ХААН Банкны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроугийн дурсгалд зориулсан “Гэрэлт Морьд” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, АНУ дахь МУЗ, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ болон Монгол улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Ж.Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан “Гэрэлт морьд” арга хэмжээг 2017 оны 11-р сарын 30-ны өдөр  ХААН Галерейд зохион байгууллаа.
 
Ж.Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан “Гэрэлт морьд” төслийг Монголын соёл урлагийг дэлхийд сурталчилан таниулах, уран бүтээлчдийн бүтээл туурвилыг  дэмжих зорилгоор анх санаачилсан бөгөөд олон улсын хөтөлбөр, “Гэрэлт морьд” уран бүтээлийн тэтгэлэгт уралдаан гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
 
Энэ оны 9-р сард Нидерландын Вант Улсад зохион байгуулагдсан “Гэрэлт морьд“ олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг ХААН Банк Сангаас дэмжин ажилласан бөгөөд тус хөтөлбөрт залуу уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ шалгарч, Европын хамгийн том наадмуудын нэг болох TodaysArt олон улсын наадамд оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг танилцуулаад ирсэн.
 
 “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдааныг АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зарлах бөгөөд 2017 оны тэтгэлэгт  уралдааны  сонгон шалгаруулалтын үр дүнг өнөөдрийн “Гэрэлт морьд” арга хэмжээний үеэр мөн танилцууллаа.
 
Мөн энэхүү арга хэмжээний үеэр уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн “Тэнгэрт нэгэн удаа” үзэсгэлэнгийн нээлт, Ж.Питер Морроу агсны  “Миний Монгол” номын нээлт боллоо. Арга хэмжээнд Ж.Питер Морроу агсантай мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын нөхөд болон урлагийн томоохон төлөөллүүд оролцлоо.





 
 
Бусдад түгээх
  • gplus