Долоо хоногийн онцлох үйл явдлууд

2017 оны отгон долоо хоногт олон нийтийн хамгийн анхаарал татсан асуудал бол нийслэлийн агаарын бохирдол байв. Иймээс дээрх асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч болоод Засгийн газрын зүгээс хэд хэдэн шийдвэр гаргалаа. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоолоо

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсоох юм.

Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоогоод байсан юм. Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг зарчмын хувьд дэмжлээ.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар 9567 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11552-оор цөөн байна. Дээрх хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутагт шилжиж, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарчээ.

Ерөнхийлөгч “Онц байдал” зарлан утаатай тэмцэх санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээв. Уг албан бичигт:

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 дугаар зөвлөмжийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Их Хуралд "Агаар, ус, хөрсний бохирдол гамшигийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах" зэрэг асуудлуудын хүрээнд эрх зүйн орчин бүрдүүлэхийг зөвлөжээ.

Харин Засгийн газарт дээр дурдсан асуудлуудын хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах зэрэг ажлууд хийхийг зөвлөсөн байна.

Иймд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Төрийн дээд цол, одон медалиар шагнах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жил,  Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жил, Архивын албаны 90 жил, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга байгуулагдсаны 85 жил, Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 35 жилийн ой болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Улсын харцага Т.Баасанхүү түрүүлэв

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх Чансаа өндөр 128 бөхийн барилдаан  энэ сарын 29-нд  Бөхийн өргөөнд боллоо.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулсан барилдаанд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв. Барилдааны их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь нар үлдлээ. 

Улсын харцага Т.Баасанхүү тавын даваанд Улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж улсын заан Н.Жаргалбаяраар түрүүлж, Ерөнхийлөгчийн цомын эзэн боллоо.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2017-12-31 13:16:36
    Xiin hooloi orosoos abahiig zasagiin gazar anhaarch ,abch chadval bid avradana
    172.56.23.244
    Мэдэгдсэн Хариулах