Боловсролын салбараас гээгдсэн хүмүүжил төлөвшил

Монголчууд бид XX зуунд бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан томоос том дэвшилттэй улс. 1000 хүнд ногдох оюутныхаа тоогоор манайх АНУ-ын урд гарч чадсан гэдэг юм чинь одоо дэлхийн боловсрол гэж том ярихгүй, холын зүйл мөрөөдөхгүй ч гээд яахав.

Дээд боловсролын “бизнес” худалдаа, наймаа шиг цэцэглэчихсэн энэ үед дэлгүүрийн худалдагч, томоохон   баар рестораны үйлчлэгч, жижүүр, манаач нь хүртэл дээд боловсрол эзэмшсэн, дипломтонгууд байхад бид боловсрол мэдлэгээрээ дэлхийд гайхуулахгүй ч гээд яахав. Харин нэг л асуулт байна. Монгол Улс үнэхээр хүнээ боловсруулж чадаж байна уу?

 

ЗЭРЛЭГ БАЛМАД ҮЙЛДЛҮҮД ХЭРЭЭС ХЭТРЭВ

 

Дээд боловсрол эзэмшсэн, баклаврын диплом өвөртөлсөн хүнийхээ тоогоор бол бид олон улс орны хөгжлийг ардаа орхино. Гэтэл боловсролын салбарын чанар, боловсорсон хүнийхээ тоогоор дэлхийд яагаад сүүл мушгиад байна вэ? Мөн боловсрол, мэдлэгтэй хүнийхээ тоог харвал толгойтой бүхний амьдрал тэгш сайхан явах, улс орны хөгжил урагшилах, гэмт хэргийн гаралт буурах, амгалан тайван орчин бүрдэх нигууртай баймаар. Гэтэл тийм биш байна. Сүүлийн үед сонин хэвлэл, зурагт радиогийн мэдээллээс хар бараан мэдээлэл тасрахаа болиод байна. Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, хүүхдийн хулгай дээрэм, гэмт хэргийн гаралт ихэсч, Монголын нийгэм улам бүр “зэрлэгшиж”байна. Энэ бол хүмүүс нь  сэтгэлгээний хоосролд орж байгаагийн илэрхийлэл юм. Энэ бүхнээс харахад,  өөрийн эрхгүй монгол хүний хөгжил, мэдлэг боловсрол,  хүмүүжил төлөвшил гэсэн зүйлийг эргэцүүлэхээс өөр аргагүйд хүрэв.

Улаанбаатар хот байнгын болон түр оршин суугчидтайгаа нийлээд 1.5 сая хүнтэй. Монгол Улсын хүн амын 50 хувь нь оршин суудаг энэ газар  эдийн засаг, боловсрол, худалдаа үйлдвэрлэл, дэд бүтэц нь хөгжөөд зогсохгүй, хүний хөгжил нь мөн түлхүү хөгжсөн байдаг. Гэтэл 2016 оны гэмт хэргийн статистик мэдээг харахад  улсын хэмжээнд гарсан нийт хэргийн 66 хувь нь нийслэл хотод гарсан байна. Мөн улсын хэмжээн дэх өргөдөл, гомдлын 70 гаруй хувийг нь зөвхөн нийслэлд хүлээн авсан байх юм. Цагдаагийн газар нь хоногт дунджаар 1500-2000, ачаалал ихтэй өдрүүд, баяр ёслолын үеэр 2500-3000 дуудлагыг хүлээж авдаг гэсэн мэдээллийг олж хараад, Монгол Улс хүнээ боловсруулж чадахгүй байгаа юм байна гэсэн бодол эрхгүй төрнө. Жил бүрийн судалгаанаас харахад насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэрэг зөрчил буурч байгаа ч холбогдогчийн тоо ихэсч байна. Хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлж, гэмт хэрэг үйлдэх явдал цөөнгүй байна. Мөн гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийг нийгмийн байдлаар авч үзвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид их байна. Хүүхдүүд нэг нэгнийхээ үгийг даахгүйгээс болж, хоорондоо зодолдох, нэгнийхээ биед гэмтэл учруулах, гэмт хэрэгтэн гэж цоллуулах явдал цөөнгүй байна. Энэ бүхнээс харахад бид боловсролын салбартаа хүнийг хүүхэд байхаас нь эхлээд “хоосон” боловсруулж байгаа юм байна.



