Боловсролын хөтөлбөр, агуулгад цогц шинэчлэл хийх ёстой гэв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа эхлээд Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолын хэрэгжилтийн талаар товч танилцууллаа.

Уг тогтоолоор Засгийн газарт нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутаг дахь нэн шаардлагатай цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж шинээр барих, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

Монгол Улсын 2018 оны төсөвт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 25 дугаар хороонд тус бүр нэг цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд нэг цэцэрлэгийн барилгыг худалдан авахаар 4.9 тэрбум төгрөгийг тусгуулжээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 204, төрийн бус өмчийн 360, нийт 564 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ундраа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг тодруулсан юм. 

Үүнд салбарын сайд Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газарт Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийг байгуулж, Боловсролын их сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимыг байгуулсан тухай мэдээлсэн юм. Тусгай хэрэгцээт боловсрол олгох багш бэлтгэх ажил сүүлийн 25 жил зогссон байсан бөгөөд 2018 оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах багш нарыг дахин бэлтгэж эхлэхээр болсон аж. Мөн 2018 оны төсөвт тусгай сургуулиудад хүүхдийн автобус авах, нэмэлт камержуулалтын систем суулгах зэрэг арга хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийг тусгажээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сургууль, цэцэрлэгийн асуудал яригдахаар хот руу анхаарал их хандуулаад хөдөө, орон нутаг орхигдоод байдгийг сануулсан. Тэрбээр, Ганцхан жишээ дурдахад Говьсүмбэр аймгийн гуравдугаар сургуулийн сурагчид 12 дугаар сард сурах бичигтэй болсон. 6-9 дүгээр ангийн сурагчдын 70 орчим хувь нь сурах бичигтэй байна. 12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг одоо хүртэл очоогүй. Улсаас өгдөг цөөхөн сурах бичгийг багш нар нь дундаа шахуу хэрэглэж, хүүхдүүд хувилж, олшруулж хэрэглэж байна гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, 2018 онд боловсролын салбарын хүртээмжийг бүхэлд нь шийдэх болно гэлээ. Сурах бичгийн хүртээмж муу байгаа болоод бусад асуудал дотоод мониторинг орхигдсонтой холбоотой гэж сайд хэлсэн. Өмнөговь аймагт 300 хүүхдийн дотуур байр барьсан ч тэнд одоо 30 хүүхэд л байрлаж байгаа нь ганцхан жишээ гээд тиймээс энэ мэт буруу төлөвлөлтөөс зайлсхийхийн тулд дотоод мониторингийг хийж байх болно гэлээ.

Үргэлжлүүлэн Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн.

Тэрбээр, хүүхдийн ямар хүн болж төлөвших нь 0-6 насанд тогтдог бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай, зөв хүн болгохын тулд сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролд илүү анхаарах ёстой. Тиймээс сургалтын хөтөлбөр, агуулгад хамгаас илүү анхаарах ёстой. Манай улсын иргэдийн 1 сая нь 0-16 насны хүүхдүүд. Жил бүр 75 мянган хүүхэд нэгдүгээр ангид орж байна. Тэдний 35 мянга нь нийслэлд байна. Бид XXI зуунтай, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхана гэвэл боловсролын хүртээмж, хөтөлбөр, агуулгад цогц шинэчлэл хийх ёстой хэмээн мэдээллийнхээ үеэр онцолсон юм.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, М.Оюунчимэг, Д.Гантулга нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Д.Ганболд нар байр сууриа илэрхийллээ.

Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсад 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 160 гаруй мянган оюутан суралцаж, 7000 гаруй багш ажиллаж байгаа аж. Эдгээр сургуулиудын 17 нь төрийн өмчийнх байна. Сайдын мэдээлснээр иргэдийн зүгээс чанаргүй олон сургуулийн талаар, мөн магадлан итгэмжлэлийн талаар гомдол байнга гаргадаг аж.

Магадлан итгэмжлэлийн суурь нь сургалтын хөтөлбөр авч тэрхүү сургуулийг төгссөн оюутан ажлын байртай болж чадах уу, үгүй юу гэдэг дээр ихээхэн асуудал гардаг байна. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхдээ доктор, дэд профессорууд багшлах зэрэг шаардлага тавьдаг ч монголын доктор, профессоруудын анкет сургуулиас сургууль дамжаад явж байдгийг сайд нуугаагүй. Төрийн өмчийн сургуулиуд дотор тааруу нь ч бий, хувийн сургуулиуд дотор сайн нь ч бий хэмээн сайд хэлээд хамгийн гол нь их, дээд сургуулийн бодлогоо зөв гаргаад, хөтөлбөр, стандарт, боловсон хүчинд тавигдах шаардлагыг сайжруулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-12-27 15:32:15
    bolovsorliin aguulga xutulburiig xen durtai said n garaad oorchlood baidag zuil bish shuu dee.
    103.212.116.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-27 00:23:33
    Сүүлийн 90 жилд бичиг үсгээ 4 солисон гээд боддоо монголд боловсорол гэж юу байнаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • багш  2017-12-26 12:23:40
    1. Төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын зардлыг төрөөс дааж, элсэх шалгуурыг өндөрсгөх 2. ЕБС-ийг нэг ээлжтэй болгож, бүтэн өдрийн сургалтад шилжүүлэх ...
    103.26.193.236
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-12-26 12:06:36
    ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠊ᠢ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠡᠷ ᠠᠩᠭᠢ ᠡᠴᠡ ᠡᠬᠢᠯᠡᠨ ᠵᠢᠭᠠ
    202.9.41.127
    Мэдэгдсэн Хариулах