Д.Баярсайхан: Улсын төсвийн 3.1 хувийг халамжийн мөнгөнд зарцуулж байсан бол одоо 500 тэрбумыг л зарцуулж байна
Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Нийгтийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг урьж ярилцлаа.
 
-Манай улс халамжийг хэт хавтгайруулсан гэж шүүмжилдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
 
-Ийм шүүмжлэлтэй олон тааралдаж байсан юм байна. 2008 оны сонгуулиас хойш улс төрийн намуудын сонгуулийн амлалттай холбоотойгоор халамжийг хэт хавтгайруулсан гэдгийг олон улсын байгууллага, судлаачид, иргэд, зарим төрийн түшээд шүүмжилдэг байсан. Энэ нь уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилж буй улс төрийн шийдвэр буюу сонгуулийн амлалт байсан. Тухайн үед уул уурхайн баялаг байнга ундарч байх юм шиг сэтгэж, ямар ч тооцоо судалгаа гаргахгүй амлалт өгсөн. Ингэж болохгүй ээ гэж хэвлэл мэдээлэл, олон нийт маш их шүүмжилдэг байлаа. Гэхдээ үүнийг дэмждэг хэсэг бүлэг ч байсан нь нууц биш.
 
Учир нь Монгол Улсын иргэн бүрт өгч байсан 21 мянган төгрөг амьдрал ахуйд нь тус нэмэр болж байгаа гэдэг утгаар дэмждэг хэсэг бай­сан. Тухайн үед нийгмийн халамжаас иргэдэд үзүүлдэг 68 нэр төрлийн үйлчилгээний мөнгийг нэмсэн гээд эдгээрийн нийлбэр дүнгээр том хавтгай дээр авч үзэхэд улсын төсөвт ихээхэн дарамт учруулсан. Тиймээс ч хавтгайруулсан халамж нь ул­сын ирээдүйн хөгжилд саад болсон гэж хэлэх хүн олон бий шүү. Яагаад гэвэл, тухайн үед тавьсан өрийг одоо ч төлж чадаагүй нүүрсээрээ эргүүлэн төлж байна.
 
-Халамжийн мөнгө авах шаардлагагүй хүмүүс халамж авдаг, ер нь тогголцоо нь өөрөө буруу яваад байна гэдэг. Энэ талаар хэр их санал гомдол ирдэг вэ?
 
-Халамжийн мөнгө авах шаард­лагагүй хүмүүст зүгээр мөнгө өгч байхаар төрөөс зайлшгүй харж хандах ёстой буюу зорилтот бүлэгтээ дорвитойхон өгөх ёстой гэдэг шүүмжлэл маш их ирдэг. Шинэчлэлийн засгийн газар гарч ирээд мөрийн хөтөлбөртөө хавтгайрсан халамжийг цэгцэлнэ, зөв гольдиролд нь оруулна, халамжийг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгүүдэд чиглүүлнэ гэж тусгасан. Зас­гийн газрын батлагдсан мөрийн хөтөлбөрийг харвал тийм олон зүйл байхгүй оновчтой 2-3 зүйл байгаа юм. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэгт чиглэнэ гэдэг бол нэлээд их цаг хугацаа, улс төрийн шийдэл, системтэй ажиллахыг шаардсан том зорилго юм. Энэ хүрээнд шинэчлэлийн Засгийн газар ажлуудаа хийгээд эхэлчихсэн. Тухайлбал, хүн бүхэнд олгож байсан мөн­гийг зогсоосон. Гэхдээ 21 мян­ган төгрөгөөр амьдралаа залгуулж байсан хэсэг бүлгийн амьдрал хэцүүхэн болж эхэлсэн учраас энэ зорилтот бүлгээ яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарсан.
 
