Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аж ахуйн нэгж, байгууллагын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр уг стандарт хүчин төгөлдөр болохоор төсөлд тусгасан байсныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын стандарт нь үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуулиар тавьж, стандартын байгууллага зөвхөн бүртгэдэг байхаар төслийг өөрчилжээ. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагыг байгалийн болон техникийн ухааны мэдлэгтэй, төрийн албанд 10-аас доошгүй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор төсөлд тусгасан байсныг шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн байна.  Түүнчлэн тохирлын үнэлгээ хийх  мэргэшсэн шинжээчийн гүйцэтгэх үүрэг, түүнд тавих шаардлагыг төсөлд нэмж тусгажээ. Хуулийн төсөлд “итгэмжлэл” гэсэн нэр томъёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байсан тул “тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” хэмээн өөрчилсөн байна. Мөн хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг оруулж, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурдах нь зохимжтой гэж үзэн төслийн бүтэц дарааллыг өөрчилжээ.  Мөн нэр томъёог жигдэлжээ. Хуулийн төсөлд техникийн зохицуулалтыг Засгийн газар батлахаар тусгасан, гэхдээ УИХ-аас нэг удаа техникийн зохицуулалтын жагсаалтыг баталж, гэрээ, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох шаардлагатай хэмээн үзэж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үүний дараа ажлын хэсгээс боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналын 30, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх саналын 2 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.