У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музей барих ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, Урлагийн ажилтны Улсын II чуулган” Төрийн ордны их танхимд болж байна. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө !

Соёл, урлагийн зүтгэлтнүүд, авьяас билигтнүүд ээ !

Монголын соёл, урлагийн ажилтны улсын хоёрдугаар  чуулганыг тохиолдуулан Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

  Манай уудам эх орон даяар соёлын үрийг тарьж, үндэсний соёлын үнэт өв, дурсгалаа хадгалан хамгаалж, улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа Монголын соёл, урлагийн салбарын хамт олон, ажилтан, ажиллагсад, уран бүтээлчид, эрдэмтэн, судлаачид, соёлыг бүтээгч, өвлөн уламжлагч  иргэддээ болон хилийн чанадад ажиллаж, амьдарч, өв соёлоо сурталчлан таниулж буй хүмүүстээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, бахархах соёлтой ард түмэн. Бид түүх, соёлын нандин өв уламжлалаа өнөө хүртэл хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж, түүгээрээ хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. 

Дэлхий дахинд даяарших үйл явц эрч хүчтэй өрнөжбуй эдүгээ үед Монгол угсаатан, үндэстний язгуур өв, уламжлалт соёл, эрхэм ёс заншил, зан үйл, үнэт зүйлс бүдгэрэн мартагдаж  хэрэглэж уламжлагдах нь хумигдах хандлагатай болж байна. Энэ нөхцөлд бид өвөг дээдсийнхээ түүх, соёлын өв уламжлалыг танин мэдэж, цэгнэн үзэж дэвшилттэй бүхэнд нь хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны шаардлага юм.

  Монгол Улсын үе үеийн төр засаг үндэснийхээ язгуур, уламжлалт болон орчин цагийн соёл, урлаг, өв уламжлалаа хадгалж хамгаалан, хөгжүүлэх талаар тодорхой бодлого боловсруулж, үе шаттай хэрэгжүүлж ирлээ.

  Түүнчлэн Монгол Улс нэгдэн орсон ЮНЕСКО-гийн Конвенциудыг хэрэгжүүлэх,  үндэсний соёлын өвөө хадгалж хамгаалахад анхаарч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хийгээд Соёлын биет бус өвд  20 гаруй төрөл зүйлийг бүртгүүлж, тэдгээрийг хадгалж хамгаалах ажлыг үндэсний хэмжээнд, мөн зарим улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

  Сүүлийн жилүүдэд “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”, зохиогчийн эрх, Соёлын өв, Номын сан, Монгол хэлний холбогдолтой хуулиудыг баталж, түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах, соёлын биет бус өвийг хамгаалах талаар 10 шахам хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.  Энэ ондоо багтаан Засгийн газраас “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр соёлын биет бус болон биет өв дурсгалыг хадгалж хамгаалах үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Манай Засгийн газраас бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей болон Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ.

Түүнчлэн орон нутгийн соёлын байгууллагын материаллаг баазыг өргөтгөн шинэчлэхэд анхаарч хэд хэдэн аймагт музей, театрын барилга барьж соёл, урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэх чиглэлд анхаарч ажиллах болно.

Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийн хэмжээг одоогийнхоос бууруулахгүй байж жил бүр буй боломжоороо өсгөн нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана гэдгээ Та бүхэнд илэрхийлье.

Соёл, урлагийн ажилтны оюуны өмчийг хамгаалах, үнэлэмжийг нь дээшлүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, цалин хөлс, урамшуулал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар төрийн бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авах болно.