Тиймээс яг халамж хэрэгтэй байгаа зорилтот бүл­гээ тодорхойлох гэж багагүй ху­гацаа авлаа. Мэдээж алдаа оноо их байлаа. Тухайлбал, аргачлал, судалгаа хийх цаг хугацаа хүний нөөцийн асуудал, зохион байгуулалтын алдаанууд гарч байсан учир халамж хүрэх хүндээ хүрэхгүй байсан. Санал гом­дол ч их ирсэн. Өмнөх Засгийн газрын үеэс эхэлсэн хүнсний эрхийн бичиг гэхэд л баян, танил талтай буюу тухайн хорооны Засаг даргыг таних хүмүүс аваад байна гэдэг асуудал их гардаг байлаа. Хаана л уулзалт болно тэнд энэ асуудлыг ярьдаг байсан. Тиймээс ч бид халамжийн салбарт шинэчлэл хийх үүднээс судалгааныхаа аргыг Монголын нөхцөлд ойртуулан өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгаа хийсэн.
 
-Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа Халамжийн салбарын үндэс суурь болж чадаж байгаа юу?
 
-Нийгмийн халамжийн салбарт халамж зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлогдсон иргэдэд л хэрэгцээтэй байгаа үйлчилгээг нь хүргэх зорилтот бүлэгт чиглэгдсэн нийгмийн халамжийн үйлчилгээгг бий болгохоор зорьж байгаа. Тиймээс ч бид шинэчлэлийг хийх гол үндсэн суурь болгож өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Монгол Улсын нйит хүн өрх, хүн амыг хамарсан өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг хийлээ. Судалгааг хийхдээ амьдралд нилээд ойртуулж гадны хэт хуулбарласан зүйлсийг өөрчилж Монголын хөрсөнд таарсан аргачлал боловсруулсан юм.
 
Бүх айлаар орохыг зорьж, нийт өрхийн 93 хувийг хамарч чадлаа. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын амьжиргааных нь төвшингээр хамгийн ядуугаас хамгийн баян хүртэл эрэмбэлэн мэдээллийн нэгдсэн санд оруулж, тэрхүү мэдээллийн сангаас таван хувийн шугам татаад босго шугамнаас доошоо орсон буюу хамгийн ядуу гэж тодорхойлогдсон өрх, хүнд амд зориулсан оновчтой үйлчилгээнүүдийг хүргэх боломжийг бүрдүүлж чадсан. Тухайлбал, хүнсний эрхийн бичиг олгож байна. Тухайн өрхийн том хүнд 10000, хүүхдэд 5000 төгрөгөөр тооцож сар бүр олгож эхэллээ. Энэ нь судалгаагаар тогтоосон нийгмийн зорилтот бүлэгт хүргэх наад захын үйлчилгээгээ аль хэдийнэ эхэлчихсэн гэсэн үг. Эдийн засаг хямралтай, төсөв хүнд байгаа ч цааш нь тэлэх, өргөжүүлэх зүйл олон байна. Мэдээллийн нэгдсэн сангийн 5-10, 10-15 хувийн өрх айлд давхардсан бус яг тохирсон үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа.
 
-Хүн амынхаа зорилтот хэсгийг тодорхойлж чадсан юм чинь тэдгээр иргэдэд чиглэсэн ажлуудыг хийж эхлэх шаардлагатай байх ?
 
-Судалгаанд үндэслэж бид архинд донтох өвчтэй, орон гэргүй, хорих ангиас суллагдсан, тэнэмэл гэгддэг иргэдэд зориулсан түр хоноглох байраар хүйтний улиралд хангаж байна. Тэдгээр иргэдийг осгож амиа алдахаас сэргийлж хоноглох байраар хангах хүнсний дутагдалд оруулахгүйн тулд өдөрт ядаж нэг удаа халуун хоол өгч байгаа. Энэ мэт цаашид бий болгох олон үйлчилгээнүүдийг хийхийн тулд эрх зүйн өөрчлөлт хийж, тохирсон стандартуудыг гаргах шаардлагатай байгаа юм.
 
