Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр таван гишүүний бүрэлдэхүүнтэй Тусгай хяналтын дэд хорооны зарим гишүүдийг өөрчлөх асуудлаар нэг хоногийн завсарлага авсан нь ийнхүү дууссан юм. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга О.Содбилэг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж долоо болгох саналтай байгаагаа танилцуулав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм.

Ийнхүү тус дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмсэнтэй холбоотойгоор Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал гаргав. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Ингээд Байнгын хорооны дарга О.Содбилэгийн гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Д.Оюунхорол нарын гурван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтов.

Ийнхүү энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.