Иргэд хоорондын ойлголцол гэдэг энэ форумын онцлох “үг” нь байлаа

Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форум  2017 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаант хотноо болов.

Форумд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл оролцсон. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Монгол Улсын Сэтгүүл зүйн академийн ерөнхийлөгч Ү.Хүрэлбаатар, МСНЭ-ийн ерөнхий нарийн бич­гийн дарга С.Алтанцэцэг, МХХ-ийн Удирдах зөвлө­лийн дарга Х.Чилаажав, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Өдрийн сонины Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдорж, “Монгол ньюс” группийн ерөнхий менежер Б.Баярмагнай, “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч В.Сарантуяа, МСНЭ-ийн Жендерийн хорооны гишүүн Б.Энхтуяа, МСНЭ-ийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн дарга Т.Болдбаатар, “Соёмбо” сонины ахлах сурвалжлагч Г.Баатарнум, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, "Оллоо" ХК-ий Гүйцэтгэх захирал Р.Цагаанган, niislel.mn сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс, Боловсрол телевизийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр, ETV телевизийн гүйцэтгэх захирал С.Баатарсайхан зэрэг 30-аад хүн оролцов.


 

Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны Гадаадад дэлгэрүүлэх газрын дэд дарга Жао Шүнгүе, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны Гадаадад дэлгэрүүлэх газрын Орон нутгийн тасгийн дарга Ли Жяшү, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ХМА-ны Гадаадад дэлгэрүүлэх газрын харилцагч Жү Яньшань, Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга, Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Жөү Чүньже, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ХМА-ны дарга Ли Ан, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ХМА-ны Гадаад сурталд ухуулгын газрын дарга Үндэсбат, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал, Гадаад хэлний газрын Хятадын мэдээ сэтгүүлийн ажилтан Гүө Мэн, Гадаад хэлний газрын Хятадын мэдээ сэтгүүлийн ажилтан Ван Фан нар байлцав.

Монгол, Хятадын сэтгүүлчдийн форум анх 2000 оноос эхэлж байжээ.  Өдгөө хоёр улсын төр, засгийн хэмжээнд зохион байгуулдаг болсон байна. Энэ удаад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захиргаа, ӨМӨЗО-ны Ардын Зас­гийн газрын Хэвлэл мэдээл­лийн алба, БНХАУ-ын Олон улсын хэвлэлийн групп, БНХАУ-ын China report сэтгүүл форумын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай байгуулсан гэрээнд “…Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан байна. Үүний дагуу Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн газрын захирлуудын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2014 оны эхээр болжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2014 оны наймдугаар сард Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааны хэлбэрийг ашиглах талаар тодорхой заалт орсон. Эдгээрийн дагуу урьд өмнөх болон сая болж өнгөрсөн форумуудыг зохион байгуулж байгаа хэрэг. Түүнчлэн хоёр улсын Сэтгүүлчдийн байгууллагын харилцаа сүүлийн жилүүдэд зөвхөн форумаар хаяз­гаарлагдахгүй болж буйг онцлох хэрэгтэй биз ээ.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, хоёр улсын төр, засгийн удирдагчаас илгээлт, мэндчилгээ явуулаад тогтчихсон юм байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жинпинь нар илгээлт явуулж байжээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид уншиж сонордуулсан.


 

Монгол, Хятадын сэтгүүлчдийн VIII форумд Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга, Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Жөү Чүньже “Ажил хэрэгч хамтын ажиллагаанд мөр зэрэгцэн урагш ахицгаая. Иргэл хоорондын ойлголцолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүүрийг тавилцъя” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр илтгэлээрээ дамжуулан гурван санаа хэлсэн. Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улсын иргэд хоорондын ойлголцол гүн зузаан суурь болон бодит хөдөлгөх хүчинтэй байдаг. Хоёрдугаарт, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Иргэд хоорондын ойлголцлыг ахиулахад идэвхтэй үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэд хооронлдын ойлголцлыг ахиулах хэд хэдэн зүйл байгааг дурдсан юм.

Түүний дараа МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өчигдөр, өнөөдөр: Хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр мөн л үндсэн гурван санааг илтгэлдээ тусгасан. Эхэнд нь, найрамдал хамтын ажиллагааны өчигдөр өнөөдрийн тухай бид ярих ёстой. Удаахад нь, найрамдалт харилцааны хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо хэрэгтэй. Гуравт, найрамдлыг бэхжүүлэхэд ойлголцол итгэлцэл чухал гэсэн юм. Ер нь бол МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридын илтгэлийнхээ эцэст “…Монголын хэвлэл, мэдээлэл БНХАУ-ын өнөөгийн байдал, хөгжил дэвшил, ололт амжилт, Хятадын ард түмний зан заншил, соёл, аж амьдралын мэдээллийг монголчуудад хангаллтай хүргэж чадаж байна. Гэтэл БНХАУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын талаар гарч буй мэдээ мэдээллийг үүнтэй хувь тэнцүүлэн харьцуулбал хамаагүй бага байгааг мэргэжил нэгт нөхөд маань цаашид анхаарч Хятадын ард түмэнд монголчуудын тухай мэдээ мэдээллийг өргөнөөр хүргэнэ гэдэгт итгэж байна” гэсэн нь энэхүү VIII форумын үеэр БНХАУ-ын сэтгүүлчид, төлөөлөгчдийн илтгэлдээ хөндөж тавьсан асуудалд хариулт болох шиг болсон.

