Монголын гурван бүсгүй Чебоксарт түрүүллээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарт болж өнгөрлөө. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны 143 тамирчин найман жинд өрсөлдөв.

2017 оны эмэгтэйчүүдийн отгон тэмцээнд манай улсын 18 тамирчин зодоглосноос 55 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар алт, 63 кг-д спортын мастер Х.Болортуяа мөнгө, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртлээ. 

ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Чебоксарын дэвжээнд Якутын Александра Карамзинаг 10:0, Александра Скиренко цэвэр, нутаг нэгт ОУХМ Г.Отгонжаргалыг 12:2-оор, Буриадын Стальвира Оршушийг 4:0-ээр, Хакасын Наталья Малышева 3:1-ээр сөхрүүлж манайхны анхны алтан медалийг хүртсэн. 

А.Батцэцэг тэгшитгэлд Кемеровогийн Зельфира Садраддиноваг 14:4-өөр, 1/8 шигшээд Москвагийн Екатерина Чернушкинаг цэвэр, шөвгийн наймд Юлья Албаровог 8:1-ээр, хагас шигшээд эзэн орны Анастасья Яковлеваг 6:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Калининградын Александра Андрееваг 8:5-аар ялсан. Гавьяат тамирчин О.Насанбурмаа Буриадын Евгения Захарченко, Татарстаны Светлана Бабушкина, Красноярскын Юлья Максимова нарыг тус бүр цэвэр ялж, шигшээ барилдаанд энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн финалд ялагдсан АНУ-ын Тамира Мынсатай даагаа амжилттай нэхэж 6:4-өөр ялснаар Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирсан юм.

О.Насанбурмаа, А.Батцэцэг нар өнгөрсөн жилийн амжилтаа бататган аваргаа хамгаалсан бол Э.Сумъяа анх удаа түрүүлэв.

Сонирхуулахад, тус тэмцээний аваргууд 3000 ам.доллар болон гантиган суурьтай хүрэл “Матрешка” цомыг гарджээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.