Төр мартсан “түрээсийн урлаг”

Хүн төрөлхтөн үүссэн цагаас урлаг үүссэн гэж үздэг. Тэр үеэс хүмүүний амьдралын нэгээхэн хэсэг байж, хөгжлийн түүчээ, улс орны өнгө, соён гэгээрүүлэх хамгийн хурц зэвсэг болсоор бидний үетэй золгожээ. Гэвч хөгжлийн замаар урагшилж буй гэх урлаг маань мөхлийн ирмэгт ирээд байна. Урлаг өөрөө тусгаар тогтносон, хүчтэй, зангарагтай байх учиртай. Харин өнөөгийн монгол урлаг тусгаар тогтносон байдлаа алдаад удлаа. Хүн юунаас урлагийн гайхамшиг, сэтгэлийн таашаалыг авдаг вэ. Мэргэжлийн урлаг үнэгүйдэж, хэдэн театр, төв нь хошин урлагийн тоглолтын хуваариар дүүрчихсэн. Гэтэл жинхэнэ мэргэж­лийн урлагийг хүмүүст түгээж, соён гэгээрүүлж яваа хэдхэн урлагийн байгууллага нь түрээснээсээ дээш гарахгүй байгаа нь өнөөгийн урлагийн жинхэнэ дүр төрх. Нийгэмд хөлөө олсон, хувийн хэвшлийн продакшнуудыг мэ­ргэжлийн байгууллагатай, тэдний орлоготой жиших нь утгагүй. Гэвч өнөөдөр үүнийг ялгаж мэддэггүй үзэгч битгий хэл төрд суусан түшээд ч байна.

 

ТҮРЭЭСЭНДЭЭ БАРИГДСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

 

Хот хүрээгээ тэлж, цаг минуттай уралдан өндөр барилгууд сүндэрлэж буй “супер” цаг үед бид амьдардаг. Гэвч урлагийн байгууллагуудаа дэмжиж, ганц театр бариад өгөх “хоншооргүй” төртэй гэж бодохоор харамсалтай. Урлагийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, Монголдоо томд тооцогдох төрийн байгууллага хэд байгаа вэ. УДЭТ, УДБЭТ, Улсын филармони, ҮУИТ, Хүүхэлдэйн театр, Монголын театрын музей, Уран зургийн галерей гээд тоймтой хэдхэн. Эдгээр байгууллага дор хаяж 30 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Монголын урлагийн тэргүүн эгнээнд давхиж буй туршлагатай, өнөөгийн урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй том хамт олон. Гэвч эдгээрийн хэд нь өөрийн байранд уран бүтээлээ туурвидаг вэ. Ихэнх нь хотын төв, Чингисийн хөшөөгөө тойроод үйл ажиллагаа явуулдаг. Тэд нийслэлийн өмчид хамаардаг “Соёлын төв өргөө” хэмээх том айлын дээвэр дор амь хоргодсоор олон жил өнгөрлөө. Төр, засаг солигдох бүрт байрны асуудал яригддаг ч дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүйн үлгэрээр замхардаг. Эдгээр байгууллага жил бүр төрийн санд орлого төвлөрүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна сар бүр Соёлын төв өргөөнд түрээс төлнө. Оронд нь төрөөс өгч буй уран бүтээлийн зардал хаанаа ч хүрдэггүй. Түрээсийн мөнгө болон төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн орлогоо уран бүтээлдээ зориулвал манай урлаг арай өөр хэмжээнд хөгжинө гэж уран бүтээлчид тайлбарлаж байв.

Үүний мөрөөр сурвалжиллаа. Миний эхний зогсоол Улсын филармони. Энэ байгууллага 1972 онд хүмүүсийн ярьж заншсанаар “Муурын байшин” буюу ГХЯ-ны хажууд хоёр давхар байранд анх байгуулагджээ. Тус байр нь сүүлд нийслэлийн өмчид шилжиж, хожим нь зарагдсан сурагтай. Харин одоогийн СТӨ-ний байранд 1988 онд оржээ. Одоогоор мкв –ыг нь 5000 төгрөгөөр түрээслэдэг юм байна. Гэвч ямар үндэслэлээр түрээсийн байранд оруулсан нь тодорхойгүй байдаг тухай Улсын филармонийн захирал Ч.Даваасүрэн ярив. Өнөөгийн байр нь ямар ч стандартад нийцдэггүй. Жижиг кино танхим байсныг өөрсдийн бололцоогоор тайз болгон засчээ. Филармони бол хөгжим эгшиглэсэн газар. “Морин хуур”, “Баянмонгол” гэсэн хөгжмийн томоохон чуулга энэ байгууллагад харъяалагдаж ирсэн. Гэвч тоглолт хийж буй заал нь ямар ч акустик орчин бүрдүүлэх боломжгүй. Ч.Даваасүрэн дарга цааш нь “Манай байгууллага180 уран бүтээлчтэй. Харин заал нь дөнгөж 260 хүний суудалтай. Жижиг зааланд нь оркестер нь бүтнээрээ багтаж суух боломжгүй.Тиймээс том уран бүтээл хийхдээ бусад байгууллагын тайзыг түрээслэдэг. Олсон орлогоо улсдаа тушаагаад, түрээсээ төлөөд бидний гар дээр юм үлддэггүй. Гэтэл гадны орнуудад хот бүрт филармони байдаг” гэв.
 

ҮЗМЭРИЙНХЭЭ 30 ХУВИЙГ Л ДЭЛГЭДЭГ

 

Улсын филармонитой хаяа залгаа, СТӨ-нд Монголын театрын музей бий. Энд Монголын театрын урлагийн бүх цаг үеийн түүх хадгалагдаж байдаг. Тус байгууллага 1991 оноос СТӨ-нд байрлажээ. Ц.Оюунгэрэл сайдын үед байрны хүсэлт тавьсан ч өөрсдөө барилга барих газраа ол гэсэн хариулт өгчээ. Энэ асуудлаар нийслэлд ханддаг ч газар байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж иржээ. Одоогоор театрын музей СТӨ-ний 415 мкв-ыг түрээслэдэг. Үйлчилгээний зориулалттай байрыг ийнхүү музей хэлбэрээр тохижуулсан юм байна. Музейн хамгийн чухал зүйл нь үзмэрийн хадгалалт. Музейн ажилчид сан хөмрөгийн өрөөгөө жилийн дөрвөн улиралд зохицуулж, өөрсдөө дэглэдэг. Өвлийн улиралд халаалтыг нь зогсоож, зун нь илүү сэрүүн нөхцөл бүрдүүлэхийн тулд харанхуйлах жишээтэй. Энэ хамт олон одоогоор урын сангийнхаа 30 хувийг л дэлгэжээ. Хэрэв өөрийн байртай болчихвол  үзмэрээ бүгдийг дэлгэх боломж бүрдэнэ. Монголын театрын музейн захирал Д.Наранжаргал “2018 онд газрын асуудлаар дахин хүсэлт тавина. Газрын асуудлыг шийдэж өгвөл хөрөнгө орж ирэх боломжтой. Би Хятадын хөрөнгө оруулагч компанитай холбогдсон. Барилга барих газраа шийдчихвэл музей барьж өгөх боломжтой гэсэн хариулт өгсөн” гэв. СТӨ-нд түрээсээр суудаг дараагийн байгууллага нь Уран зургийн галерей. Энэ хамт олон одоогоор үзмэрийнхээ 10 хүрэхгүй хувийг дэлгэж байна. Уран зурагт хадгалалт хамгийн чухал. Хэрхэн хадгалах тухай стандартыг тусгасан заалт байдаг ч одоогийн нөхцөлд түүнийг дагах ямар ч боломжгүй аж. Уран зургийн галерейн менежер С.Даваажаргал “2014 онд шинэ байр­ны зураг төсөл гаргаж хүсэлт тавьсан ч ямар ч хариу ирээгүй. Галерей гэрэлтүүлэг муу. Ма­найх зориулалтын сан хөм­рөг­гүйгээс болж хоёр удаа галын аюулд өртсөн. Тодорхой тооны бүтээлүүд шатсан. Барим­лын сан хөмрөг маань биднээс хол СТӨ-ний зоо­рийн хэсэгт бий. Тий­мээс тоос шороо их бууна. Зун бороо орохоор дусаал гоождог” гэсэн юм.