Энэ ажлын хүрээнд манайхаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Түүнчлэн судалгаа хийгээгүй байхад Хүнсний эрхий бичгийн асуудал маш их яригддаг байсан. Гэтэл одооо тийм өргөдөл гомдол бараг бахйгүй болж, хөдөө орон нутагт ч энэ талын санал гомдол гарахгүй байгаа нь нэг том ололт. Учир нь хүнсний эрхийн бичиг хэн авахыг хэн нэгэн албан тушаалтан шийдэхгүй болчихсон. Мэдээллийн сангаас тусгай программаар шийдэж байгаа  учир ямар нэгэн асуудал үүсэхгүй эрхийн бичиг ямар нэгэн арын хаалга байхгүй яг очих ёстой хүндээ хүрч байгаа гэсэн үг. Харин өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа хийх хугацаанд эзгүй байсан буюу бичиг баримтын зөрчилтэй байсан учир одоо хамруулаад өгөөч гэсэн л цөөхөн өргөдөл гомдол ирж байна.
 
-Бүх хүүхдэд бэлэн мөнгө өгч байгаа нь зөв гэж боддог уу. Хүүхдүүд халамжийн мөн­гө авах зорилтот бүлэг мөн үү?
 
-Нийгмийн халамжийн зах зээлд тулгуурласан хандлагын дагуу хэрэгцээ хаана байна түүнд зориулсан төрийн бодлого, үйлчилгээ очих ёстой. Тэр зарчмаар хэрэгжүүлэх арга хэлбэр, механизмыг өөрчилж Хүүхдийн мөнгөний хөтөлбөр болгон олон улсад хэрэгжүүлдэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байгаа. Аливаа улс орны хувьд ирээдүйн баялаг бүтээх, нийгмийн гол хөдөлгөгч хүчээ эхнээс нь зөв бэлтгэх, хүүхдийн ирээдүйн сурах, хөгжих үйл явцад нь дэмжлэг болох зорилгоор төрөөс бодлогоор дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг нийтлэг жишиг байдаг. Тиймээс халамжаас арай ангид авч үзэх ёстой зүйл юм.
 
Өөрөөр хэлбэл, гэр бүл, төрөлтийг дэмжсэн, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хуримтлалыг дэмжсэн гээд 5-6 бодлого агуулсан хөтөлбөр. Тэгээд ч хүүхэд бүрт сар болгон мөнгөн тэтгэмж өгөх санаачилгад дургүйцэж байгаа эцэг, эх байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бидний сар тутмын санхүүгийн тайлангаас  харахад хүүхдийн мөнгө авч байгаа манай улсын нийт 950 гаруй мянган хүүхдийн 60 гаруй орчим нь хүүхдийн мөнгөө шууд хадгаламж руу шилжүүлэн өрх бүр хүүхэддээ мөнгөн хадгаламж бий болгож байгаа. Банкны активдч эерэг нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна. Мөн тус хөтөлбөрийн үр дүнд манай улсын хүүхдийн ирээдүйн боловсролдоо хийх хөрөнгө оруулалтын баталгааг бүбрдүүлж байгаа юм. Түүнчлэн бага орлоготой ядуу өрхүүдийн хувьд хүүхдийнхээ өдөр тутмын сурч боловсрох, хангалттай хоол хүнсээр хангах хэрэгцээг нь бүрдүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байгааг нь манай хийсэн судалгааны дүнгээр батлагдаж байгаа.
 
Тэгээд ч хүнгүйгээр төр,  улс гэж байхгүй. Тиймээс хүнрүү чиглэсэн бодлого Монголд нэн хэрэгтэй. Монголчууд цөөхөн хүн амтай шүү дээ.
 
-Зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй өөр нэг зорилтот бүлэг бол үндэсний цөөнхүүд юм шиг санагддаг. Тэдгээр иргэдэд анхаарал тавьж, тодорхой бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юу?
 
-Уламжлалт буюу хуучин мөрдөж байсан Нийгмийн халамжийн хуулийн дагуу уг асуудлын хүрээнд бодлого хэрэгжилт учир дутагдалтай байсан. Бид шинэчлэлийн хүрээнд энэ асуудалд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний цөөнх болсон Хөвсгөл аймгийн цаатан иргэд маш хэцүү байдалд орсон учир тэдний асуудлыг тусгайлан авч үзээд 94 өрхийн 339 цаатан иргэнд нийгмийн халамжийн тэтгэмж сар бүр олгож эхэлсэн. Учир нь хүн ам болоод цаа буга нь цөөрсөн, цус ойртож генийн өөрчлөлтөд орсон, шилжилт хөдөлгөөнгүй болсон, архидалт их болсон зэргээс болж тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс уг тэтгэмжийг олгож байгаа.
 
Хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байна. Бидний урьдчилсан судалгаагаар цаа буга мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн, гэр бүлийнх нь орчинд өөрчлөлт орж архи уух нь багассан зэрэг сайн үр дүн гарч байгаа. Энэ мэт үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Мэдээж 100 хувь зүйл гэж юу байхав цаашид сайжруулах олон зүйл бий. Ер нь халамжийн бодлого улс орны төрийн болоод төсвийн бодлоготой шууд уялдаж явдаг. Түүнээс нэг сайхан яриад л хийчихдэг зүйл гэж байхгүй. Гэхдээ бид үндсэн суурийг бий болгож чадсан учир алхам алхамаар урагшлах хэрэгтэй.
 
Халамжийг олон төрлийн үйлчилгээ нэмээд хавтгайруулж болохгүй. Харин одоо байгаа үйлчилгээгээ цэгцлэх, хүнээ хөгжүүлэх нийгмийн халамжийн хөгжилд суурилсан үйлчилгээг л илүү анхаарч ажиллана.
 
-Хавтгайрсан халамжийг эхнээс нь цэгцэлж чадсан гэлээ. Тэгвэл улсын төсвийн мөнгөнөөс халамж руу ордог урсгал хэр багассан бэ?
 
-Маш их шүүмжилж байсан үе буюу хүн бүрт халамжийн мөнгө очиж байсан үед улсын төсвөөс халамжид жилдээ нэг их наяд төрөгийг зарж байсан. Харин одоо хүүхдийн мөнгийг оруулаад тооцвол нийгмийн халамжид нийтдээ 500 орчим тэрбум төгрөг зарж байна. Үүнээс яг халамж нь 270 гаруй тэрбум, хүүхдийн мөнгө нь 220 гаруй тэрбумыг зарцуулж байгаа юм. Тиймээс Монгол улс нийт төсвийнхөө 3.1 хувийг халамжийн мөнгөнд зарцуулж байсан бол одоо 500 орчим тэрбумыг л зарцуулдаг болсон гэсэн үг.
 
-Халамжийн салбарыг хөгжүүлэхээр хийж буй ажлуудаас яг одоо ямар нэгэн шалтгаанаар хүлээгдэж байгаа ямар ажил байна вэ?
 
-Өрхийн    амьжиргааны  төвшин тогтоох судалгаа үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан учир нэлээд хугацаа шаардсан. Тиймээс судалгаанаас хамаарах олон зүйл байгаа тул бүх зүйл хүлээгдээд байсан. Түүнчлэн Нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Үүнээс олон зүйл хамаарах болно. Түүнчлэн нийгмий халамжийн төвүүдийг бий болгох, хүүхэд рүү чигэлсэн ажил, асрамжийн төвүүдийг төрөлжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Батсүмбэрийн асрамжийн газрыг “Ахмадын хотхон” болгохоор барилга байгууламжуудыг бариад эхэлчихсэн. Тиймээс ирэх жилээс асрамжийн газар төрөлжөөд хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй гээд төрөлжүүлнэ. Одоо бол бүгд нэг дор байрлаж, нэг тогооноос хоол идэж байгаа.
 
-Шинээр байгуулах нийгмийн халамжийн төвүүдэд нийгмийн ажилтнууд ажиллах байх. Гэтэл одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудыг ажлаа муу хийдэг гэж гомдоллох хүн цөөнгүй бий. Тиймээс тэнд ажиллах боловсон хүчнийг чанартай бэлтгэх талаар хийж буй ажил байгаа юу?
 