Тухайлбал, БНХАУ-ын талаас илтгэл тавьсан Ардын өдрийн сонины Гадаадтай харилцах газрын дэд дарга Шюй Бө “…Шинэ цагийн гадаа харилцааны ойлголт нь Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал боломж авчирлаа. Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийнхэн ойр нягт ажиллаж байж, иргэд хоорондын ойлголцлыг бэхжүүлж, зам гүүр тавина” гэсэн санааг илэрхийлсэн. Мөн Хятадын Шинхуа агентлагийн орос хэлний редакцийн дарга Дин Дэчи “…”Бүс ба зам” болон “Хөгжлийн зам”-ын уялдаа, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь хоёр улсын өөр өөрийн эдийн засгийн хөгжил болон хоёр талын хамтын ажиллагаанд амин чухал ач холбогдолтой. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байна. Энэ бүхэнд хоёр улсын сэтгүүлчид ойлголцлоо зузаатгаж, улмаар иргэд хоорондын ойлголцлыг бэхжүүлэхэд ашигтай” гэв.

Түүнчлэн Монголын радиогийн захирал Б.Баярсайхан “Гүүр” хэмээх илтгэлдээ “…Монголын радио гадаад харилцааны чухал гүүр барьж, үүнийгээ жилээс жилд өргөтгөн бэхжүүлж байна” гээд Монголын радиогийн БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хэрхэн хамтран ажиллаж буй талаараа дурдсан юм. Энэ тухайд форумд оролцсон БНХАУ-ын төлөөлөгчид тун тааламжтай, анхаа­ралтай хүлээж авна лээ.

“Зууны мэдээ” сонины Орлогч эрхлэгч ажилтай миний бие нь “Монгол, Хятадын харилцаанд өдөр тутмын сонинуудын гүйцэтгэх үүрэг, чиглэл” сэдвээр илтгэл тавьсан. Гол санаа нь мөн л энэхүү форумын үндсэн сэдэвтэй уялдсан байгаа юм. Монгол, Хятад улсууд төрийн төвшинд диломат харилцаа тогтоогоод цөөнгүй жилийг үдсэн. Харилцаа ч сайн байна. Тиймээс одоо хоёр улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хоорондоо ямар нэг зуучгүйгээр хамтран ажиллах цаг нь нэгэнт болсон. “Зууны мэдээ” сонин ч энэ асуудлыг туршаад үзчихсэн байна. Хамгийн гол нь Монгол Улсын өдөр тутмын сонинууд өнөөдөр мэдээллийн хэрэгслүүд дундах нөлөөгөө хадгалсаар байгааг олон судалгаанаас харж болно. Тийм учраас Монгол, Хятад хоёр улсын харилцаанд өдөр тутмын сонинуудын үүрэг, оролцоо хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Үүнээс гадна Монголын талаас МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал асан С.Алтанцэцэг “Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Монгол, Хятадын харилцаанд гүйцэтгэж буй үүрэг”, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Бид Хятад түнштэйгээ хэрхэн ажиллаж байна вэ”, Хятадын талаас “Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтсийн дарга Гэрэлт “Бүтээлч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын хөгжилд хувь нэмэр оруулъя”, Өвөрмонголын ардын өдрийн сонины дэд ерөнхий редактор Ялалт “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын хөгжлийг дэмжиж, нөхөрлөлийн гүүрийн үйл хэргийг тодруулна”, Өвөрмонголын радио телевизийн ерөнхий редактор Жан Шинмао “Ажил хэрэгч хамтын ажиллагааны брэндийг бий болгоё” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Энэ форумын төгсгөлд хоёр улсын төлөөлөгчдийн ахлагч нар дүгнэлтээ хэл­сэн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид дүгнэлтдээ  иргэд хоо­рон­дын харилцаанд үл ойлголцол байгаа нь үнэн. Ийм үзэл бодолтой хүмүүс Монголд ч, Хятадад ч байгаа.Энэ талаар Монгол Улс ч, БНХАУ ч анхаарах ёстой. Гэхдээ энэ нь төр засгийн бодлого бус, зарим цөөхөн хувь хүний үзэл бодол төдий зүйл учраас бидний хамтын ажиллагаанд саад болохгүй гэсэн санааг хэлсэн.

Энэ удаагийн форумын үеэр МҮОНРТВ, Боловсрол телевиз, ETV телевизийн удирдлагууд БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ийн Монгол, Хятадын сэтгүүлчид найм дахь удаагаа чуулж, санаа бодлоо ярилцлаа.

Ер нь бол хоёр орны төрийн бодлогыг тодорхойлж буй гол гол баримт бичгүүдэд сэтгүүлчдийн форумын үзэл санаа нэгэнт сууж чаджээ. Тэр нь юу гэвэл, хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хувь сэтгүүлчид, сэтгүүлч­дийн байгууллага хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагаа хөгжихөд ихээхэн түлхэц өгөх нь тодорхой байна.

IX форум 2018 онд Монголд болно. Тэр цагт үүнээс ч илүү бодитой ажил, асуудал хөндөх нь дамжиггүй юм.

Бид дараагийн дугаа­раараа энэхүү форумын дараа Хятадын зарим муж нутгаар Монголын сэт­гүүлчдийн хийсэн танилцах аяллын тэмдэглэлийг хүргэх болно.





 

Зууны мэдээ
Д.Төмөр

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine