Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ

 Энэ сард цаг агаар ямар байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас тоймлон гаргажээ.

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын “Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Нэгдүгээр сарын агаарын температурын уур амьсгалын  дундаж нь Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр 26-32 градус, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд,  Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговийн өмнөд,  Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 12-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг  боловч сүүлийн 20 гаруй жилийн байдлаар 1981, 1984, 2000, 2005, 2008, 2010, 2011 онуудад ихэнх нутгаар, 1990, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2016 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 2-10 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47-55 градус, бусад нутгаар 38-44 градус хүрч хүйтэрсэн бол 1982, 1985, 1986, 1989, 1992, 1994, 1999, 2002, 2006, 2007, 2015 онуудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-7 градусаар дулаан байж, өдөртөө Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд,  Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 1 градус хүйтнээс 5 градус хүрч дулаарч байжээ.

Энэ сард уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увс, Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 2-4 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог боловч 1980, 1982, 1993, 1995, 1999, 2006 онуудад ихэнх нутгаар, 1984, 1992, 2009 онуудад нутгийн баруун хагаст тун бага цас орсон бол 1987, 2002 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 1990 онд говь, зүүн зүгийн нутгаар, 2001, 2003, 2005, 2007 онд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 2010 онд ихэнх нутгаар, 2011 онд баруун, төв, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 1-4 дахин их цас оржээ. Уур амьсгалын дундаж байдлаар говийн нутгаар 1-4 см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15 см, бусад нутгаар 4-9 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40-60 см-т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1990, 1994, 1996 онуудад Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Төв, Дундговийн нутгаар 20-28 м/с, 2007 онд говь талын аймгуудын нутгаар 24-34м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байжээ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Увсын зүүн хойд, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

                Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Увс, Завханы хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

                Энэ сард орох цасны хэмжээ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын баруун өмнөд болон зүүн хойд, Завханы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баян-Өлгийн ихэнх, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

                Нэгдүгээр арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар,  нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

 Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сэлэнгийн нутаг, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө Дархадын хотгороор 22-27  градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 3-8 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 41-46 градус, өдөртөө Дархадын хотгороор 31-36 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун өмнөд, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй

 Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба нэг болон гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед түр зуур 16м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх ба нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй               

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин  хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 27-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй

Нэг болон гуравдугаар арав хоногийн эх, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.
 

Эх сурвалж: Цаг агаар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-03 06:55:27
    het nurshuu bn ali boloh tobch oilgomjtoi baih heregtei
  • dsm 2018-01-01 20:00:23
    ugui endees ub ymar bh talaar er harsangui uuniig arai sogtuu nuhur terleegui baihdaa?
  • цагуурч өвөө 2018-01-01 15:02:37
    2-3 сард мал төллөх үед зарим нутагт хүнд байх болно өөр зовох юмгүй болдог нэг л хавар болдогоороо л болно бүү малчидаа сайхан хаварр болно
  • иргэн 2018-01-01 08:57:27
    юу ч ойлгосонгуй ямарч гэсэн нэмэх градустай л байхгуй юм бна ес эхэлсэн болохоор хуйтэрэх юм бна цас орох юм байна зун болохгуй юм бна гэж ойлгов