Израиль улс Африкаас ирсэн хууль бус цагаачдад 3,500 ам.доллар төлөөд нутаг буцаана

Израилийн Засгийн газар Африкаас ирсэн цагаачдыг нутаг буцаах цогц хөтөлбөрөө баталлаа. Ийнхүү хууль тогтоомжоо өөрчлөх гэсэн хэд хэдэн амжилтгүй оролдлогын дараа дээрх арга хэмжээг авахаар болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд Израилийн ДХЯ-ны дэргэдэх Хүн ам, цагаачдын бүртгэлийн газрын дотоод хэлтсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Үүнээс гадна сайн дураараа тус улсыг орхиж буй хууль бус цагаачдад 3.5 мянган ам.долларын материаллаг дэмжлэг үзүүлэхээр болжээ.

“Улс орон бүр хилээ хамгаалах үүрэгтэй. Хууль бус зүйл нэвтрэхээс хилээ хамгаална гэдэг тусгаар тогтносон улсын үндсэн үүрэг, эрх юм” хэмээн энэ асуудалтай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр хөтөлбөрийн үр дүн хоёр хүчин зүйлээс шалтгаалах гэнэ. Энэ нь Африкийн орнуудаас ирэх хууль бус цагаачдыг зогсоох, одоо тус улсад байгаа хууль бус этгээдүүдийг аль болох түргэн нутаг буцаах юм. Янз бүрийн дүн мэдээгээр 2014 оныг хүртэл буюу хилийн хаалт хашаа босгох хүртэл Израиль, Египетийн хилээр Африкийн орнуудын 60 мянга гаруй иргэн хууль бусаар орж иржээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20 мянга орчим нь улсын хөтөлбөрт хамрагдаж, Израилийг сайн дураараа орхисон байна.

Үлдсэн 40 мянга гаруй хүн нь Израильд хууль бусаар үлдэхийг илүүд үзэж байгаа гэнэ. Харин цөөн хувь нь л тус улсын ДХЯ-нд албан ёсоор дүрвэгчийн статус олгох хүсэлт тавьжээ.
 

Өмнөд Тель-Авивын асуудал

 

Тель-Авивын өмнөд хэсэгт орших Левински гудамж бол Израильд Африкаас хууль бус цагаачид ирсний бодит жишээ юм. Автобусны төв буудлын ойролцоо байрлах том цэцэрлэгт хоногийн 24 цаг Африкийн орнуудаас ирсэн хэдэн зуун хүнийг харах боломжтой. Энд Судан, Эритрей, Уганда, Этиоп зэрэг улсаас ирсэн хүмүүс холхидог. Тэд бүгд хууль бусаар мөнгө олох боломжийг эрэлхийлдэг аж.

Ингээд л цэвэрлэгээ хийх, ресторан, кафед аяга угаах, ачигчаар ажиллах, байрны засвар хийх зэрэг тоотой хэдэн ажлаас сонгож хийнэ. Гартаа дүрвэгчийн статусын тухай хүсэлтийг харж үзэх лавлагаа барьсан хүмүүс илүү хялбар ажил олно. Цагдаа нар ч тэдэнд хүрдэггүй.

Мөн төр засгийн байгууллагын дэргэд кафе, ресторан, үсчний газар нээж, нутаг нэгтнүүддээ үйлчилж байгаа зоримог нөхөд ч энд байна. Энэ бүх бизнесийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, татвар төлөхгүйгээр эрхэлж байгаа нь уугуул израильчуудын дургүйг хүргэдэг.

Өмнөд Тель-Авивт хэвлэлийн үйлдвэр эзэмшдэг Ицхак л гэхэд бизнесээ байнга хамгаалахаас залхаж байгаагаа ярьжээ. Түүний хэлснээр африкчууд байнга л түүнээс ямар нэгэн зүйл хулгай хийхийг оролддог гэнэ. Гэсэн ч тэр энд 40 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа, дээр нь байнгын үйлчлүүлэгчтэй тул нүүх бодолгүй байна.



Ерөнхий сайдын амлалт


Хотод 2009 оноос хойш буюу Африкийн хууль бус цагаачид энэ дүүрэгт суурьшсанаас хойш гэмт хэргийн нөхцөл байдал мууджээ. Цагдаа нар бүр өмнөд Тель-Авивт хилийн хамгаалалтын батальоноо хүртэл оруулж байсан түүхтэй.

Тэгвэл тухайн оны наймдугаар сарын сүүлчээр Тель-Авивын Неве-Шаанан хорооллын оршин суугч София гэгч бүсгүй бодит үнэнийг дэлгэснээр үндэсний баатар болжээ. Тэрбээр Ерөнхий сайдыг Тель-Авивт айлчлах үеэр биечлэн уулзсан байна. Нетаньяху ч Софияг тэврэн авч, хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэхэд тусална гэж амлажээ.

Хожим нь Ерөнхий сайд Дотоод аюулгүй байдлын сайд Гилад Эрдантайгаа бодит байдлыг судлах зорилгоор хоёр ч удаа нууцаар энэ дүүрэгт ирсэн тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Нетаньяхугийн хэлснээр эдгээр аяллын дараа тэрбээр олон зүйлийг огт өөрөөр харах болсон гэнэ.



