Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлууд
Оны ууган долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдэв бол Эрдэнэ үйлдвэрийн 49 хувийг төрд авсан тухай Засгийн газрын шийдвэр байлаа. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе
 
Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргав
 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болж байна.
 
Энэ шийдвэрийн талаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Гомдол гаргах эсэх нь Монгол зэс корпорацийн асуудал. УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэр хэрэгжинэ. Эрдэнэтийн 49 хувийн талаар гарсан 2016.06.13-ны өдрийн тогтоол хууль бус байсан гэдгийг УИХ-ын ажлын хэсэг тогтоосон” гэсэн мэдээллийг өглөө.
 
Төрийн мөнгийг угаах байдлаар 400 сая долларын төлбөр хийж 49 хувийг хувьд авсан гэж УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан тул суутгаж тооцох буюу төрөөс төлбөрийг нь хариуцахгүй. Ашигт малтмалын хуулийн дагуу олон нийтэд хувьцаа хэлбэрээр олонхийн засаглалтай болгох асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт даалгасан юм.
 
Оффшор дансаа хаалгах эхний эхний дуусгавар боллоо
 
Оффшор бүсэд байршуулсан мөнгөө гурван сарын дотор татахтай холбогдсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. 
 
Хууль батлагдсанаас хойш Засгийн газар дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сард оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан. Энэ дагуу оффшор бүс дэх үйл ажиллагааг энэ сарын 4-ний өдрөөр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай.
 
Иймээс АТГ-аас  нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, дуусгавар болгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.
 
Тодруулбал, Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс,  Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа энэ сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт ирэх сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм. 
 
Д.Мурат гишүүний ёс зүйн асуудал шуугиан дэгдээв
 
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудал олон нийтэд хүрлээ. Д.Мурат гишүүн Баян-Өлгийн аймгийн Төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйг дотно харьцаанд орохыг шаардаж, зүй бусаар авирлаж, хэл амаараа доромжилсон тухай шившигт мэдээлэл олон нийтэд хүрлээ. Энэ тухай хохирогч гэх эмэгтэй өөрийнх нь ёс бус зурагнуудтай хамт олон нийтийн сүлжээнд цацагдав. Хамгийн сонирхолтой эрхэм  гишүүн энэ үйлдлээ эвлүүлэг хэмээн олон нийтэд тайлбар хийгээд байна.
 
Чингис бондын 500 сая ам.долларын өрийг барагдууллаа

Чингис бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт боллоо.  Монгол Улсын Засгийн газар нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Энэхүү Чингис бонд 2018 онд төлөгдөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй. Энэ дагуу өрийг барагдуулах гүйлгээг Ерөнхий сайд болон Сангийн сайд нар хийлээ.

Гадаад валютын улсын нөөц өслөө

Гадаад валютын улсын нөөц  өссөн тухай таатай мэдээг Монголкнаас оны эхэнд дуулгалаа. Тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар гурван тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь  оны эхнээс 2.5, өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Нөөц нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 20 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн Монгол Улын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөлсэн гэнэ. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ah 2018-01-07 12:55:34
    Huviin omch ni unen bol tor $tolj Erdenetiin omchlogchidiig hohirolgui bolgoh heregtei Ugui bol ene nugalaa,deerem b.o