20 ЖИЛ ГУЙГААД ГАЗАР ОЛДООГҮЙ


УДЭТ-ын ягаан байшинд гурван том мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэлдэйн театр хэдий өөрийн тайзтай ч бас л өөрийн байртай болох шаардлагатай. Харин ҮУИТ-ын хувьд драмын театрынхантай нэг тайзан дээр уран бүтээл хийдэг. Үүнээс болж тайзаа булаацалдах олон асуудал гардаг тухай театрын ерөнхий найруулагч Д.Ганболд ярив. Тэрээр “Бид өөрийн байртай болох асуудлаар 20 жил тасралтгүй хөөцөлдөж байна. Нийслэлд хүсэлт тавьдаг ч газар байхгүй гэдэг. Гэвч 20 жил гуйгаад олдоогүй газар мөнгөтэй нэг нь ресторан, буудал, үйлчилгээний төв барих болохоор олдоод байдгийг ойлгохгүй байна” гэлээ. Театрын хувьд гэрэлтүүлэг муу. Анх театр үүсгэн байгуулагдахад байсан гэрлүүдээ одоог хүртэл хэрэглэдэг тухай техникийн ажилтнууд ярьж байна. Эдгээр байгууллагаас байрандаа ганцаараа үйл ажиллагаа явуулдаг цорын ганц нь байгууллага нь УДБЭТ юм. Гэвч бүтэн засвар хийгээгүй удсан учир уран бүтээлчдийн бэлтгэлийн өрөө, театрын шат, хонгил руу орох хэсэг харанхуй. Өнөөгийн урлагийн байгууллагууд ийм л нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.



ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЦОГЦ БОЛГОЁ


Асуудал бүхэнд гарц байдаг. Гагцхүү үүнийг хэрхэн харж, шийдэх нь цаг хугацааны асуудал юм. Түрээсийн байранд урлаг бүтээж, чадах ядахаараа уран бүтээл туурвиж яваа эдгээр уран бүтээлчид алхам бүртээ байрны асуудлаа шийдэх гарц хайж иржээ. Тэдний хамгийн эхэнд ярьж буй гарц нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг амралт, үзвэрийн цогц газар болгох. Хэдэн мод тарьж, дугуйн зам тавиад орхих биш, тэнд ҮУИТ, Хүүхэлдэйн театр, музей болон филармонио цогцоор нь байгуулчихвал жуулчдыг татаад зогсохгүй орлого нэмэгдэнэ гэж байв. Энэ нь ч үнэний ортой. Дэлхийн жишиг ийм л байдаг. Үүнээс гадна түрээсийн өртгөө багасгаж, ядахдаа л СТӨ-ний болон МҮЭСТО-ны тайзан дээр мэргэжлийн байгууллагууд тоглолтоо хийхэд түрээс авдаггүй. Эсвэл төр түрээсийг нь даадаг болчихвол монгол соёл урлаг мөхлөөс аврагдах нь дамжиггүй.

Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-12-05 03:58:50
    Солонгосууд барьж өгье гэсэн үндэсний музей юу болсон бол
  • Бат 2017-12-05 03:16:03
    Тэнэг юм уу хахуул өгөхөөр л газар олдоно их хахуул өгвөл Сүхбаатарын хөшөө буулга оронд нь газар ав гэх байх хүн байна даа энгэж болохгүй шүү
  • боловсрол 2017-12-05 02:46:18
    Боловсролын сайд, уран зургийн галарейн дарга хоёр төрийн байгууллагын орон зайд шашны сурталчилгаа хийж мөнгө авдагаа болиоч ээ ичмээр