Долоо хоногийн тойм

Удтал сунжирсан асуудлын нэг бол Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэх асуудал байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт олон нийт Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхтэй зэрэг УИХ хаалттай хуралдан Б. Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томиллоо. Одоо түүний томилгоог Ерөнхийлөгч албажуулах ёстой. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэе.

Өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг баталлаа.

Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг байхаар тогтоож, журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм.

Б.Хурцыг томиллоо

УИХ-ын чуулганы баасан гарагийн  нэгдсэн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Элчин сайдын томилгооны хэлэлцүүлгийг хаалттай явуулах О.Баасанхүү гишүүнийг горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Элчин сайдын томилгоог нээлттэй хэлэлцүүлдэг, Гэхдээ Б.Хурцын тухайд тусгай чиг үүргийн алба хашиж байсны хувьд хэлэлцэх үед улсын нууцтай холбоотой асуудал сөхөгдөх магадлалтайг учир ийнхүү хаалттай хуралдаанаар элчин сайдаар томилов.

Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийв

Баасан гарагийн үдээс хойших чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг ойрын үед хуралдуулж, үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдэж байсан.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийлээ. 

Тавантолгойн нүүрс ачилтыг зогсоолоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. 

Нүүрс тээвэрлэлтээс үүссэн 120 км урт очерыг бууруулах улмаар тус замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоолоо. 

120 км үргэлжлэх урт цувааг татсаны дараа шинэ маршрутаар нүүрс тээвэрлэлтийг хийх юм байна.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.