ХҮМҮҮЖИЛ БОЛОВСРОЛЫН НЭГ ХЭСЭГ МӨН ҮҮ?


“Улсаа аваръя гэвэл үндсээ авар. Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авар” гэсэн Чингис хааны сургааль байдаг.  Гэтэл бид боловсролын салбартаа гадны улсаас хуулбарласан сургалтын стандарт мөрдөж, “Цөм” хөтөлбөр гэж хэлбэр төдий зүйл хөөгөөд, хоёр настайгаасаа хорин нас хүртлээ “боловсроод” гарч ирдэг энэ салбарт хүүхдийн хүмүүжил, төлөвшил гэсэн боловсролынхоо гол агуулгыг мартчихсан явна. Өнөөдөр Монгол Улс уншсан цээжилснээ мэдлэг гэж ойлгодог,  сертификат, диплом төдийхөн эрээн цаас өвөртөлсөн л бол боловсрол эзэмшсэн гээд ойлгочихдог болж.  Яг үндсэн чанартаа боловсролын гол ухагдахуун гэгдэг нөгөө ёс суртахуун, хүмүүжил төлөвшил, эх оронч сэтгэлгээ,  хүн хүндээ туслах, хүмүүнлэг энрэнгүй зантай байх гэдэг зүйлийг ор тас мартчихсан, огт эзэмшээгүй явж байна. Шуудхан хэлэхэд, хүмүүжлийн цогц ойлголт, хүний мөн чанар, хүнлэг байдал гэсэн улс үндэстнээ аврах үнэт зүйлсээ хүнээсээ “салгачихсан” явна.

Орчин үед бид боловсрол, мэдлэг хоёрыг ялгаж салгахаа больчихсон. Угтаа бол мэдлэг, чадвар гэдэг зүйл боловсролоос ялгаатай. Боловсролтой хүн гэдэг нь сэтгэлзүйн хувьд  төлөвшсөн, сэтгэлзүйгээ удирдаж чаддаг, бусдад энэрэнгүй, хүлээцтэй хандаж чаддаг,  нийгэмдээ хувь нэмэр оруулдаг хүнийг хэлнэ. Гэтэл манай боловсролын системд энэ ухагдахуун алга. Боловсролын салбараас хүмүүжил төлөвшилгүй олон хүн бэлтгэгдэн гарч байна.



БОЛОВСРОЛЫН САЛБАРТАА РЕФОРМ ХИЙЕ


Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ? Энэ асуултад хүмүүс олон янзаар хариулна. Дотроо бодолтой, дороо суурьтай ханддаг хүнийг боловсролтой гэж үздэг нэг хэсэг байхад нийгэмдээ баялаг бүтээж буй мэдлэг чадвартай, хөдөлмөрч хүнийг боловсролтой хүн гэж тооцдог хэсэг ч бий. Боловсрол гэдэг ухагдахуун нь тархи оюунаа удирдаж чаддаг, ирээдүйн зорилгоо зөв тодорхойлдог, бусдаас үг сонсдог, хүний үг даадаг, хүмүүжил төлөвшлийн цогц ойлголт баймаар. Хүнийг үндсээр нь хөгжүүлдэг, боловсруулдаг энэ бүх процессийг боловсрол гэж тодорхойлж болно. Гэтэл бид өнөөдөр боловсролын салбартаа багаар ажиллах чадваргүй, ажлын шаардлага хүлээж авдаггүй, аль эсвэл уйлаад гараад гүйчихдэг, бодсон төлөвлөснөө цэгцлээд биччихэж чаддаггүй, тийм л бүтээгдэхүүн “үйлдвэрлэж” байна.