Олон улсын эрхийг зөрчиж байна


Сөрөг хүчнийхэн Нетаньяхугийн дээрх мэдэгдлийг хямд пиар хэмээгээд түүнийг засгийн эрхэнд байх хугацаанд буюу 2009 оноос л Израильд Африкийн орнуудаас хууль бус цагаачдын олонх нь нэвтэрсэн, тэр үүний хариуцлагыг бүрэн хүлээх ёстой гэжээ.

Өнөөдөр ч тэд Нетаньяхугийн хууль бус цагаачидтай тэмцэх арга хэмжээг шүүмжилж байна, Хүний эрхийг хамгаалагчид тус улсад хууль бус цагаачдыг хүчээр нутаг буцаахгүй байхыг уриалж байгаа аж.

"Өнөөдөр дэлхий дээр 65 сая орчим цагаач аж төрж байна. Израильд энэ тоо 40 мянгаас хэтрэхгүй байна. Энэ бол хүн амынх нь нэг хүрэхгүй хувь юм. Гэтэл улс энэ бүлэг хүнийг хүлээн авч, хүчээр нутаг буцаах гутамшигтай үйл хийхээс зайлсхийх чадваргүй гэж үү” хэмээн Африкийн дүрвэгчдэд туслах байгууллагын идэвхтэн, хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгч Асаф Вайцен мэдэгджээ.

Тэрбээр өөрөө ч өмнөд Тель-Авивт амьдардаг бөгөөд бага насны хүүхдүүдтэй хүмүүсийг аюул заналхийлэл ихтэй улс оронд нь буцаана гэдэг хүмүүнлэг бус алхам төдийгүй олон хүний эрх зүйг зөрчсөн асуудал гэж үзэж байна. "2012 оноос хойш Израиль хууль бус цагаачид бараг ирээгүй. Энэ хүмүүсийг нутагт нь буцаавал аюул хүлээж байгаа. Тиймээс энэхүү аюултай үйл явцыг зогсоох нь зүйтэй” гэж Асаф мэдэгджээ.

Харин Израилийн ДХЯ-ны цагаачлалын асуудал эрхэлсэн хэлтсийн тэргүүн Йоси Эдельштейн түүний хэлсэнтэй санал нийлэхгүй байна. Тэрбээр “нутаг буцаах” гэдэг нэр томьёог “сайн дурын үндсэн дээр Еврейн улсыг орхихыг зөвшөөрөх" гэж өөрчилж хэлэх ёстой гэжээ. Тэгээд ч тус улсын засаг захиргаа хууль бус цагаач хүнд 3.5 мянган ам.долларын санхүүгийн тусламж аваад буцах уу, эсвэл гурван сарын дараа баривчилж, хорьж, хүчээр, ямар нэгэн төлбөргүйгээр буцах уу гэдгийг шийдвэрлэх хангалттай хугацаа олгож байгаа гэнэ.

“Өнгөрсөн 2017 онд Африкийн 4,000 гаруй цагаач Еврей улсыг сайн дураараа орхиж, нөхөн олговор авах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ нь хөтөлбөр хэрэгжиж байгааг баталж буй юм. Тиймээс бид хөтөлбөрийг цаашид ч хэрэгжүүлэх бодолтой байгаа” гэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Руанда улсын засаг захиргаа Израилиас гарч буй Африкийн 10 мянга хүртэлх тооны цагаачийг өөртөө хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. Үүний хариуд Израиль улс Африкийн энэ улсад тусалж, хүлээн авсан хууль бус цагаач тутамд нь нөхөн олговор олгох үүрэг хүлээжээ.



3,500 ам.доллар бага мөнгө үү?


Ерөнхийдөө Израиль хүн бүр Засгийн газрын хөтөлбөр амжилт олно гэдэгт итгэхгүй байна. Цагаачдын эрхийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн, өмгөөлөгч Марк Княжевский Африкийн олонх хууль бус цагаач Израилийг сайн дураараа орхихоос татгалзана гэж үзэж буй бөгөөд тус улсын засаг захиргаанд ч тэднийг хүчээр нутаг буцаах нөөц бололцоо байхгүй гэжээ.

“Нэг талаас харахад 3,500 ам.долларын нөхөн олговор гэдэг хууль бус цагаачдын амьдралын түвшинтэй харьцуулахад хангалттай мөнгө мэт. Гэвч нөгөө талаас харахад Африкийн орнуудын цалингаас хэдэн арав дахин өндөр цалинг cap бүр авах боломжоо алдах эрсдэл их юм” гэжээ.

Түүний үзэж буйгаар улс үнэхээр л Африкийн хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэе гэж бодож байгаа бол тэднийг ажилд авдаг, байр орон сууц түрээслүүлдэг израильчуудад өндөр торгууль тавих хэрэгтэй гэнэ. Ийм зүйл бүрдээгүй цагт хууль бус олон цагаач төр засгаас нуугдаж, Израилийн газар нутагт хууль бусаар аж төрсөөр байх болно хэмээжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.