Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан саналын дагуу хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “10.6 дахь хэсэг” гэснийг хасахаар тогтов. Ингэснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр уг хуулийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 10.6-д зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно” гэсэн агуулгатай 10.5 дахь хэсгийг нэмэхээр болж байгаа юм.  

Мөн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 15.1.8 дахь заалт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хамаарахгүй” гэсэн тайлбарыг нэмэх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн хуулийн төслийн шинэ зохицуулалтын дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах иргэдийн Хурлын төлөөлөгч нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллахыг хориглох, мөн хуулийн хэрэгжих хугацааг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэрэгжих хугацаанаас эхлэн дагаж мөрдөх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат нараас гаргасан саналууд олонхийн дэмжлэг авлаа.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлд заасны дагуу хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан хуулиар харилцан адилгүй тогтоож иржээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 45 төлөөлөгчтэй байхаар заасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо Говь-Сүмбэр аймагт хамгийн бага буюу 17 байгаа бол бусад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, аймаг 41, Архангай, Баян-Өлгий, Хэнтий аймаг 39, Сэлэнгэ аймаг 37, Дорнод, Дундговь аймаг 35, Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймаг 33, Дорноговь аймаг 31 төлөөлөгчтэй байдаг юм байна.

Харин сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заажээ. Харин уг хуулийн 10.4-т 20000 хүртэл хүн амтай бол 17, 20000-80000 хүн амтай бол 25, 80000-180000 хүн амтай бол 35, 180000 ба түүнээс дээш хүн амтай бол 41 төлөөлөгч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллахаар хуульчилсан байна.

 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.