Өнөөдөр Монголын нийгэм боловсроогүй боловсон хүчнүүдээр дүүрсэн байна. Сэтгэлзүйн боловсрол эзэмшээгүй, зөв төлөвшөөгүй хэдэн нөхдүүд ажлын байран дээр гараад амин хувиа боддог, аль эсвэл ашиг хонжоо хараад суучихдаг,  тархи нь боловсорсон ч, зүрх сэтгэлийн боловсрол эзэмшээгүй учраас улс орны хөгжлийг бодож ажилладаггүй, бусдын тусын тулд энэ ажлыг хийж байна гэж ойлгодоггүй тийм л хүмүүсээр дүүрчихээд байна.  Гудамжинд таарсан хүмүүс нь үг хэлбэл хэрэлдчих гээд, үг сөрвөл зодолдчих гээд байдаг болсон нь мөн л өнөөх боловсролын цоорхой гэхээс өөр хэлэх үг алга. Тиймээс боловсролын салбараас гээгдсэн хүмүүжил төлөвшлөө эргэн харъя.  Хүнээ мэдлэгжүүлэхээс гадна сэтгэлзүйн боловсрлыг олгоё. Хүүхдүүдийг цэцэрлэгт байхаас нь, дунд сургуульд сурахаас нь эхлээд, их дээд сургуульд ороход нь хүртэл хүмүүжил төлөвшил, ёс суртахууны хичээлүүдийг давхар ордог болъё. “Бүдүүлэг” нийгмээ цэвэрлэж, боловсролын салбарынхаа бодлогыг боловсронгуй болгоё.  Боловсролтой, хүмүүжил төлөвшилтэй хүн хэзээ ч хүүхэд, эхнэр лүүгээ гар далайж, гэр бүлээ сандаачихгүй. Халаас нь хоосон ч хулгай хийгээд хөлжөе гэж бодохгүй, төрүүлсэн хүүхдээ гудамжинд хаяад, эсвэл хүчирхийлээд зогсож байхгүй. Уурлах бүртээ амиа хорлохыг бодохгүй.

Сургуулийнхаа хашааг цэвэрлэдэг хүүхэд чихрийн цаасаа хамаагүй хаядаггүй гэдэгчлэн хүүхдэд  багаас нь хүмүүжил төлөвшлийг зөв эзэмшүүлж, хүнд талархах, бусдад туслах сэтгэлтэй, эх оронч нэгэн болгоё. Боловсролын сал­бартаа хүний хөгжлөө зөв тодорхойлж, хүндээ хү­м­үүжлийн цогц эле­ментүүдийг суулгаж өгье. Боловсролын салбараас үнэхээр хүмүүжил, төвөлшил гээгдчихэж.

Зууны мэдээ
Б.Энхтуул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-11-29 10:08:04
    БАРАГ л хуучин Со нийгмийн боловсролоо буцаагаад хэргжүүлбэл илүү найдвартай үр дүнд хүрнэ шүү_
  • зочин 2017-11-29 07:24:01
    Боловсролд реформ шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон Шинэ сайд төрийн өмчийн их дээд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтаа зарлаж шударга сонгууль явуулъя
  • зочин 2017-11-29 06:35:38
    Банкны хуулийн тухайд ганц хүн сэтгэгдэл бичээгүй байхад энд олон хүн бичсэн байна. Эндээс харахад л мэдлэг боловсрол нь танигдаж байна шүү.
  • эмээ 2017-11-29 06:16:46
    Сургууль, эцэг эх аль нь ч хүүхэд хүмүүжүүлэх талаар О-ын ногоон тэг болсон. Хүмүүжилгүй, боловсролгүй эцэг эхийн хүүхэд адилхан л байна. Хар нялхаас хэрүүл су...
  • ээ бурхан минь 2017-11-29 05:42:00
    хамгийн аймаар нь эмчийн сургуулийн тоог цөөлөхгүй бол зүгээр дунд төгссөн хүн хувийн сургуульд шууд явж ороод хүн алж эхэлж байна. ач этүгэн гэх мэт хувийн
  • Бат 2017-11-29 05:08:59
    10 р анги төгсөж байгаа 3 хүүхдийн 1 нь их дээд сургуульд орох сурах боломжтой одоо бүгд ороод л шонхуу боллоо судалгааны материалуудаас ч тийм л шүү дээ
  • zochin 2017-11-29 05:01:09
    Estoi heregtei niitlel bna.Olon hun olj unshaasai.Oyutnuud yadaj tsas musuu tseverleesei, olondoo tustai ajil hiigeesei bilee.