“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” хурал эхэллээ
Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газраас эрхлэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвээр өнөөдөр Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд, шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.
     Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрдэм шинжилгээний хурлын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анхны Үндсэн хуультай орон болсон гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг тунхагласанд энэ хуулийн түүхэн ач холбогдол оршино. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, 1960 онд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуульдаа хийсэн эдгээр өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсныг түүх гэрчилнэ.

Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийн чиг баримжаа, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харууллаа. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй юм гэдгийг онцлов.

Гэхдээ нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойрсонгүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон.  Улсын Их Хурал дээр л гэхэд үүнээс өмнө 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв. Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хөндөж байгаа юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд энэ удаагийн Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгааг миний бие өмнө нь илэрхийлж байсан билээ.

Улсын Их Хурлаас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Тогтоол баталсан. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргаад байгаа талаар тоорхой баримтуудыг дурдав.Дараа нь эрдэм шинжилгээний хурал хөтөлбөрийн дагуу үргэлжилж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн Л.Болд даргалж байна.

Эрдэм шинжилгээний хурлаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.