Ингээд дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхнээс хүсье. Үүнд:

Нэгдүгээрт. Төрийн болон төрийн бус аль ч байгууллагын соёлын үйл ажиллагаа нь Монгол үндэснийхээ соёлын өв уламжлал, шинэчлэл, орчин цагийн эерэг өнгө аясыг тусгасан, чанартай, хүртээмжтэй байх, нийт үзэгч, сонсогч, хүүхэд залуучуудад төрөлх эх орон, газар нутаг,  хэл соёлын үнэт зүйлсээ хайрлан хамгаалах, түүгээр бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чиглүүлэх;

Хоёрдугаарт. Соёл, урлагийн салбарын менежментийн бодлогыг боловсронгуй болгох, ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийг  дээшлүүлэх тогтолцоог бий болгож төлөвшүүлэх;

Гуравдугаарт. Олон улс, тив дэлхийн хэмжээнд тэнцэхүйц уран бүтээл туурвих, соёлын бренд үйлчилгээг шинээр бий болгож сурталчлан дэлгэрүүлэх;

Дөрөвдүгээрт. Гэр бүл, хот айл, сум, баг, дүүрэг, хорооноос эхлээд улс үндэстний хэмжээнд уламжилж ирсэн соёлын үнэт зүйлс, өвийг судалж сурталчлах, сэргээн баяжуулж хөгжүүлэх;

Тавдугаарт. Өргөн уудам газар нутагтаа тархан байршиж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрж, эртний нүүдэлчин өвөг дээдсийнхээ өвөрмөц өв соёлыг сэтгэл зүрхээрээ хадгалж хамгаалан авч яваа эгэл жирийн хүмүүс, хөдөөгийн айл өрх, малчин түмэндээ улс, орон нутгийн чанартай урлаг, соёлын байгууллагын шилдэг уран бүтээл, бусад төрлийн үйлчилгээг тогтмол хүргэж байх тогтолцоо бий болгож ажиллах; 

Зургаадугаарт. Бүх шатанд ажлын хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёс, сахилга, дэг журмыг тогтооход соёл, урлагийн байгууллага, ажилтнууд манлайлан, үндэсний эрх ашиг, нийгмийн шаардлагад нийцсэн шилдэг уран бүтээл, соёлын бүтээлч ажил үйлээр үлгэр дууриалал үзүүлж, үзэгч, сонсогч олон түмнээ соён гэгээрүүлэх, зөв төлөвшүүлэх, иргэний соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Их Эзэн Богд Чингис хаан “Монгол ёсоо санаж, түүхэн уламжлалаа хүндэтгэсэн цагт  миний ард түмэн мөхөхгүй” хэмээн айлдсаныг цөмөөрөө үл мартъюу.

  Анхаарал  тавьсан эрхэм Та бүхэнд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-12-02 17:25:45
    Baigaliin tm oorsdoo odor shonogui ochnoon sar guij bj buteegee bizdee hiihiig n ted hiij hurtehiig n ene awchhiin bnldaa
  • zochin 2017-11-30 03:26:22
    Saihan uil yvdal boldee. Eronhii said helsen amandaa hurch baigaliin tuuhiin muzeigdelhiin hemjeeniih bolohoor saihan barilga barj ogoh ehleliig tavij bgd bayar...
  • Zochin 2017-11-29 17:23:43
    Solongosiin yoronxiilogch asem r irexdee baigaliin tuuxii muzei g barij ogno gej amlsan sanagdaxiin ene yaasiin bol.
  • Баяраа 2017-11-29 13:57:40
    Мундаг Ерөнхий сайд
  • Zochin  2017-11-29 13:38:17
    Eh saihan baigalaa odoo muzegees uzeh bolj dee. Uul n eh ornoo ongon baidlaar n avaad uvsan bol iluu saihan baisan daa.
  • зочин  2017-11-29 07:13:27
    шашны төвийн барилгаа орчин үеийн болгомоор байх юмаа аймшигийн муухай газар л байх юм төрөөс гаргах хэцүү бол олон түмнийг хандив өгөхийг уриалвал хүмүүс дэмжи...
  • ZOCHIN  2017-11-29 07:00:26
    SAIKHAN MEDEE BNAA TALARHAJ BNAA ODOO TULENHIIN EMNELEG HOGJLIIN BERHSHEELTEI HUUHDIIN TSETSERLEG 2 DEER BAS ANHAARLAA HANDUULAARAI AMJILT AMJILT
  • Zochin 2017-11-29 06:45:05
    Ashgui dee Baigaliin tuuhiin muzeig hurdan bariulaarai ur huuheddee tsaashilbal gadaadiinhand gants nuur tahaldag muzei shuu