа өөрийгөө тэгж бодож болдог юмуу гэсэн айдас төрсөн юмдаг. Ах зах хүний урдуур эхэлж дуугарах муухай гэж боддог бид мэт нь юун би мундаг гэж сэрэх вэ. Эргэлзээн дунд алмайран үлдлээ дээ. Дараа жил нь П.Лувсанцэрэн гэдэг зохиолч ирлээ. М.Горькийн сургуулийн оюутан гэнэ. Гял цал болсон. Бидний мэдэхгүй мэдэхгүй юм ярьсан зохиолч бол “Ус шиг цэнхэр”, “Нар шингэх болоогүй” мэтийн ихэд алдаршсан өгүүлэг бичсэн зохиолч байлаа. Тэр хүн дүр бүтээх тухай хэлэв. Дүрийг яаж бүтээх вэ гэхлээр жишээ нь мод бэлтгэж байгаа хүн байна. Хурц алмасан сүхээр хус мод унагачихаад хожуул дээр тамхи татахаар суух юм. Тамхиа татчихаад хартал сүх нь байдаггүй. Хажууд нь хэн ч байхгүй. Тэр хүн эхлээд гайхаж, дараа нь айж эхэлнэ. Дүрийг ингэж босгодог юм гэж билээ. 
Тэр Лувсанцэрэн гэгч хойтон нь төгсөж ирээд манай яруу найргийн нэгдлийн дугуйланг хариуцах болсноор Нямаа багш үзэгдэхээ больж билээ. Долгорын Нямаа гэдэг найрагч бол тэр үеийнхнээс төрсөн Д.Отгонсүрэн, Б.Хүрэлбаатар мөн миний багш мөн билээ. 
Нямаа багшийн шүлэг их энгийн юм шиг атлаа яруу тансаг, гүн сэтгэлгээтэй байдаг. Бид түүнээс байнга л суралцаж, бахдан биширдэг. Ахмад яруу найрагч Лувсандэлэг гэж бий. Одоо ная гарчихсан. Тэр хүн 2014 онд “Долгорын Нямаа-гүн авьяас” нийтлэлдээ бичиж байжээ. Яруу найраг гэдэг яруу сэтгэлгээ гэдгийг энгийн тун ойлгомжтой хэлсэн байна. 
...Шөнийн талд адуу янцгаана гэж би бичих л байсан. Гэвч би бичээгүй Нямаа л бичсэн. Нямаа гэдэг хүн Нямаа болоод л биччихжээ. Д.Лувсандэлэг гэдэг хүн Лувсандэлэг байсан болоод л бичсэнгүй. Яруу найраг яруу сэтгэлгээ юм гэж би санадаг. Шөнийн талд эгшиг татуулан хангинах адууны янцгаалт Нямаад яруугаар бууж, надад болохоор байж л байдаг энгийн зүйл шиг санагдаж. Хүүе яасан сайхан юм бэ гэх яруу сайхны сонсгол надад байсангүй... 
“Мэнэнгийн тал” гээд шүлэг байна. Хараа цуцам тал гэсэнгүй. Шувуу буулгүй нисэм тал гэж бичсэнгүй. Зүгээр л ингээд биччихэж. 
... Явж байгаад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ
Явж явж асуулаа , Мэнэнгийн тал гэнэ
Үдэш болоход асуулаа Мэнэнгийн тал гэнэ
Үүр цайхад асуулаа Мэнэнгийн тал гэнэ
Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал... 
Ур чадвар гэж үүнийг л хэлэх биз ээ. Горькийн сургууль төгсөгчдөөр удирдуулсан дугуйланд суугаад, Горькийн сургуульд явсан болохоор би өөрийгөө азтай гэж боддог. 
Товчхон... гүн...
Нямаа гуай үг хэлэх сайхан. Хичнээн цэгцтэй тэгсэн хэрнээ уран, гүн хэлнэ гээч. Би үг хэлж чаддаггүй юм. Уг нь уран илтгэгч байсан хүн шүү би. Архи тамхины тухай лекц уншсаар байгаад хэлэх үг цэгцэрсэн юм. Гэтэл хэсэг завсарлаад үг хэлэхдээ буйдраад байдаг болчихсон юм. Нэг удаа надад хэлж байна. Би ч бас чиний багш шүү гэж... Тэгээд л өөрийнхөө алдааг ойлголоо л доо. Түүнээс хойш багш нараа Д.Мандахсан, Ж.Шагдар, Ш.Дулмаа, Д.Нямаа, П.Лувсанцэрэн, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Т.Галсан гэж дуудах болсон билээ. 
Д.Маам зохиолчийн тухай “Магнаг цэнхэр дэлхийн хүн” нөгөөх нь бас ямар ч билээ хоёр номын нээлт би хийсэн юм. Тэдгээр номыг бичиж, эмхэтгэсэн хэрэг. Нямаа гуай тэгэхэд би ойр ойрмогхон Оюуны хоёр номын нээлтэд суулаа. Энэ хүн их буянтай ажил хийж байгаа бүсгүй юм байна гэж ирээд магтсан юм. 
Нямаа гуай өөрөө олон найз нөхдийнхөө тухай “Өдрийн сонинд” мөн “Өнөөдөр”-т бичиж гаргасан даа. Сүүлд Д.Гармаа зохиолчийн тухай бичсэн санагдана. Хүний талаар сэтгэл хөдөлмөөр бичнэ. Тэр эрхэм хүнээс сурах юм даанч их. 
Ж.Лхагва зохиолчийн “Толгодын цаана ингэ буйлна” номын нээлт дээр Лхагваагийн тухай ярьсан нь багахан судлагааны өгүүлэл шиг нягтлан задалсан яриа байж билээ. 
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдрана
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо
Гүн харанхуйд тэнгэрийн заадас
Гүүн зэл шиг сунайн цайрна
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг
Шөнийн талд адуу янцгаана
Энэ шүлгийг манай үеийнхэн цөмөөрөө цээжээрээ мэднэ. Тэнгэрийн заадас гүүн зэл шиг байдаг, харвасан од алдуурсан унага шиг байдаг, оддын дунд ижлээ бий гэж хүлэг морь янцгааж байдаг нь монгол найрагчийн уянга, монгол найрагчийн ухаан, сэтгэлгээ билээ. Тэр хүн одоо оддын дунд бий. 
 
С.Оюун
2017.11.13
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-15 10:04:58
    Оюун эгч үнэхээр сайхан бичжээ. Нэг нэгнээ сайхнаар дурсах ч бас сайхан юм.