-Нийгмийн халамжийн иргэдэд үйлчлэх, сургалт явуулах, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх төвийг аймаг, дүүргүүдэд бий болгохоор ажиллаж байгаа. Энэ оноос зарим ажил нь эхэлсэн. Энэхүү төвийг байгуулах нь нэлээн цаг хугацаа шаардсан ажил. Учир нь төвийг барих газрын асуудал нь шийдэгдэх гэж бараг бүтэн жил болох, хөрөнгө мөнгийг нь улсын төсөвт суулгах гээд НХҮЕГ-аас хамаарахгүй олон асуудал бий. Гэхдээ бид бэрхшээл тоочоод суух бус эхлүүлсэн ажлуудаа тасралтгүй сайжруулахыг хичээгээд ажиллаж байгаа. Ер нь халамжийн ажил сайжирч байгаа эсэх нь нүдэнд харагдаад байдаггүй. Нийгмийн хамгийн эмзэг хэсэгт үйлчилдэг.
 
Хэзээ ч сэтгэл ханамжийн баталгаа өндөр байдаггүй. Учир нь халамж авч буй хүмүүс халамжийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлээч, дахиад өгөөч гэдэг л зүйлийг хэлж байдаг. Тэдгээр иргэдийн хувьд харааны бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй, бүтэн өнчин хүүхэдтэй, хэвтрийн ахмад настантай хэрхэн яаж харьцах гээд өөр өөр арга ажиллагаа шаарддаг. Эдгээр иргэдтэй шууд тулж ажилладаг нийгмийн ажилтнуудаа бэлтгэхийн тулд бид өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гурван шатны сургалт зохион байгуулсан. Сургалтыг нийгмийн ажилтан бэлтгэдэг дотоодын их, дээд сургуулиудын удирдлагууд, багш нартай хамтарч сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. Уг сургалт маш сайн үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. Гэхдээ сургалтаар сурч авсан зүйлийг амьдрал дээр, ажил дээр хэрэгжүүлж байгаа нь өөр асуудал. Доголдолтой зүйл байгаа. Тиймээс ч бид хөндлөнгийн хяналт үнэлгээ хийж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч байна. Гэтэл өмнөхтэйгөө харьцуулахад хандлагын нэлээд сайн өөрчлөлт гарсан. Ер нь цаашдаа нийгмийн ажилтан бэлтгэн гаргадаг сургуулиуд сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулах шаардлага байна гэж харагддаг. Тиймээс би сургуулиудын эрдэмтэн, багш нартай өөрийнхөө хэмжээнд энэ талаар санал бодлоо хуваалцаж байгаа.
 
- Нийгмийн халамжийн салбар олон улсын төвшинд хүртэл хөгжихөд ийм л зүйл хийчихвэл гэж бодож явдаг зүйл танд байгаа байх ?
 
-Манай улсын ихэнх иргэд ядуураад хэцүү байна гэж ямар ч тооцоо, судалгаагүй харанхуй яриад байгаад би их эмзэглэж явдаг. Судалгаанаас харж байхад манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь ер нь боломжийн амьдарч байгаа. Харин асуудалтай хэсэг нь 30 хувь байгаагаас нэн эмзэг нь 15 хувь л байна. Тиймээс энэ 15 хувийг л төр засаг нь анхаараад асуудлыг нь шийдчихдэг байвал болох гээд байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэдийн авдаг тэтгэвэр, тэтгэмж нь амьдралд нь хүрдэг байх шаардлагатай байна. Гэтэл одоо халамжийн тэтгэвэр 103600 төгрөг байгаа. Энэ мөнгөөр хүн бүтэн cap амьдрах уу гэдэг асуудал үүснэ. Арав гаруй жил энэ салбарт ажиллаж яваа хүний хувьд миний мөрөөдөл зайлшгүй халамж шаардлагатай хүнд хангалттай амьдрах хэрэгцээг нь хангаж, хувь хүнийг авъяас чадварыг нь нээн, амьдралаа аваад явах хэмжээнд хөгжүүлэх хөгжлийн төвүүдийг нь байгуулчихвал миний энэ салбарт ажилласны хэрэг бүтлээ гэж боддог.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.